Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын эцсээр өмнөд хөршид албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын бэлтгэл хангах ажлын хүрээнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй уулзжээ. Энэ үеэр талууд айлчлалын өмнө хоёр улсын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулахад бэлэн болж, Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын барилгын ажлыг эхлүүлээд буйг онцолсныг ЗТХЯ-наас мэдээлэв. Мөн Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих гүйцэтгэгчтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсныг дурджээ. Бас Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд АН-3, АН-4 чиглэлийн авто замаар ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн аж. Түүнчлэн хоёр улсын агаарын тээврийн харилцааг идэвхжүүлэх талаар санал солилцжээ.
Ташрамд дурдахад, “Монголын төмөр зам” ТӨХК нь баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулсан талаар баасан гарагт мэдээлсэн юм. Засгийн газрын 2022 оны 116 дугаар тогтоолын дагуу баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам” ХХК, “Чойбалсан-Хөөт-Бичигт төмөр зам” ХХК-ийг байгуулах хувьцаа эзэмшигчийн гэрээ байгуулжээ.
Бэлтгэсэн: Б.Сонор