“Гэрийнхээ үүдэнд мод тарьчихсан. Сүүдэрт нь өглөөнийхөө цайг ууж сууна. Хаврын улиралд хүнснийхээ ногоог тариад, намартаа хураагаад авчихдаг өөрийн гэсэн бяцхан цэцэрлэгт хүрээлэнтэй болно” гэсэн зорилгоо цахим хуудсандаа хуваалцах хүн олон бий. Энэ нь их хотын бужигнасан амьдралаас холдож, хүний хөлөөс зайдуухан, амар тайван амьдрах боломж ч байж мэдэх юм. Мөн хүнснийхээ ногоог өөрсдөө тариад, хэрэглэхийг зорьдог хүмүүс ч байна. Олон хүний мөрөөддөг ийм орчныг бүрдүүлж, өөрсдийнхөө хэрэгцээний ногоо, жимс, жимсгэнийг тарихын зэрэгцээ нийслэлчүүдэд борлуулдаг айл цөөнгүй. Тариалангийн улирал эхэлж буйтай холбоотойгоор хүнсний ногоо тарьж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй нэгэн айлыг онцоллоо. Нийслэлд 30 аж ахуйн нэгж, 330 гаруй айл өрх хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг гэнэ. Тэдний нэг, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Эрдэнэчулууны гэрт өнгөрсөн бямба гарагт зочиллоо.
Тариалалтдаа хэрхэн бэлтгэж буй болон ногоо ургуулахад юуг анхаарах хэрэгтэй зэрэг асуултад хариулт авахаар тэднийхийг зорьсон юм. Тэрбээр нийслэлийн тэргүүний тариаланчаар өнгөрсөн онд шалгарчээ. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын тэргүүнээр ч тодорсон аж.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу олны мэдэхээр Шувуун фабрик орчимд Б.Эрдэнэчулууных суурьшжээ. Тухайн орчны ихэнх айл хашаандаа мод тарьчихсан байлаа. Мөн хашаандаа хүлэмжтэй айл цөөнгүй харагдав. Б.Эрдэнэчулууных 2002 онд Улаанбаатар хотод суурьшиж, 2007 оноос өдий хүртэл ногоо тарьж буй гэнэ. “Энд ирээд айлуудад ажиллаад л явж байлаа. Айлд очоод өдөрт 500 төгрөгөөр ажиллахын оронд бид ч тэдэн шиг ногоо тарьж, ургуулж чадна гэж бодсон. Ингээд л ногоо тарьж эхэлснээс хойш нэг мэдэхэд 10 гаруй жил өнгөрчээ” гэж тэрбээр ярьсан юм. Б.Эрдэнчулууных 12 хүлэмжтэй. Тэдгээртээ өргөст хэмх тариалдаг. Мөн байцай, сонгино, цэцэгт байцай, салатны навч ч тарьж, хэрэглэгчдийн гарт хүргэдэг аж. Ногооны хашааныхаа баруун хэсэгт улиас, чацарганы мод тарьжээ. Үүнээс цааш хүлэмжүүдээ тун эмх замбараатайгаар эгнүүлэн байршуулсан харагдана. Ил талбай нь гурван га, хүлэмжтэй хэсэг нь 5525 ам метрийг эзэлдэг. Ил талбайдаа байцай, сонгино тарьдаг юм байна.
Гадаа хэчнээн хүйтэн, салхитай өдөр байлаа ч хүлэмжин дотор дулаахан. Дотогш ороход л шинэ ногооны үнэр хамар цоргино. Мөн малын бууц үнэртэх нь хөдөө байгаа юм шиг санагдуулах аж. Халуун өдөр хатавчийг нь нээж агаар оруулах, хүйтрэх төлөвтэй бол хучих гээд л тэдний ажил хөвөрнө. Өдгөө ногоонууд нь “балчир” тул улам ч их арчилгаа шаардлагатай гэнэ. Хүлэмжийн тааз хэсгээр төмөр утас татжээ. Өргөст хэмх нь 2-3 метр өндөр ургадаг тул ийнхүү төмөр утас татсан байна. Үүний үзүүрт ишийг нь тогтоосноор суга бүрээс нь өргөст хэмх ургах боломжтой.
