Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнгөрөгч бямба гарагт тохиолоо. Эл өдрөөр нийслэлийн төв талбай болон хүүхэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг газрууд олны хөлд дарагдсан юм. Хүүхэд багачуудын хувьд баяр тэмдэглэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, ая тухтай үйлчлүүлэх газар манай улсад ховор гэдэгтэй маргах хүн гарахгүй. Тэдний хувьд тоглож наадах боломжтой, олноороо зорин очдог газруудын нэг нь Үндэсний соёл, амралтын хүрээлэн буюу олны нэрлэж заншсанаар хүүхдийн парк юм. Үндэсний соёл амралтын хүрээлэн өнөө жилийн хүүхдийн баяраар ч олны хөлд дарагдаж, хүн зөрөх зайгүй болов.
“ГАЙХАМШИГТ ДОЛОО ХОНОГ”
Хүүхдийн баярыг тохиолдуулан тус хүрээлэнгийнхэн “Гайхамшигт долоо хоног” нэртэй арга хэмжээг зохион байгууллаа. Тавдугаар сарын 28-наас энэ сарын 3 хүртэл үргэлжилсэн юм. Хүүхдийн баяр дөхөхөөр паркийг зорих иргэдийн цуваа эрчимтэй нэмэгддэг. Тиймээс өдөржин дугаарлаж зогсоод ч хүссэн тоглоомоороо тоглож чадахгүй үлдэх нь цөөнгүй. Иймээс хүүхдийн баярыг тохиолдуулан дээрх байгууллагынхан зөвхөн нэг өдөр бус, долоо хоногийн хугацаанд баярлах боломжийг хүүхдүүдэд олгожээ. Үүнд талархах иргэн олон байв. Уг арга хэмжээний сүүлийн өдөр паркийг зорин очлоо. Гадаа зэврүүн, үе үе шороогоор шуурсан ч парк дүүрэн хүнтэй байв. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ тоглуулахаар дугаарлан зогсоно. Хүн олон учир ээж, аав нь өөр өөр тоглоомд дугаарлаж, цаг хэмнэж буй нь ч харагдлаа. Тус арга хэмжээний үеэр хүүхдүүдийн хүндэлдэг дуучид ирж, тэдэнтэй нэгэн оройг өнгөрүүлсэн юм. Паркаар үйлчлүүлж, оройн тоглолт хүлээн зогсож буй багачууд насанд хүрэгсдээс ч илүү боловсон байв. Тэд идэж, ууж дууссаныхаа дараа хогоо хогийн саванд хийж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандана. Цаг орой болж гадаа сэрүүсэхэд бага насны хүүхэдтэй гэр бүлүүд явав. 18.00 цаг болоход Үндэсний соёл, амралтын хүрээлэнд ихэвчлэн 12-оос дээш насныхан үлджээ. Тэд оройн тоглолт хүлээх зуураа тоглож байв. Хэсэг хугацааны дараа тоглолт эхэлж дуучин Б.Маралжингоо тайзнаа гарч ирэхэд хүүхэд, залуус хүсэн хүлээсэн хүнээ угтаж орилолдох аж. Арга хэмжээ дундаа ороход тэд даарахыг мартжээ. Бүгд л жаргалтай гэгч нь хөгжөөнт тоглоомоо тоглож, хайртай дуучныхаа хит дууг дуулцгааж байлаа.
ШИНЭ ТОГЛООМ НЭМЭХИЙН ОРОНД АЛСЫГ ХАРАГЧАА САЙЖРУУЛАН БУДАВ
59 жилийн нүүрийг үзэж буй Үндэсний соёл, амралтын хүрээлэн өнгө засжээ. Модод ногоорч, нуур, цөөрмийн ус цэлэлзэнэ. Хүүхдийн парк ногоон байгууламжтай хэдий ч хангалттай хүртээмжтэй биш. Үүнээс гадна шинэ тоглоом төдийлөн суурилуулаагүй нь одоо ч хэвээрээ. Хэдэн жилийн өмнө суурилуулсан хэдхэн тоглоомоо одоо хүртэл ажиллуулсаар байна. Галзуу хулгана, гинж, агаарын дугуй, алсыг харагч гэх мэт. Харин 2022 онд робот, морин тойруулга, хүслийн галт тэрэг зэрэг тоглоом нэмсэн аж. Эдгээр тоглоомд илүү олон хүн дугаарласан харагдана. Хуучин тоглоомуудын эдэлгээ, насжилтаас хамаараад үйлчлүүлэх хүн харьцангуй цөөрсөн бололтой. Жишээ нь, агаарын дугуйг 2013 оноос хойш нэг ч удаа засаагүй. Зам нь зэвэрч муудсан, чихар ч дуугардгийг хүүхдүүд хэлэв.
Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийнхэн энэ жил зөвхөн алсыг харагчаа засаж, сайжруулжээ. Ингэхдээ бүхээгүүдийг нь цэнхэр, ногоон, улаан, улбар шар өнгөөр будсан байв. Хүүхэд, багачуудын сонирхлыг татах олон төрлийн дүрслэлт зураг, хүүхэлдэйн киноны дүрүүдийг бүхээгийн дотор талд зуржээ. Сүүлийн жилүүдэд алсыг харагчаа сайжруулаагүй учраас зэвэрч, муудан, өнгө төрх нь ихэд гундаад байсан аж. Тиймээс ийнхүү тордсон бололтой. Зэвэрч хуучирсан бүхээгүүдийг шинэчлэн будсан нь нийслэлийн өнгө төрхөд бага ч гэсэн нэмэр болов уу гэлтэй.
Хүүхдийн парк нийт 24 тоглоомтой. Өдгөө бүгд ажиллаж буй. Гэвч тоглоомууд нь хүртээмжгүй. Тиймээс хүүхдүүд өдрийн турш дугаарлан зогсоход хүрдэг аж. Тус байгууллагынхан “Тоглоомын аюулгүй байдалд анхаарал хандуулан, заавар, зөвлөмжийг ажилчдадаа тогтмол өгч, 14 хоног тутамд сургалтад хамруулдаг. Ажилчид үйлчлүүлэгчдэд аюулгүй ажиллагааны дүрмийг танилцуулж, заавар, зөвлөгөө өгдөг. Хуучин тоглоомуудаа боломжийнхоо хэрээр засаж, сайжруулж байна” гэсэн юм.
Хүүхдийн паркаар үйлчлүүлэгчдэд тоглоом, түр амрах сандлаас эхлээд хүрэлцээгүй зүйл их бий. Гэсэн ч урин дулаан цаг айлчлан ирсэн учир үрсээ тоглуулах эцэг, эх цөөнгүй. Хүүхдээ салхилуулж буй нэгэн ээж “Манай гэр ойрхон учраас би хүүхдээ салхилуулах гэж өдөр бүр ирдэг. Ирэх бүрд л тасалбар борлуулах цэгт дугаарласан хүүхдүүд угтдаг. Тэд зөвхөн тасалбар борлуулах цэгт бус, тоглоом тоглохдоо ч дугаарладаг. Эцэг, эхдээ хэдхэн цагийн дараа очно гэж зөвшөөрөл аваад гарсан хүүхдүүд хүрэлцээ, хүртээмжгүй талбайд дугаарлаж цагаа үрж буй нь тун харамсалтай. Мөн улсдаа ганц соёл, амралтын хүрээлэн хэдий ч тоглоомын хүртээмж, сонголт муу. Хуучирсан хэдэн тоглоомоо будахын оронд дорвитой шинэчлэх цаг болсон. Хааяа хүүхдийн паркт бус, цайны газар байна уу гэлтэй. Хаа сайгүй хуушуур, шорлогийн утаа үнэртэх нь хэцүү. Үүнийг Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийнхэн анхаарах хэрэгтэй” хэмээв. Энэ мэтээр паркийн үйлчилгээний чанар, орчин нөхцөлийг шүүмжлэх иргэн цөөнгүй. Учир нь жилээс жилд үйлчилгээ нь сайжрах ёстой атал бүр л дордож буй. Арав гаруй жил болсон тоглоомуудаа одоо хүртэл шинэчлэхгүй байсаар эхнээсээ эвдэрч муудсаныг нэгэн иргэн саяхан цахим хуудсандаа бичсэн байв.
БАГЦ ТАСАЛБАР ГЭХ НЭРИЙДЛЭЭР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнгөрсөн ч паркийг зорих иргэдийн цуваа тасраагүй, хөл хөдөлгөөн ихтэй хэвээр. Төв хаалгаар нь дотогш орвол тасалбар борлуулах жижигхэн цагаан байшингуудын гадна гэр бүлийнхэнтэйгээ болон найзуудтайгаа яваа хүүхдүүд дугаарлан зогсож байлаа. Тэд том шилэн цонхны дэргэд наасан тоглоомын жагсаалт болон үнийг сайтар ажиглах аж. Хурдхан тасалбараа авч тоглох хүсэлтэй нь илхэн. Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн нэг тоглоомын тасалбар нь 8-10 мянган төгрөгийн үнэтэй. Жилд ойролцоогоор хоёр сая орчим хүн зорин ирдэг гэнэ. Мөн дээрх байгууллагаас иргэдэд багц тоглоомын тасалбар санал болгож буй. Хамгийн багадаа 20 000 төгрөгөөр багц тасалбар худалдан авч нийт дөрвөн тоглоомоор тоглох боломжтой гэнэ. Нэг удаа л худалдан авсан бол хүссэн үедээ дөрвөн тоглоомын эрхээ ашиглах боломжтой. Гэвч авсан тасалбараа нэг тоглоомынуншигчтөхөөрөмжиддараалан уншуулах боломжгүй юм. Үүнд гэр бүлээрээ багц тасалбар худалдан авсан иргэд бухимдаж байв. Учир нь багц тасалбарыг голчлон олон хүүхэдтэй иргэд худалдан авдаг. Гэтэл нэг тасалбараар хүүхдүүдээ хамт тоглуулж чадахгүй. Заавал өөр тоглоомд дугаарлах шаардлага тулгардаг юм байна. “Тасалбар худалдан авахад үүнийг огт тайлбарлаагүй. Тиймээс нэг тасалбараараа хүүхдүүдээ тоглуулна гэж бодсон. Гэтэл багц тасалбараараа нэг айлын хүүхдүүд хамт тоглох боломжгүй, зөвхөн нэг нь л ашиглах юм байна” хэмээн иргэд шүүмжилж байлаа.
