Шинээр бүрдсэн Засгийн газарт ХҮН намыг төлөөлөн орсон хоёр гишүүний нэг П.Наранбаяр маш хүнд салбар хүлээн авав. Харин сайдын “авшиг”-тай Л.Энх-Амгалан хоёр дахь яамаа даргалахаар явж, боловсролын салбар нь бахь байдгаараа үлдлээ. Улсын хамгийн чухал уг салбарын сайдын тамгыг сүүлийн гурван жил атгасан ч тэрбээр удаан хугацаанд ужгирсан асуудлуудыг төдийлөн нимгэлж чадсангүй. Тэгсэн атлаа дэвшээд ч байгаа юм шиг дараагийнхаа яамыг удирдах нь зөв үү.
Л.Энх-Амгалан өнгөрсөн хугацаанд өчнөөн асуудлыг шийдэхээ илэрхийлсэн, олон ч амлалтыг бидэнд өгсөн. Харамсалтай нь, тэдгээр нь улс төрийн шоу, худал амлалт байсан нь одоо илэрлээ. Тэгвэл Боловсролын шинэ сайд П.Наранбаяр түүний хэрэгжүүлж чадаагүйг үргэлжлүүлэх үү, эсвэл эл салбарыг дахиад л самрах уу гэдэг асуулт бидний өмнө байна.
АМРАХААС ӨӨРИЙГ МЭДДЭГГҮЙ
“Наадам, Цагаан сарын үеэр урт амарвал ямар вэ. Үндэсний наадмын болон Цагаан сарын баярын өдрүүдэд харьцангуй цөөн хоног амраад ажил эхэлдэг учраас төрийн байгууллагуудын бүтээмжид муугаар нөлөөлдөг”. Энэ бол Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг удирдахаар 10 гаруйхан хоногийн өмнө тамгаа аваад буй Л.Энх-Амгалангийн хийцгүйрэл. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт цахим хуудсандаа ийнхүү бичсэн байв.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь боловсролын салбарынхаас дутахгүй асуудалтай, хүндрэл бэрхшээлтэй, нэг хором гэж алгуурлалгүйгээр шийдэх зүйл хүүхдийн эрхийг хамгаалахаас эхлээд олон бий. Гэтэл сайдаар томилогдсон эрхэм нь тамгаа авангуутаа амралт сунгах санаачилга гаргаж байна. Уг нь монголчуудад амралт ер багадаагүй. Харин ч ихдээд байгаа.
Амралт сунгах санаачилга гаргадаг нь Л.Энх-Амгалангийн гол ажил гэхэд болно. Цар тахлын улмаас хүүхдүүдийг хоёр жил гаруйн хугацаанд танхимын сургалтаас хөндийрүүлж, үндсэндээ боловсролын салбарт хоцрогдол үүсгэсэн. Ингээд зогсохгүй цар тахлын дараа ч халдвар дахин тархана хэмээн болгоомжлох нэрийдлээр хүүхдүүдийг байсхийгээд л гэрт нь “хорьчих” гээд байв. Тэр бүү хэл, өвчин зовлонгүй, энх цагт хүртэл хүүхдүүдийн хичээлийг тасалдуулсан жишээ бий. Эргэн сануулахад, тэрбээр өнгөрсөн өвөл “Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулна” гэж гэнэт шийдвэрлэсэн удаатай. Хачирхалтай нь, тухайн үед ханиад, томуугийн тархалт хүүхдүүдийг гэрт нь “түгжих” хэмжээнд хүрээгүй байсан билээ. Харин Боловсролын шинэ сайд ядаж л хүүхдүүдийн хичээлийг ийм маягаар тасалдуулахгүй байх гэж найдъя. Учир нь тэрбээр өнгөрсөн өвөл хүүхдүүдийг цахимаар хичээллүүлэхийг эрс эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг юм.
