Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол Улсын зөвлөх агрономич О.Мөнхжаргал
Монгол оронд газар тариалангийн үйлдвэрлэл, судалгааны ажил эрчимтэй өрнөж ирсэн сүүлийн 60 гаруй жилд тосны таримлуудын судалгаа нэлээд өргөн хүрээтэй явагдаж, тариалах бүс нутгийг тогтоох, тохиромжтой таримлын төрөл, сортыг сонгон шалгаруулах зорилт үндсэндээ хэрэгжиж эхэлсэн. 1980-аад оны сүүлчээс манайд тосны ургамлыг тариалж, ургамлын тос дотооддоо үйлдвэрлэх талаар төр, засгийн олон тогтоол, шийдвэр гарч хэрэгжүүлж байлаа.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1988 оны есдүгээр сарын 22-ны өдрийн “Халх голын районы талаар авах зарим арга хэмжээний тухай” 231 тоот тогтоолоор Халх голын районыг үр тариа, малын уурагт тэжээл бэлтгэх, ургамлын тос үйлдвэрлэх чиглэлээр хөгжүүлэх болсонтой холбогдуулан 1989 оноос эхлэн 200 га-гаас доошгүй талбайг усалж уурагт болон тосны ургамлын үр үйлдвэрлэх арга хэмжээ авсан. Мөн БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн “Тосны ургамал тариалж, ургамлын тос үйлдвэрлэх зарим арга хэмжээний тухай” 320 тоот тогтоолоор хүн амын хүнсний хангамжийг сайжруулах “Ургамлын тос” хөтөлбөрийг баталж, услалтын систем байгуулан, ашиглалтад оруулж, тосны ургамлын таваарын үр ургуулахаар шийдвэрлэсэн түүхтэй.
Эхэндээ бид эрдэмтэн А.Хүчитийн удирдлагаар харьцангуй дулаан, усны хангамж сайтай Буйр нуурын эрэг орчимд 10 га талбайг байгуулж наранцэцэг, зусах рапс, шар буурцаг, эрдэнэшишийн эрдэм шинжилгээний судалгаа, үйлдвэрлэлийн ажлыг гүйцэтгэсэн юм. Тус хү¬ рээлэнгийн ахмад агрономч Аюурзана гуай бид хоёр анх эзгүй хээр зэлүүд хязгаар нутагт эсгий гэрт хамт амьдарч, тосны таримлуудыг тариад, Буйр нуураас СНП-50/80 насос станцаар ус авч нэг км газарт төмөр хоолойгоор ус дамжуулан талбайд хүргэж, сувгаар гүйлгэн түүнээсээ ДТ-75 гинжит тракторын ард ДДН-70 бороожуулагчийг зүүж, вакуумаар усыг соруулан усалгаа хийдэг байсан. Талбайнхаа гадуур болон доторх сувгийн дагуу ойн зурвас байгуулсан нь маш сайхан ургасан. Талбайнхаа нэг хэсэгт эрдэм шинжилгээний туршилт судалгааны ажлыг гүйцэтгэж, дөрвөн таримлын 40 гаруй сортыг тарьж судлан, таримал ургамлын генофондод гадаадын улс орнуудын 100 гаруй сорт, дээжүүдийг тарьж үр үржүүлэв. Гэхдээ бидний ажил тийм дардан байгаагүй ээ. Нэлээд бэрхшээл тулгарсан. Нуурын эргээс насос станцаар шууд ус татах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл нуур өөрийн биологийн онцлогтой. Давлагаагаараа их хэмжээний замгийг эрэг рүүгээ салхины ноёлох чиглэлд гаргаж хаядаг. Энэ нь бидэнд ус татахад маш их бэрхшээл учруулж байсан. Тиймээс нуурын эргийн хажууд шинээр цөөрөм байгуулж, замгаас хамгаалах төмөр тор тавьж, усалгааныхаа асуудлыг шийдэж байв. Үүнийг хүрээлэнгийнхээ бүхий л ажилтан, ажилчдын хүчээр хийдэг. Мөн усалгаа хийдэг учраас тэндхийн шумуул бидний ажилд маш их саад учруулдаг байсан. Түүнчлэн Тамсаг булагт өвөлжсөн Халх голын малчид малтайгаа хамт зусландаа усаа дагаж, Буйр нуурын эрэгт ирдэг юм. Түүнийг дагаж чоно их ирдэг байсан тул шөнөдөө биднийг холхон ч бие засуулдаггүй байсан. Гэвч бид энэ мэт бэрхшээлийг даван туулж, тосны ургамлыг ургалтын хугацаанд нь хангалттай хэмжээгээр усалгаа хийж чадсанаар чийг, дулааны харьцаа сайн бүрдэж таримлууд биологийн чадавхиа сайн бүрдүүлж ургасан юм.