ДАЛАЙН ДЭЭРЭМЧНИЙ ОНГОЦ ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ
Паркаар зочлогсдын хамгийн түгээмэл тоглодог тоглоом нь галзуу хулгана болон далайн дээрэмчний хөлөг онгоц аж. Аль аль нь нэг удаа тоглоход 8000 төгрөгийн үнэтэй. Далайн дээрэмчний онгоцны дэргэд хүүхдүүд урт дараалал үүсгэн зогссон байв. Тэд бол нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийнхан. “Хүүхдийн баяраар парк хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Тиймээс өнөөдөр(өнгөрсөн ням гарагт) ирж байна. Тоглохыг хамгийн их хүссэн нь далайн дээрэмчний онгоц. Саяхан галзуу хулганад суусан хүн нас барсан учраас гэр бүлийнхэн маань битгий тогло гэсэн. Тиймээс бид далайн дээрэмчний онгоц, гинж гэх мэт аюул багатай тоглоомоор тоглохоор болсон” гэлээ.
НОГООН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ НААДМЫН ҮЕЭР АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баяр хаалга тогшиход тэд нэгэн дуугаар л “Парк орж тоглоно” гэдэг нь бараг л бичигдээгүй хууль. Ер нь гадаадын оронд тоглоомын төв, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан газрууд тухайн улсын иргэдийн төдийгүй жуулчдын анхаарлыг ихэд татдаг. Тиймээс эрх баригчид нь анхааралдаа авч, үргэлж шинэчлэн, сайжруулж байдаг. Гэтэл манай паркт хүүхдүүд хүссэнээрээ гүйж харайх талбай ч ховор. Цементэн “ширэг” дээр хөл, гараа зулгалан тоглодгийг иргэд хэллээ. Эл асуудлыг “Рио тинто Монгол” компанийн “Паркаа хамтдаа бүтээе” төсөл шийдэх үү гэдгийг бид сурвалжилгадаа онцоллоо.
“Рио тинто Монгол” компани нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хүүхдийн паркийн 10.2 га газрыг ногоон байгууламж болгохоор “Паркаа хамтдаа бүтээе” төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд хүүхдийн парк өнгө засаж, үнэхээр л дэлхийн стандартад нийцсэн хүрээлэн болгоно хэмээж байгаа. Энэ нь дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишгээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн харилцаанд эергээр нөлөөлөхийг дээрх байгууллагынхан онцолсон. Ногоон цэцэрлэгт хүрээлэн үйлчлүүлэгчдээ хэзээ хүлээн авах талаар холбогдох албаныхнаас тодруулахад “Манайх цэцэрлэгт хүрээлэнгээ ирэх сард баяр наадмын өдрүүдэд нээнэ. Одоогоор паркийн баруун жигүүрийн тохижилтын ажил 90 хувьтай үргэлжилж байна” гэв.
Тэдний байгуулж буй ногоон цэцэрлэгт хүрээлэн нь олон улсын стандартын шаардлагад нийцсэн, чанартай материалаар хийснээрээ онцлогтой гэнэ. Түүнчлэн ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, өглөөний гудамж, нарс, агч модны цэцэрлэгтэй. Хүүхэд багачуудад зориулсан тоглоомын болон тэжээвэр амьтан салхилуулах талбай гэх мэт иргэд чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэхэд тохирсон шийдлүүдийг багтаасан аж. Ногоон цэцэрлэгт хүрээлэн нээгдэж, үйлчлүүлэгчдээ хүлээж авах болоогүй ч иргэд хэдийн зочлоод эхэлжээ. Тэдний бүтээн байгуулсан цөөрөм, ногоон зүлгийг хараад очихыг хүсэхгүй хүн байхгүй. Шинэхэн цөөрмийг сонирхохоор ирсэн иргэд бүгд л ам сайтай буцах аж. Ихэвчлэн ээжүүд хүүхдүүдээ тэнд салхилуулж буй харагдана. Учир нь тэнд зүлэг, бичил цөөрөм, хүүхэд багачуудын сонирхлыг татах ногоон байгууламж бий. Иргэдэд энэ л дутагдаж байсан уу гэлтэй. Шинээр тохижуулж буй ногоон цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд багачуудад зориулан “Над дээр гишгэхгүй тойроод гарсанд баярлалаа”, “Нялх зүлэг ургаж байна” гэх мэт сануулгууд бичиж, байршуулжээ. Үүнийг нь харсан багачууд нэг нэгээр нь үсэглэн уншиж, тойроод гарч байсан юм.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн