Байгуулагдаад зургаан долоо хонож буй Н.Учралын Засгийн газрыг огцруулах оролдлого өрнөж эхлэв. Үүний шалтгаан нь хотод байгуулсан “вант улс”-ыг Ерөнхий сайд задалж, өөрийгөө “хаан” хэмээн эндүүрсэн Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлсөн явдал. Эрх мэдлээ хэтрүүлсэн, ажил үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг чөлөөлснөөрөө Засгийн газрын тэргүүн “үеэлүүдийн хортой хоршил”-ын сүүлийн таван жилд бүтээсэн сүлжээг нураасан юм. Тиймээс тэд улс төрийн хариу акцаа эхлүүлжээ. Н.Учралын танхимд багтсан Л.Оюун-Эрдэнийн сайд нар Ерөнхий сайд руугаа оодорч буй сурагтай. Мөн “Удахгүй энэ танхим тарж, АН-тай хамтрал үүсгэнэ” гэсэн мэдээлэл цацаж буй нь нэгийг хэлнэ.
Х.Нямбаатарын хэрэгжүүлэх гэж улайран зүтгэсэн “Туулын хурдны зам” төслийг зогсоохын төлөө иргэд хоёр сар гаруйн хугацаанд жагсаж, тэмцэж, огцрохыг шаардсан юм.
Учир нь хотын дарга нь иргэдийнхээ үзэл бодлыг сонсохын оронд тэдний эсрэг жагсаж, голлон оролцож буй хүмүүсийг гутаах, харлуулах бүтэн баг ажиллууллаа. Засгийн газраас асуудлыг хуулийн байгууллагаар шалгаад эцэслэх хүртэл дээрх төслийг зогсоох шийдвэр гаргасан байхад ч үл тоож, нийслэлийн ИТХ-аар үүнийгээ дэмжүүлэх гэж “хор найруулсан”. Уг нь олон нийт түүнийг эсэргүүцсэн, үнэлгээгээ өгсөн учраас Ерөнхий сайд зүй ёсны шийдвэр гаргасан хэрэг.
ОРДОНД БҮДГЭРЧ, ГАДАА НЬ ТОДОРСОН СӨРӨГ ХҮЧИН
2024 оны сонгуулийн үр дүнгээр АН парламентад 42 суудал авч, хүчтэй сөрөг хүчний байр суурьд ирсэн юм. Гэвч тэд эрх мэдлийг илүүд үзэж, Л.Оюун-Эрдэнийн танхимд хамтарсан түүх бий. Найман сайдын суудлаар сөрөг хүчний хяналт, хариуцлагыг сольж, түүний “улаан хамгаалагч” болж хувирсан. Ингээд сөрөг хүчингүй улс болов. Улмаар Ерөнхий сайдын хүүгийн тансаглал ил болж, залуус орлогоо нотлохыг Засгийн газрын тэргүүнээс шаардаж жагссан юм. Өнөөх нь орлогоо нотолж чадсангүй. Харин ч зүй ёсны энэ шаардлагыг улс төрөөс хэдийн явсан Ц.Элбэгдоржтой холбон хадуурч, иргэдийг “ялаа”гаар дуудан доромжилсон. Мөн сөрөг жагсаал хийж, эсэргүүцэгчдийг нийгмийн сүлжээ, гэрээтэй сайтуудаараа гүтгэж, юу эсийг хийв. Үеэл ах, дүү нарын уламжлалт арга юм даа.
