АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр тус намын генсек С.Баярцогт цаг үеийн асуудлаар тайлбар өглөө. Н.Учралын Засгийн газарт АН хамтрах гэж буй, зургаан сайдын суудал амласан гэсэн мэдээлэл сүүлийн хэдэн өдөр гарч буй. Энэ талаар тэрбээр “Түүхэнд энэ хоёр нам хамтарч ажилласан тохиолдлууд бий. Гэхдээ тэр үед аль ч нам нь дангаараа олонх болоогүй байлаа. Өнөөдрийн хувьд бол эрх баригч МАН 68 суудалтай, мөн тэдний зүгээс ямар нэг байдлаар манай намд хандсан зүйл үгүй. Тиймээс хэвлэлээр гарч буй мэдээлэл ор үндэсгүй, худал. Хамтарсан Засгийн газар 2025 онд огцорсны дараа АН сөрөг хүчний байр суурийг баримтлахаа мэдэгдсэн. Үүндээ үнэнч хэвээр байна. АН Засгийн газарт орохгүй, тийм санал ч бидэнд ирүүлээгүйг албан ёсоор хэлье” гэв.
Мөн нийслэлийн төсөв, бонд, мега төслүүдийг шалгахын тулд нээлттэй сонсгол хийхийг сөрөг хүчин дэмжиж буй аж. Тэрбээр “АН засаглаж байхад нийслэл хотын төсөв нэг их наяд байсан бол өнөөдөр 5.8 их наяд болжээ. Нийслэлээс нийт 24 мега төслийг хэрэгжүүлнэ гэсэн, үүний зардал нь улсын төсвийнхтэй дүйж буй. Ийм хэмжээний санхүүжилтийн боломж, эдгээр төслийг хэрэгжүүлэх мэргэжилтний нөөц бий, эсэхийг ч ярих ёстой. Монгол Улс бол нэгдсэн төсөвтэй орон. Тиймээс эдгээр төслийг ач холбогдлоор эрэмбэлэх нь зөв. Түүнчлэн эдгээр мега төслийн ард авлига, албан тушаалын гэмт хэрэг нуугдаж буй талаар мэдээлж буй учраас шалгаж, нягтлах шаардлагатай. Утаа, түгжрэлийг шийдэх нь зөв ч аливаа төслийг нээлттэй, шударга, авлигаас ангид хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.
С.Уул