-ТӨК-иудын 44 хувь нь засаглалын хямралд орж, нийт ашгийн 85 хувийг 10 компани л бүрдүүлж байна-
“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, МИАТ, “Улаанбаатар төмөр зам”, “Хөдөө аж ахуйн бирж” зэрэг төрийн өмчит компанийн удирдлагын сарын цалин 20-30 сая төгрөг байдаг тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдэгдсэн билээ. Тэрбээр “Төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах, алдагдалтайг нь татан буулгах, нэгтгэх, мөн үргүй зардал, захирал, удирдлагуудын цалин хангамжийг бууруулах, ашигт ажиллагаанд нийцсэн цалингийн тогтолцоог боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулж, батлуулах чиглэл авсан. Бид төрийн өмчит 109 компани, үйлдвэрийн газрын тоог үе шаттай 20 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна” хэмээн өнгөрөгч наймдугаар сард Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Гэхдээ үүнд баярлахад эртэднэ.
Яамдын газрын дарга нар төрийн өмчит компанийг давхар удирддаг, ТУЗ нь улс төрийн томилгоонд автдаг, хараат бус хяналт сул манайх шиг нөхцөлд засаглалыг нь үнэхээр сайжруулъя гэвэл нэн түрүүнд улс төрчдийн гар, хөлөөс ангид байлгахгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Төрийн өмчит компаниудын ашгийн дөрвөн төгрөг тутмын нэг нь тэдгээрийн ТУЗ, удирдлагын цалинд “явдаг”, алдагдалтай ажилласан хэрнээ захирлууддаа 971.9 сая төгрөг үр дүнгийн урамшуулал нэрээр олгосон гэхчлэн булхай луйврыг нь тоочвол далай шүү дээ. Гагцхүү хэрэгтэй гэж үзсэн үедээ л хэргийг нь ухан гаргаж ирдэг улс төрийн тоглоомчид энэ талбарт дүрмээ тогтоодог.
Монгол Улсад төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) болон бизнес төлөвлөгөө, санхүүгийн гүйцэтгэлийн оновчгүй байдал, улс төрийн шууд нөлөө бүхий томилгоо, хүний нөөцийн бүтээмжгүй, чадамжгүй байдал зэргээс шалтгаалж, өдгөө үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өм¬ чит, тэдгээрийн оролцоотой 120 гаруй ТӨК-ийн 44 хувь нь засаглалын хямралд орж, ердөө 10 нь л нийт ашгийн 85 хувийг бүрдүүлж буй бол 43 компани 150 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж буйг өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард УИХын чуулганы танхимд онцолж байв. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулсан шалтгаан нь ийм бөгөөд өмнө нь 2022 онд үүнийг Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай нэртэйгээр Засгийн газраас УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлсэн боловч ТӨК-иудын лоббийд бүдрэн мухардсан тухай мөн онцлон тэмдэглэж билээ.
САЛБАРЫН БИЕ ДААСАН ХУУЛЬ Ч ҮГҮЙ, “ЭРЧИСТ МОНГОЛ” Ч ҮГҮЙ БОЛОХ УУ
Тэр үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламентын үед төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах чиглэлээр хууль эрх зүйн реформыг хийнэ” гэж ярих мөртлөө нөгөө талдаа ТӨК-иудыг удирдлага, менежментээр хангах үүрэг бүхий “Эрчист Монгол” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулж буйгаа нэг өдөр хамтад нь зарласан юм. Одоогоор Монголд мэндэлсэн отгон төрийн өмчит компани нь энэхүү “Эр¬ чист Монгол” бөгөөд бүх цахилгаан, дулааны станц, эрчим хүчний компаниуд, зам, тээвэр, холбоо харилцаа, үнэт цаасны зах зээл болон орон нутгийн төрийн өмчит газрууд гэхчлэн 44 хуулийн этгээдийг эгнээндээ нэгтгээд буй. Өөрөөр хэлбэл, уул уурхайн чиглэлийн төрийн өмчит компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдэлдээ хэвээр, бусад нь “Эрчист Монгол” нэгдэлд харьяалагдахаар зохион байгуулалт хийснээр төрийн өмчит компанийн бүтэц, чиг үүргийн давхардал арилж, үр ашиг нь сайжирч, зардал бууран, цаашид ТӨК-ийн тоо хоёр дахин цөөрөх боломжтой гэж үзэж. Мөн хувийн хэвшилд шилжүүлэх боломжгүй ТӨК-иудыг олон улсын засаглалын зарчимд нийцүүлж, бусдыг нь нэгтгэх, татан буулгах, эсвэл нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөхөөр дээрх хуулийн төсөлд тусгасан ч шинэ Засгийн газрын дүйвээнд “ширвүүлээд”, өдгөө хаа нэгтээ “тоосонд дарагдаад” хэвтэж буй биз.
