Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, хөдөлгөөн, хөдөлмөр, хэл, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгохоор шийдвэрлэлээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа аргазүйч, багш, туслах багш, нийгмийн ажилтан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн газарт ажиллаж байгаа асрагчид сар бүр үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгохоор болов. Ингэснээр 120 эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, 30 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, 28 асрагч нэмэгдэл авах нь. Үүнд шаардагдах хөрөнгийг энэ оны төсөвт зохицуулалт хийх замаар шийдэж, цаашид жил бүрийн төсвийн төсөлд тусган санхүүжүүлэхийг сайд А.Ариунзаяа болон аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ АЖИЛЛУУЛАХЫГ ДААЛГАЖЭЭ
Энэ жил 40 420 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх аж. Тиймээс арванхоёрдугаар анги төгсөгчдийг ирэх долоо хоногоос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулахаар болов. Тэднийг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайдад даалгав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 6, 7-нд Өмнөговь аймагт ажилласан бөгөөд энэ талаараа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хилийн бүсэд халдвар гарсантай холбогдуулан “Ногоон бүс” түр журмыг нэг сарын хугацаанд мөрдөж, Гашуунсухайтын боомтыг хэвийн ажиллуулах, Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч, өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, тэдгээрийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгажээ. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын үлдэгдэл санхүүжилтийг ойрын хугацаанд үе шаттай шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг хэвийн үргэлжлүүлэх, хилийн боомтод Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах саналыг судлан шийдвэрлэхийг холбогдох албаныханд чиглэл болгосон аж.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТӨХӨӨРӨМЖИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ НЬ
Ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд импортоор оруулж ирэх, хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн албан татвараас хөнгөлөхөөр болжээ. Үүнд хамаарах 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар батлав. Түүнчлэн 2025 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд импортоор оруулж ирэх болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг НӨАТ-аас чөлөөлөх гэнэ. Үүнээс гадна дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалтад нэмэлт оруулах талаар судалж танилцуулахыг сайд З.Мэндсайханд даалгав. Өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн 51 байгууллага 326 орчим тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс худалдаж авснаа тайлагнасан байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн 0108 дугаар ангийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн, Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь хилийн 0166 дугаар ангийг хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Магнайн Батхуягийн нэрэмжит болголоо.