БИЕЛЭЭГҮЙ АМЛАЛТУУД
Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдын албан тушаалыг 2021 оны нэгдүгээр сарын 30-нд хүлээн авч байв. Түүнээс хойш хэдийн гурван жил таван сарыг ардаа үджээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр боловсролын тэгш бус байдлыг арилгаж, сургалтын, сурлагын чанарыг сайжруулна гэж амласан. Гэвч ийм өөрчлөлт хийж чадаагүйг 2022 онд манай улс анх удаа хамрагдсан олон улсын PISA үнэлгээ нотолно. Монгол сурагчид математик, байгалийн ухаан, унших чадвар гэсэн гол үзүүлэлтээр олон улсын дунджаас 2-5 жилээр хоцорч явааг дээрх үнэлгээний үр дүн илчилсэн юм. Үнэлгээнд тулгуурлан арга хэмжээ авч, сурлагын хоцрогдлыг нөхнө гэж сайд Л.Энх-Амгалан, салбарын яамныхан, холбогдох байгууллагынхан нь гээд амтай болгон уг нь ярьж байсан сан.
Яг үүнтэй адил мартагдсан амлалт бол цар тахлын үед хоёр жилээр тасарсан сурлагын хоцрогдлыг нөхөх арга хэмжээ юм. Улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллага хоёр жил цахимаар хичээллэсэн нэртэй оромдсон. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулиудын хэмжээнд гар утас, компьютер зэрэг төхөөрөмжгүйгээс хоёр хүүхэд тутмын нэг нь цахим хичээлийн гадна үлдсэн билээ. Ингэснээр боловсролын тэгш бус байдлын томоохон ангал бий болсон нь одоо ч арилаагүй, харин улам гүнзгийрсээр байна. Уг нь гурван жилийн хугацаанд хоцрогдлыг арилгана гэж салбарын сайд нь амлаж байсан юм. Тэр хугацаа нь өнгөрөгч онд дууссан ч хоцрогдол арилаагүй. Гэтэл цар тахлын үед зохион байгуулсан цахим сургалт нэртэй бантан боловсролын чанарт ямар сөрөг нөлөө учруулсныг олон нийт бараг л мартчихаад байна. Хэдий тийм ч түүний уршиг одоо ч арилаагүйг өнөө жилийн элсэлтийн шалгалтад олонхоороо муу авсан нь хангалттай илчиллээ. Гэтэл сайд Л.Энх-Амгалан үүнийг зөвтгөх мэт “Элсэлтийн шалгалтын оноо бол амьдралын шалгалтын оноо биш” хэмээн цэцэрхэж суугаа нь харамсалтай.
ЗҮРХ СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ ГЭВ ҮҮ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулж, багш нарыг чадавхжуулан, оюуны хулгай, хуурамч дипломтой тэмцэхээ мэдэгдэж байв. Үүний хүрээнд магистр, докторын дипломын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, хэн нэгэн нь тэндээс нэг өгүүлбэр хулгайлсан ч илрүүлдэг болно хэмээж байлаа. Гэсэн ч үүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Цаашлаад төрийн зарим их, дээд сургуулийг нэгтгэн, адил мэргэжлээр элсэлт авдгийг зогсооно гэсэн зорилгоо ч биелүүлсэнгүй. Ер нь эдгээрийг цаашид хэрэгжүүлэх, эсэх нь ч тодорхойгүй хоцорлоо.
Мөн ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэдгийг хална гэж амласан ч чадаагүй. Ирэх намар 23 188 хүүхэд гурав дахь ээлжид хичээллэх төлөвтэй байгаа. Цаашлаад хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтдоо ч бүрэн хүрч чадсангүй. Эл зорилтоо биелүүлсэн нэр зүүхийн тулд хүүхдүүдийг түрээсийн цэцэрлэгт толгой хорогдуулж, эсвэл нэг ангид олноор нь хүлээн авч байна. Жишээ нь, дүүргэлт хэтэрсэн буюу нэг ангид 35-аас олон хүүхэдтэй цэцэрлэг ирэх хичээлийн жилд орон нутагт 167, нийслэлд 122 байх гэнэ. Энэ мэтээр Л.Энх-Амгалан боловсролын салбарын асуудлуудыг зуун задгай хэвээр нь үлдээлээ.