Л.Оюун-Эрдэнийн ч, Г.Занданшатарын ч Засгийн газрын үед Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын даргаар тогтвортой ажиллаж буй Б.Цэнгэл дарга ямар сайндаа л “Өнгөрсөн 35 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн өмч хувьчлалын алдаа, оноонд дүгнэлт хийж, УИХ-аас баталсан хувьчлах үндсэн чиглэлүү¬ дийн хэрэгжилтийг дуусгавар болгох, Үндсэн хуулийн агуулгад нийцүүлэн төрийн нийтийн өмч, түүний төрөл, зүйлийг тодорхойлж, бусдад шилжүүлэх болон өмчийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх харилцааг өнөөгийн нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага, олон улсын туршлагын дагуу тогтоох асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлэх шаардлагатай” гээд ярьж байх вэ дээ.
Өмнөх Засгийн газрын “автортой” Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай, мөн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл аль аль нь дурдагдахгүй, байдаггүй ээ. Оронд нь хоёр өөр хуулиар зохицуулах гаргалгааг “олж”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тактик баримталж буй бололтой. Сингапурын “Темасек” холдингийн жишгээр үйл ажиллагааг нь төсөөлөн байгуулсан гэх нөгөө “Эрчист Монгол” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бараа сураг ч алдрах тийшээ хандав. 30 сая төгрөгийн цалинтай гэж адлуулсандаа Г.Амартүвшин захирал нь саяхан “Гурван сая төгрөгөөр төрийн өмчит компанийг удирдах захирал битгий хэл, шинжээч ч олдохгүй шүү” хэмээн гомдоллоод авна лээ. Эхэнд дурдсанчлан, “Эрчист Монгол”ын харьяанд нэгтгэн оруулсан МИАТ, “Улаанбаатар төмөр зам”, “Хөдөө аж ахуйн бирж” зэрэг нь Монголын хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын тоонд зүй ёсоор ордог.
ХАРААТ БУС ТУЗ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ НЬ САЙН ЗАСАГЛАЛЫН ҮНДЭС
Төрийн өмчит компаниудын засаглалыг бодитоор сайжруулахын тулд адаглаад ТУЗ-ийн гишүүдийг улс төрөөс ангид мэргэжлийн шалгуураар, ил тод нээлттэй сонгон шалгаруулалтаар томилдог байх тогтолцоо нэн чухал. Манайхны үлгэр авсан гээд байгаа Сингапурын “Темасек” холдингоос харахад ч төрийн өмчит компанийг мэргэжлийн хөрөнгө удирдлагын зарчмаар төвлөрүүлж, улс төрөөс ангид, үр ашигт чиглүүлдгээрээ дэлхийд жишигт тооцогддог. Тэд ТУЗ-ийн хариуцлагын гэрээ, гүйцэтгэлийн үнэлгээний системийг хэрэгжүүлж, хараат бус гишүүдийнхээ тоог 80 хувьд хүргэснээрээ онцлогтой. Манайд “Эрдэнэс Монгол” нэгдэл л 2023 онд ТУЗ-ийн хараат бус гишүүдийнхээ тоог арайхийн 49 хувьд хүргэсэн.
Хоёрдугаарт, санхүүгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх явдал. Монголд төрийн өмчит компаниудын санхүүгийн тайлан ил тод биш, хөндлөнгийн аудит байхгүйтэй адил сул. Иймд төрийн өмчит бүх компанийг IFRS буюу Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу тайлангаа гаргаж, олон нийтэд ил тод мэдээлж нийтлэхийг хуульчлах нь нэн түрүүнд хийх ажлын нэг гэнэ. 2019 оны тооллогоор ТӨБЗГ нь өдгөө 32 их наяд төгрөгийн өмчтэй гэх боловч тэдгээрийн үнэлгээ, ашиглалт, бүртгэл, хамгаалалт, үйл ажиллагааны болон санхүүгийн хяналт нь ямархуу байгааг өнөөдөр хэн ч анхаардаггүй.
