Монгол, Канадын Засгийн газар хоорондын дугуй ширээний есдүгээр уулзалт өчигдөр боллоо. Монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан, Канадын талаас Олон улсын хөгжлийн сайд хатагтай Карина Гөүлд нар уг уулзалтыг нээж, үг хэлэв. Талууд цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, эдийн засгийг сэргээх, хямралыг даван туулах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцсон. Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг уул уурхайн бус салбарт нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцсан юм. Улмаар хөдөө аж ахуйн салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийн форумыг зохион байгуулахаар болов.
Манай тал зам, барилгынхаа салбарт Канадын стандартуудыг нэвтрүүлэх санал тавин ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийг бодитой хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ. Монгол Улсад хэрэгжүүлж буй Канадын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд нь байгалийн нөөцийн тогтвортой менежмент бүрдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах, хүчирхийллээс хамгаалах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, төрийн албаны чадавх, бие даасан байдлыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр үр дүнтэй хэрэгжиж байгаад сайд Б.Жавхлан талархал илэрхийлсэн. Канадын тал манай улсад хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа энэ үеэр онцлов.
Мөн иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны замын зураглалыг тохиролцсоноо нотолж, цаашид үүний дагуу төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг нь дугуй ширээний уулзалтаараа ярилцаж байхаар боллоо. Канад нь манай улсын уул уурхай, эрдэс баялгийн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2023 онд тохионо.
Бэлтгэсэн: Б.Уран