Ийм хатуу хөрсөн дээр “буусан” шинэ сайд уг нь нэлээд судалгаатай, ул суурьтай ажиллах учиртай. Гэтэл сайд П.Наранбаяр ажлаа нэг л ойлгомжгүй эхлүүллээ. Тодруулбал, тэрбээр зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөрийг 200 сургуульд нэвтрүүлэхээ илэрхийлсэн нь олон нийтийн шүүмжлэлийн бай болоод байна. Энэ нь “Шинэ Монгол” сургуульд хэдийн нэвтрүүлсэн хөтөлбөр аж. Тус сургуулийг удирдаж байсан, өдгөө хоёулаа УИХ-ын гишүүн болоод буй П.Наранбаяр, Ж.Галбадрах нар хамтран уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ өнгөрсөн баасан гарагт илэрхийлсэн нь иргэдийг унтууцуулж, “Өмнө нь цөм хөтөлбөр гэж хүүхдүүдийг туршилтад оруулсан. Ирэх дөрвөн жилд зүрх сэтгэлийн боловсрол хэмээх туршилт хийх нь” хэмээн халаглахад хүргэв. Салбарын бодлого тодорхойлох нь сургууль удирдахаас амаргүй. Тэд санаачилгаа ямар үндэслэл, судалгааны үр дүнд хэрэгжүүлэхээр шийдсэн нь ч тодорхойгүй. Шинжлэх ухаан, боловсрол хэмээх “хэлхээ”-нээс зүй ёсоор урган гарсан шийдвэр гэдэгт ч итгэхэд бэрх байна. Юутай ч уг хөтөлбөрийг хэрхэх нь, цаашлаад үр дүнд хүргэх, эсэхийг шинэ сайдын дараа дараагийн нүүдлүүд харуулах биз ээ.
ХҮҮХДҮҮДИЙГ ТУРШИЛТАД ОРУУЛАХАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ
Боловсролын яам, эл салбар, цаашлаад сурч боловсорч буй хүүхдүүд хэдий болтол “туршилтын туулай” болох вэ. Хамгийн чухал боловсролын салбартаа төр засаг төдийлөн анхаардаггүй, Засгийн газрын гишүүдийг томилохдоо ч хэн нэгэнд бэлэг болгоод өгчихдөг. Энэ удаад боловсролын салбар нь МАН-тай хамтран засаг барих ХҮН намд өгсөн бэлэг байлаа. Мэдээж МАН засал авахад хэцүү салбаруудаа бусад намд бэлэглэсэн юм шиг.
Боловсролын бодлого, сайд нь ч тогтворгүй байдаг нь бараг уламжлал. Ямар сайндаа л “Боловсролын сайдынхаа боловсролд эргэлзэж байна” гэх хүн гарах вэ дээ. Яамны нэрийг хүртэл байсхийгээд л өөрчилсөөр ирсэн нь эл салбарт тун хайхрамжгүй хандсаар ирсний жишээ гэхэд болно. Тодруулбал, БНМАУ-ын Ардыг гэгээрүүлэх яамыг анх байгуулснаас хойш Сургууль, соёлын яам, Гэгээрлийн яам, Ардын боловсролын яам, Боловсролын яам, Шинжлэх ухаан, боловсролын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам гэх мэтээр нэрийг нь 10 гаруй удаа өөрчилсөн байна. Тэр дундаа 1990 оноос хойш яамны нэрийг ес дэх удаагаа солив. Энэ жилийн тухайд 1990 оны жишгээр Боловсролын яам гэх нэртэй боллоо. Бас сүүлийн 10 жилд эл салбарт долоон сайд солигдсон бөгөөд П.Наранбаяр найм дахь нь.
Эдгээр нь зүгээр нэг нэрийн, халаа сэлгээний төдий өөрчлөлт байсангүй. Тэдгээрийн ард Монголын боловсролын зүг чиг алдагдаж, улмаар улс орны хөгжлийг тодорхойлогч салбар бус, хүүхдүүдийг “хорьдог” газар болчхоод байна. Хохирогч нь мэдээж хэн нэгэн дарга, яам, сайд биш, хүүхдүүд. Энэ бүхнийг цэгцлэх нь шинэ сайдын гол үүрэг юм. Сайд П.Наранбаяр боловсролыг улс төрийн оноо авах хэрэгслээ болгох уу, эсвэл ужгирсан асуудлуудыг шийдэх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
Бэлтгэсэн М.Оч