Австрали, Канадын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй хайгуулын компани болох “Kincora copper” Монгол дахь бүх охин компаниа худалдахаар 10 сая ам.долларын шаталсан хэлцэл эхлүүлснээ зарлав. Энэхүү хэлцлийн хүрээнд Монголын “Түмэн айл коул” компаниас эхний 1.5 сая ам.долларын буцаан олгогдохгүй урьдчилгаа төлбөр хүлээн авсан байна.
Өмнөговьд байрлах “Bronze fox” нэртэй зэсалтны ордуудыг хамарсан хөрөнгөө бүрэн шилжүүлэхээр болсон нь Австрали дахь хайгуулын үндсэн төслүүддээ төвлөрөх стратегийн нэг хэсэг гэж компанийн зүгээс тайлбарлажээ. Хоёр дахь шатны 3.5 сая ам.долларыг ирэх долоодугаар сарын 1-нээс өмнө хүлээж авах бол үлдэгдэл таван саяыг хувьцаа эзэмшлийн бүртгэл шилжсэний дараа гаргуулахаар тохирсон аж.
“Kincora copper” нь анх Канадын “Ivanhoe Mines”-ийн геологичид, хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор Монголын өмнийн говьд хайгуул хийж эхэлсэн компаниудын нэг. 2010-аад оны эхнээс Монголд идэвхтэй ажилласан тэдний хамгийн том төсөл болох “Bronze fox” нь Оюутолгой, Хармагтай, Цагаан суварга зэрэг томоохон порфирийн бүсэд хамаардаг. Тэднийг нэг үе Монголын зэсийн дараагийн “том тоглогч” болно гэсэн хүлээлттэй байсан ч санхүүжилтийн асуудал, зах зээлийн савлагаа, хайгуулын өндөр зардлаас болж Австралийн төслүүд рүүгээ төвлөрөх болсон гэдэг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд манайд өрнөсөн лицензийн маргаан, улс төрийн тогтворгүй байдал, татварын асуудал, эрх зүйн зохицуулалтын тодорхойгүй орчин ч хөрөнгө оруулагч нарт нөлөөлж буйг шинжээчид дүгнэжээ.
Нөгөөтээгүүр, “Түмэн айл коул” шиг дотоодын компаниуд гадаадын хайгуулын актив худалдан авч эхэлж байгаа нь Монголын уул уурхайн капитал дотооддоо төвлөрөх шинэ хандлага гэж эерэг талаас нь авч үзэх хэсэг ч байна.
Г.Сансар