Нийслэлээс парламентад сонгогдсон 23 гишүүн Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилснаа өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Улаанбаатарт тулгамдсан эдийн засаг, нийгмийн олон асуудлыг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, холбогдох хууль, тогтоомжийн уялдааг хангах, боловсронгуй болгох нь эл түр хорооны үндсэн зорилго байх аж.
Төслөө өргөн мэдүүлсний дараа гишүүн Х.Ганхуяг, Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар мэдээлэл хийсэн юм. Гишүүн С.Бямбацогт Ховд аймгаас сонгогдсон ч тэднийг дэмжиж, тус түр хороонд багтаж ажиллах гэнэ. Мэдээллийн үеэр гишүүн Гишүүн Х.Ганхуяг “Түгжрэлийг эрс бууруулснаар нийгэм, эдийн засгийн олон асуудлыг давхар шийднэ гэсэн үг. Хотын явган хүний болон дугуйн замыг гадаадын улс орнуудын стандартад хүргэх, нийслэлийн аль ч дүүрэг, хэсэгт амьдарч байсан нэг стандартаар үйлчилгээ авах боломжоор хангаснаар Улаанбаатарыг түгжрэлгүй болгож чадна” гэсэн бол гишүүн Э.Бат-Амгалан “Өнгөрсөн хугацаанд нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд тойргийнхоо хэмжээнд ажиллаж ирсэн. Харин энэ удаа Улаанбаатарт тулгамдсан олон асуудлыг дүүрэг, нийслэл, Засгийн газрын хэмжээнд ярилцаж, цогцоор нь шийдвэрлэхийн тулд ажиллахаар санал нэгдлээ” хэмээгээд, үндсэн гурван асуудалд төвлөрч ажиллахаа онцолсон. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуух эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, нийслэлийн эдийн засгийн өнөөгийн байдлыг сайжруулах хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого, концесс, бонд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлэх, шаардлагатай бусад шийдвэрт хотын хөгжлийн асуудлуудыг тусгах чиглэлээр ажиллах юм байна.
Энэ өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга “Нийслэлийн төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, төсвийн хараат бус байдлыг нь хангах, татварын бүрэн эрхт байдлыг нь шийдэх, тайван амгалан амьдрах орчныг бүрдүүлэх гэсэн таван асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Түгжрэл, төвлөрөл, төсөв, татвар, тайван амгалан амьдрах нөхцөл буюу “5Т”-г шийдвэрлэх түр хороог байгуулах гэж байна. Үндсэн хуулийн 58.1-т “Нийслэл хот бол нийгэм, эдийн засгийн цогцолбор байна” гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, нийслэл корпорацын шинж чанартай ажиллана гэсэн үг. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өмчийн удирдлагыг бие даан хэрэгжүүлэх эрх олгосон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах шаардлагатай. Энэ түр хороо Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах ажлыг гардан хариуцахаас гадна хэрэгжилтийг хангахад анхаарах үүрэгтэй. Ингэснээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт биеллээ олж, Улаанбаатар хот “Азийн цагаан дагина” гэсэн нэрээ сэргээж авна” гэж байлаа.