Залуус “Огцрох амархан” жагсаалыг зохион байгуулалттай, сөрөг “довтолгоо”-нд авталгүйгээр, маш тууштай сар орчим үргэлжлүүлсэн. Өөрөөр хэлбэл, тэд Засгийн газраас хариуцлага нэхэж, шударга ёсыг шаардан АНын хийх ёстой ажлыг сайн дураар гүйцэтгэсэн юм. 2021 оноос хойш таван жил Ерөнхий сайд хийсэн хүнээс ажлын хариуцлага нэхэх нь зүйн хэрэг. Уг нь АН-ынхан Засгийн газарт багтаж, эрх мэдэл хуваалцаж суухын оронд түүний танхимын бурууг шүүмжилж, зөвд чиглүүлэх ёстой байсан билээ. Тэр он жилүүдэд иргэдийн амьдрал улам бүр уруудаж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө илт хумигдаж байсан юм. Иргэдийн эсэргүүцлийг хүлээж авахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түлхээс болсон. Л.ОюунЭрдэнийн Засгийн газарт итгэл үзүүлэх, эсэх асуудлыг чуулганаар хэлэлцэж байх үед тэрбээр оролцож, сануулга өгснөөр уур амьсгалыг эргүүлсэн шийдвэр гаргуулж чадсан юм.
Иргэдийн хийсэн сонголт, итгэлийг хүндэтгээгүйнхээ горыг АН-ынхан 10 сарын дараа л амссан. Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолж чадаагүйн буруутнаар энэ намыг “тодруулж”, Засгийн газраасаа “хөөв”. Тэр ганцаараа унахыг хүссэнгүй. Ийнхүү АН-ынхан том сургамж авч, сөрөг хүчний байр суурин дээрээ буусан. Үүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Тэд үндсэн үүргээ биелүүлж чадсан уу. Х.Нямбаатар иргэдээ загнаж, бүр эсрэг тэмцэж, Засгийн газрын шийдвэрийг үл тоож байхад сөрөг хүчин хаана байсан бэ. Тэд эрх биш дуугүй суугаагүй. “Туулын хурдны зам” төслийн төсөвт өртөг анх батлагдсанаасаа өсөж, 2.3 их наяд төгрөг болсон, байгаль орч ны үнэлгээ хангалттай хийгээгүй зэрэг үндэслэлээр зогсоох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Мөн гишүүн Ч.Лодойсамбуу уг төслийн гүйцэтгэгч компанид хууль бус баталгааг үндэслэн төсвийн мөнгөнөөс 500 тэрбум төгрөг шилжүүлсэн баримтыг илчилж, Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж байлаа. Хоёр удаа мэдэгдэл хийгээд л АН-ынхны акц дуусчихсан. Харин иргэн Г.Уянга тэргүүтэн нийгмийн сүлжээгээр дарамтлуулж, шүүмжлүүлэн байж тууштай тэмцсэн. Энэ тохиолдолд АН-ын сөрөг хүчний дүр төрх тун бүдэг, бэлгэдлийн төдий байсан бол байгаль орчноо, Туул голоо аврах хүслээр нэгдсэн иргэд жинхэнэ сөрөг хүчин хийсэн юм. Ерөнхий сайд Н.Учрал ч иргэдээ сонссон.
Улс төрийн өнцгөөс харвал дээрх хоёр жишээний аль аль нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учралын бүлэглэлд хэрэгтэй шийдвэр байсан. Гэхдээ хамгийн чухал нь олон нийт хүсэж, шаардсан шийдлийг тэд хэрэгжүүлсэн явдал. Төрийн ордонд АН сөрөг хүчнийг төдийлөн сайн хийж чадахгүй байгаа бол гадаа нь иргэд энэ ажлыг амжилттай гүйцэтгэсэн хоёр ч жишээ ийм байна.
Б.ЭНХБАЯР: АН-Д САНАЛ ТАВИАГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАРТ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХГҮЙ
Г.Занданшатарын болон Н.Учралын танхим солигдон байгуулагдах үед ч сөрөг хүч нийг шинэ танхимд багтаах, эсэх тухай асуулт гарсан. АН-ын дарга О.Цогтгэрэл тэр бүрд “Үгүй” гэдэг хариултаа давтсаар байгаа. Эдү гээ тэрбээр хувийн шалтгаанаар гадаадад яваа гэнэ. Тэр зуурт нь Л.Оюун-Эрдэнийн бүлэглэлтэй харилцаа хурцадсан учраас Н.Учрал танхимаа тогтвортой байлгахын тулд АН-д зургаан сайдын квот өгөхөөр ярьсан гэсэн мэдээлэлд АН-ын гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлж буй.