Тэр жилийн намар нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат агрономч Ш.Гунгаадорж гуай ХААЯны сайд байхдаа бусад орлогч сайдуудынхаа хамт туршлага үйлдвэрлэлийн талбайн хажууд нисдэг тэргээр бууж бидний ажилтай танилцаж, өндрөөр үнэлж, тосны ургамлын дээжүүдийг авч явж тухайн үеийн НТХ-ны улс төрийн товчоонд танилцуулж бид ТЭЗҮ-ийг нь хийснээр Буйр нуурын эрэгт инженерийн хийцтэй 200 га услалтын системийг байгуулан, талбайгаа хэд дахин өргөжүүлж, эрчимжсэн нөхцөлд тосны таримлуудын үр үйлдвэрлэлийг явуулсан юм.
Гэсэн ч нөгөө л Буйр нуураас ус татах ажил бэрхшээлтэй хэвээрээ байсан. Энэ усалгааны системийг байгуулахад Монголын нэртэй, чадвартай бүх л усны инженерүүд ирсэн. Бүхэл бүтэн бригад болж, зунжингаа ажилладаг байлаа. Тэдний тусламжтайгаар бид услалтын системийн ил болон далд сүлжээгээ байгуулж, талбайдаа “Фергат” (ДМУ-463Б) маркийн машин гурвыг байрлуулж, усалгаагаа хийхэд бэлэн болгосон. Усалгааны “Фергат” машин талбай дахь хөдөлгөөнгүй тулгуураас усаа авч цагийн зүүний дагуу эргэхдээ 75 га талбайг услах хүчин чадалтай. Бид гурван “Фергат” машинаар 225 га талбайг услахын тулд уртаашаа гурван км, өргөөшөө нэг км, нийт 300 га талбайг ашиглахаар болж, мөн л салхины ноёлох чиглэлд ойн зурвас байгуулж, тосны ургамлыг үйлдвэрлэлийн хэмжээнд тариалсан. Эдгээрийг бүрэн хүчин чадлаар ажиллуулахын тулд нуурын эрэгт СНП75/100 насос станц дөрвийг байрлуулж ус татаж гурван бороожуулагчийг ажиллах хэмжээний усыг талбайд хүргэх ажлыг хийж байв.
Инженерийн хийцтэй 200 га услалтын системийг дагаж, цоо шинээр трактор, комбайн, тосны ургамал тариалах зориулалтын үрлүүр, хураах дагалдах төхөөрөмж, үр цэвэрлэгээний машин, түлш цэнэглэгч, гагнуурын аппарат, вагон сууц гэх мэт 200 га талбайд үйлдвэрлэл явуулах хангалттай хэмжээний бүхий л зүйл ирснээр бидний ажил өрнөж эхэлсэн. Түүнчлэн олон төрлийн тосны ургамлын үрийг тарих зориулалттай ОХУ-ын орчин үеийн хийн шахуургатай СУПН-8 үрлүүрийг туршлага, үйлдвэрлэлийн ажилд тохируулан анх ашиглаж байлаа. Ингэж л бид судалгаа шинжилгээ, туршилт үйлдвэрлэлийнхээ баазыг бий болгосон.
Нэгэнт усалгаатай нөхцөлд наранцэцэг, шарбуурцаг, рапсын олон зуун тонн үр үйлдвэрлэсэн учраас цаашид бидэнд ургамлын тос гаргаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавигдаж, Новосибирск рүү явж ПШМ250 маркийн жижиг оврын тос шахагч хоёр машин оруулж ирж, ургамлын тосны жижиг цех байгуулан Монголд анх удаа 50 гаруй тонн ургамлын тос гарган авч улсад тушааж байлаа. Дараа нь бид эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа Дорнод аймгийн Чойбалсан хот орчимд Хэрлэн голын эрэг дагуу шилжүүлж үргэлжлүүлэн явуулсан түүхтэй.