“Тоолж чадахгүй бол хэмжиж чадахгүй” гэдэг. Гэтэл манайхан төрийн өмчит компаниудынхаа санхүүгийн тайланг бодитоор харж, мэдээгүй юм чинь яаж үнэлж, хэмжиж, хөрөнгөө хэрхэн удирдах нь ойлгомжгүй байх нь мэдээжийн хэрэг. Монголын төрийн өмчит компаниудын олонх нь зах зээлийн бодит өрсөлдөөнөөс ангид, зардлын хяналт сул учраас үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тухай ярих боломжгүй. Тиймээс зах зээлийн орчныг ТӨК болон хувийн хэвшлийнхэнд тэгш болгож, ижил нөхцөлд өрсөлдөх боломжийг хуульчилж өгөх нь энэ салбарт даруй хийх шаардлагатай томоохон реформын нэг байх учиртай. Үүн дээр нэмэх нь удирдлагын мэргэжлийн чадавх, ёс зүйг сайжруулан, ажлын гүйцэтгэлтэй нь уялдсан урамшууллын систем бий болгох явдал нэн чухал юм.
ТӨБЗГ-ЫГ УЛС ТӨРЧДИЙН САВРААС САЛГАХ ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ ХЭРЭГТЭЙ
2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Төрийн өмчийн хороог татан буулгаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ыг байгуулсан. Есөн жилийн хугацаанд ямар нэг өөрчлөлт, бодит нөлөө, үр дүн гарсангүй, байран дээрээ хий эргэсээр өнөөдөртөө золгов. Учир нь ТӨБЗГ-ын эрх мэдэл сул, статус нь тодорхой бус явж ирсэн. Бодлого боловсруулах үүрэгтэй ч бодит өмчлөгчийн үүрэг гүйцэтгэх эрхгүй, ТӨК-ийн томилгоо, төсөв, стратегид шууд нөлөөлж чаддаггүй, улс төрийн хамаарал их учраас бие даасан хяналт, тайлагналын механизм сул. Төрийн өмчит компаниудын тайланг формаль байдлаар авдаг ч гүйцэтгэлийн үнэлгээ, хариуцлагын систем байхгүй, мэргэшсэн хүний нөөц, мэдээллийн нэгдсэн дата баазын дутмаг байдал зэргээс үүдээд архирахаас хэтрэхгүй бас нэг “шүдгүй арслан” байх.
Зүй нь бол ТӨБЗГ-ыг Сингапурын “Темасек” шиг, эсвэл Английн “UK Government Investments”, Норвегийн “Norges bank investment management” шиг мэргэжлийн өмчийн менежментийн агентлаг болгон хуульчлах эхний хувилбар байж болох гэнэ. Ингэж албан ёсоор “төрийн өмчийн эзэмшигч байгууллага” болгосноор ТӨК-иудын ТУЗ-ийн томилгоо, хяналт, гүйцэтгэлийн үнэлгээг хариуцан, нэгдсэн өмчийн стратеги, хөрөнгө хуваарилалтыг тодорхойлохын зэрэгцээ Засгийн газар ба төрийн өмчит компаниудын хооронд “эзэмшиг¬ чийн гэрээ” байгуулж, илүү хариуцлагажуулах юм байна. Нөгөөтээгүүр, улс төрөөс ангид, бие даасан эрх зүйн хамгаалалттай агентлаг болгох хуулийн зохицуулалт ч байж болох шийдэл гэдгийг судлаачид зөвлөдөг. ТӨБЗГ нь одоогоор Сангийн яамны харьяанд, төрийн байгууллагын бүтэц дотор байдаг тул үүнийг төрийн өмчийн бие даасан корпорац болгож, ТУЗ-ийг нь УИХ-аар баталдаг, ТӨК-ийн гүйцэтгэлийг парламентад жил бүр тайлагнадаг болговол асуудал огт өөрөөр эргэх боломжтой аж. Ингэвэл ор нэр төдий байгууллага биш, бодит өмчийн менежер болж хувирна, үр дүнд нь улс төрийн нөлөө, авлига буурч, ТӨК-ийн бүтээмж болоод ашигт ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр ашиг нь нэмэгдэнэ.
Л.Аргамжин