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар “АН зодуулчхаад эргэж очдог айлын эхнэр шиг Засгийн газарт буцаж орохгүй. Харин МАН-ынхан бид засаглаж чадахгүй гэвэл өөр хэрэг” гэжээ. Гишүүн Ч.Лодойсамбуу “Манай намынхан, бүлгийн гишүүд дуугүй байцгаа. Энэ бол МАН-ын өөрсдийнх нь асуудал. Энэ яриаг би АН руу аваачмааргүй байна. УИХ-д МАН 68 гишүүнтэй, олонхыг бүрдүүлж буй нам биз дээ. Тэд Засгийн газраа гурав дахь удаагаа солих гэж байгаа бол, төр барьж чадахгүй юм бол тэрийгээ зарла. Хүчрэхгүй нь гэдгээ хэлэг. Тэр болтол АН-ынхан чимээгүй байсан нь дээр. Чадахгүй бол дахин сонгууль явуулна, эсвэл улс орноо бодоод АН-д Засгийн газраа өгөг” гэжээ. Гэвч АН олон фракц, эсрэг, тэсрэг үзэл бодолтой гишүүдтэй нам. Тэдний дунд сайд болох сонирхолтой хэсэг хэзээд байсаар ирсэн. Тиймээс ч тэр хэсэг нь дээрх яриаг МАН дахь 1980-аад оны бүлэглэлтэй хамтран өдөөж байхыг үгүйсгэхгүй. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асан М.Тулгат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Н.Учралын Засгийн газрын баримталж буй бодлого АН-ынхтай ойролцоо байгаа учраас хамтрахыг эсэргүүцэхгүй” гэжээ. Бас хамтарвал хэдхэн сар насална гэдгийг тэр ярьсан байна лээ. Богино хугацаанд ч хамаагүй сайдын суудалд заларч, намтартаа мөр нэмүүлэх хүсэл цөөнгүй улс төрчид бий биз ээ. Харин Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Ерөнхий сайд АН-тай хамтрах талаар огт яриагүй, Засгийн газарт халаа сэлгээ хийхгүй гэсэн” хэмээжээ. Тиймээс дээрх мэдээлэл нь МАН доторх бүлэглэлийн улс төрийн акц гэдгийг харуулж буй юм.
АН-ынхан өмнө нь нэг удаа алдсан. Тэд иргэдийн итгэлийг үл тоомсорлосныхоо хариуг 2024 оны орон нутгийн сонгуулиар хүртэж, нийслэлийн ИТХ-д найман төлөөллөөс таван суудалтай болсон. Гэхдээ сөрөг хүчний байр сууриндаа эргэн ирэхэд нь олон нийт дэмжиж, дахин нэг удаа итгэсэн юм. Хэдийгээр хангалттай сөрж чадахгүй байгаа ч эрх баригчдын алдааг засаж, иргэдийнхээ талд зогсох ахин хоёр жилийн хугацаа тэдэнд байна. Хэрэв одоо Засгийн газарт хамтарвал 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуулиар энэ нам арчигдана. Тиймээс дотроо талцаж, Засгийн газар, УИХ, нийслэлийн Засаг дарга зэрэг байж болох бүх л албан тушаалтнаа хэдэнтээ сольж, төрийн ажил, иргэдийн амьдралыг хөлдөө чирч буй МАНынхны балгийг бүү хуваалц. Ялыг нь тэдэнд өөрсдөд нь үлдээ, үүрэг, хариуцлагыг нь бүтэн үүрүүл. Даацтай сөрөг хүчин байвал дараагийн сонгуулиар төрийн эрх баригчийн дүрээр эргэн ирж чадна. Ийм боломжоо хэдхэн сарын настай сайдын суудлаар солих гэнэн сонголт хийхгүй байх хэмжээнд АН-ынхан “том болсон” гэж найдна.