Миний хувьд нөхөдтэйгөө хамтран эрдэм шинжилгээний судалгааны чиглэлээр шинжлэх ухааны технологийн олон төслүүдийг хэрэгжүүлж үр дүнд хүргэсэн. 1987-1990 онд ХалхголБуйр нуурын орчимд “Усалгаатай нөхцөлд тос, техникийн ургамал тариалах технологийг боловсруулж, үр үйлдвэрлэх” судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэсний үр дүнд тосны төрлийн таримлуудыг цаашид усалгаатай нөхцөлд үйлдвэрлэлийн чиглэлээр өргөн тариалах шинжлэх ухааны үндэслэлийг гаргасан.
1991-1995 онд Засгийн газрын “Ургамлын тос” хөтөлбөрийн хүрээнд “Дорнод талын нөхцөлд тосны таримлуудын сортуудыг судалж, шалгаруулан тэдгээрийг тариалах агротехникийг боловсруулах” сэдэвт ажлыг гүйцэтгэж, Халхгол, Буйр нуур болон Чойбалсан орчмын Хэрлэн голын сав газраар усалгаатай талбайд тосны төрлийн 10 таримлын дэлхийн янз бүрийн улс орнуудаас гаралтай 100 гаруй сортуудыг судалж шалгаруулах, тэдгээрийг тариалах технологиудыг боловсруулан эрдэм шинжилгээтуршилт зохион бүтээх ажлын таван жилийн дууссан ажлын тайланг ХААИС-ийн Эрдмийн зөвлөл болон ХХААЯ-ны коллегиор хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулж дээрхи “Ургамлын тос” хөтөлбөрийн агуулгад тусгуулж байлаа.
1991 оноос тос, техникийн ургамлын Монгол дахь зохицуулагч (координатор)-оор ажиллан ШУТ-ийн “Генофонд” төслийн хүрээнд тос, техникийн ургамлын цуглуулгад дэлхийн янз бүрийн орны экологиос гаралтай шинэ төрлийн таримал, сорт, дээжүүдийг тарьж туршин шалгаруулж, тоо баримтаар баяжуулах, нутагшуулан, үрийг шинэчлэн сэргээх ажлуудыг хариуцан гүйцэтгэж, тосны ургамлын генийн нөөцийн санг бүрдүүлсэн. 1996-2000 онд Шинжлэх ухаан технологийн “ХАА-н таримал ургамлын агробиологийн үндэслэл” төслийн хүрээнд тосны таримлын шилдэг сортуудыг эрчимжсэн нөхцөлд тариалах агротехникийн зарим асуудлыг боловсруулах үрийг үржүүлэх комплекс туршилт (усалгаа, бордоо гэх мэт) судалгааны ажлыг гүйцэтгэсэн юм. Мөн 2001-2003 онд хэрэгжүүлсэн “Таримал сагад болон тосны ургамлын сорт судалгаа” сэдэвт ШУТехнологийн төслийн ажлын хүрээнд усалгаатай нөхцөлд дээрх таримлуудын сортуудыг судалж шалгаруулах, үр үржүүлэх ажлыг гүйцэтгэн Монгол оронд таримал сагад болон тосны зарим таримлыг ургуулах технологийг боловсруулсан.
Сүүлд гэхэд 2012-2014 онд хэрэгжүүлэх ШУТийн “Ургамлын гаралтай түүхий эд ашиглан биологийн идэвхит хүнсний нэмэлт гарган авах технологи” төслийн багт судлаач эрдэмтнээр ажиллаж, Монгол орны газар тариалангийн үндсэн бүс нутгуудад шар буурцгийн сортуудыг шалгаруулж, нутагшуулах, үрийг нь үржүүлэх, тариалах үеийн агротехникийн аргуудыг тогтоох, байгаль экологид үзүүлэх нөлөөлөлийг судлах ажлыг хариуцан гүйцэтгэж байлаа.
Миний хувьд Япон, БНСУ, БНХАУ, БНТУ, ХБНГУ зэрэг оронд ургамлын аж ахуй, газар тариалан, тос ургамлын чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Мөн бидний судалгаа, үйлдвэрлэлийн ажилтай танилцахаар Монголд ирсэн Энэтхэг, ОХУ, БНХАУ-ын тосны чиглэлийн эрдэмтэн профессорууд туршлага солилцож, тэднээс туслалцаа авч байлаа. 2008-2009 онд Монголд хэрэгжүүлж буй Канадын “Орон нутагт аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх нь” Олон улсын төслийн хүрээнд “Монгол оронд канолаг ургуулах боломж”, 2009-2010 онд “Буурцагтан ургамлын сорт судалгаа” төслүүдийг хамтран гүйцэтгэсэн. Мөн 2013-2015 онд Герман-Монголын хамтарсан “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд зусах рапсын шинэ сортууд болон тэдгээрийн тариалах агротехникийн зарим аргуудыг судлах ажлыг гүйцэтгэж үр дүнгээр нь гарын авлага зөвлөмж боловсруулсан.
Мэдлэг, ур чадвар, туршлагаа хойч үеийнхэнд үлдээх чиглэлээр ургамал газар тариалан, тос техникийн ургамлын чиглэлээр шинжлэх ухааны доктор (Sc.D) хоёр, боловсролын доктор(Ph.D) дөрөв, хөдөө аж ахуй, хими технологи, боловсрол судлалын чиглэлээр магистр 12, бакалаврын дипломын ажил 34-ийг удирдан хамгаалуулж, дараа дараагий шавь нараа бэлтгэсэн.
Монгол Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д бүс нутгийн хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон хүнс, техник, тос, тэжээлийн таримлын нэр төрлийг олшруулж, тэдгээрийн нутагшсан сортын үр үйлдвэрлэж, ургамлын гаралтай хүнс, тэжээлийн амин дэм уургийн хангамжийг сайжруулах ургамлын тосны дотоодын хэрэгцээний тодорхой хэсгийг хангаж, стратегийн болон импортыг орлох хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэхээр заасан. Энэхүү баримт бичигт дээрх арга хэмжээг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний үе шат буюу 2003-2008 онд ургамлын тосны 5-7 хувийг, хоёр дахь шат буюу 2008-2015 онд газар тариалангийн үйлдвэрлэл эрчимжсэнээр ургамлын тосны 10-15 хувийг дотоодын үйлдвэрлэлтээр хангаж, гадаадын зах зээлд экологийн цэвэр бүтээгдэхүүнээр өрсөлдөх боломжийг бүрдүүлэхээр заасан байгаа.
Миний хувьд 2005 оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд газар тариалангийн төв болон зүүн бүсийн нийт найман аймгийн 70 гаруй аж ахуйн нэгж, компани, иргэдийн 128.2 мянган га-д тосны ургамал тариалж, 55.4 мянган тонн ургац хураан авах ажилд зөвлөхөөр ажилласан. Бидний олон жилийн судалгааны үр дүн, технологи, гарын авлага, зөвлөмжүүд үйлдвэрлэлд нэвтэрснээр тосны ургамлыг одоо жил бүр 80-130 мянган га талбайд тосны ургамал тариалдаг болсон. Энэ нь Монгол Улсын хүн амын жилийн хэрэгцээ болох 23.0 мян/т ургамлын тосыг хангах хэмжээний үйлдвэрлэлийн талбай юм.
Засгийн Газрын 36 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрт ургамлын тосны үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр тусгагдсан. Энэ ажлын хүрээнд бид олон жилийн судалгааны үр дүнгээ инновацын шинэ бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэхэд анхаарч, ургамлын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дельта” ХХКтай 2011 оноос хамтран ажиллаж, “Mind Tech” ХХК ургамлын тосны “Сэлэнгэ” үйлдвэрийг байгуулахад мэргэжлийн зөвлөхөөр ажиллаж, тосны ургамлын сайн сортын чанартай үрээр хангах ажлыг хариуцан гүйцэтгэсний үр дүнд одоо хүн амын хүнсний хэрэгцээт ургамлын тосны 30 хувийг “Эзэгтэй”, “MOREMORA” брендийн ургамлын тосоор дотоодоосоо хангаж байна. Цаашдаа бид улс орныхоо хүн амын ургамлын тосны хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангахаар ажиллаж байна.