ЧАНАРТАЙ ҮРСЛЭГЭЭ СОНГОХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ
Чанартай ургац авахын тулд хөрсөө бэлдэх нь чухал гэнэ. Тэд хөрсөндөө хонины бууц ашигладаг юм байна. Энэ нь хамгийн органик бордоо болдог төдийгүй ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдгийг тэд онцолсон. Үрслэгээгээ суулгаж дуусаад 8-9 хонож буй бөгөөд хөрсөө нэг сарын өмнөөс л бэлдэж эхэлжээ. Хөрсөө буталж, бордоотой холихоос бэлтгэл ажил эхэлнэ. Үүнээс ч өмнө үрслэгээнүүдээ тордож бойжуулсан байна. Гуравдугаар сарын сүүлчээр үрслэгээгээ суулгах жижиг хэмжээний сав бэлдэнэ. Үүний дараа дөрөвдүгээр сард суулгацаа бэлдэж, тэдгээр савандаа бойжуулдаг. Тавдугаар сарын эхний долоо хоногт хүлэмжид буюу хөрсөнд нь суулгадаг аж. “Бидний тариалсан өргөст хэмхийг сайхан үнэр, амттай гэдэг юм. Нэгийг аваад голоор нь хуваахад тухайн тасалгаагаар дүүрэн өргөст хэмхийн үнэр хамар цоргидог гээд л хэрэглэгчид биднийг магтдаг. Ингэж сайхан ургуулдаг учир нь бордоондоо бий” хэмээн өрхийн тэргүүн дурдлаа.
Шим тэжээл сайтай хөрс бэлдсэн бол үрслэгээгээ сонгох нь дараагийн алхам. “Ахуйн хүрээнд ногоо тарих гэж байгаа хүмүүст хэлэхэд үр, үрслэгээгээ зөв сонгох нь чухал. Нэг жил өнжсөн үрийн соёололт нь буурчихдаг талтай. Тиймээс жил болгон шинийг авдаг. Үр ямар байхаас хэр чанартай ургац авах нь хамаарна. Үр нь том булцгар байвал ургац нь ч түүнтэй адил. Муу үр зарсан хүмүүс бидний нэг жилийн хөдөлмөрийг үгүй хийнэ гэсэн үг. Тариалалт нарийн хугацаатай учраас дахиад үр авч үрслүүлье гэсэн ч хугацаа нь хожимдоно. Тариаланч хүний хамгийн чухал зүйл нь үр. Нэг үрслэгээний үнэ 2500 төгрөг” хэмээн тэрбээр ярив.
Хүнсний ногоо тарихад тулгардаг томоохон бэрхшээл нь хортон шавж. Навчит ургамлуудыг цоолж, өвчлүүлдэг тэдэнтэй тэмцэх хэцүү. Тэгвэл үүнийг эсэргүүцэх чадвартай, “дархлаа”-тай ургамал тарихын тулд өмнө хэлсэнчлэн хөрсөө сайн бэлдэх нь чухал гэнэ. Б.Эрдэнэчулуун “Хөрсний бордоо, усалгаа багадахад ургамал шим тэжээлээ хангалттай сайн авч чаддаггүй. Энэ үедээ стресстэж, өдрийн халуунд жоохон нурмайхад нь л шавж үүрлэдэг. Хөрсийг нь сайн бордсон тохиолдолд хортон шавж ойртож чадахгүй” гэв. “Хүмүүс ногоо минь ургахгүй байна, хөрсөндөө юу хийх вэ гэж их асуудаг. Ийм тохиолдолд бууц хийхийг л зөвлөдөг дөө” гэж Б.Эрдэнэчулууны гэргий Б.Нармандах хэллээ.
Ташрамд дурдахад, тэднээс зөвлөгөө авах, тариалангийн талбайг нь сонирхоход нээлттэй. Гэвч өдөр тутамдаа ихээхэн ажилтай байдаг тул “Урьдчилан холбогдож байж ирээрэй” гэж анхааруулсан юм.
ТАРИАЛАНЧ БАС “ЦАГ УУРЧ”
“Ногоо тарихад хамгийн чухал нь цаг агаар. Манай орны уур амьсгал эрс тэс тул тариалалтад хүндрэл учруулдаг. Гурван өдөр цасаар шуурсны улмаас нэг жил ургацаа бүрэн алдаж байлаа. Тиймээс байгальдаа залбирч, ая таатай байхыг гуйж амьдардаг даа” хэмээн Б.Нармандах ярив. Биднийг очиход хүчтэй салхитай, хүйтэн байлаа. Тиймээс гэрийн эзэд хүлэмж дэх ногоонуудаа дөнгөж хучаад байжээ. Салхи тогтвол хүлэмждээ агаар оруулах хэрэгтэй гэнэ. Тиймээс тэд салхи намдаж буй, эсэхийг байнга шалгана. Агаарын температур болон хөрсөндөө хэдэн хэм хүрч хүйтрэхээс хамааран ургамлаа хэр зэрэг хучихаа тооцоолдог гэлээ.
2-3 аппликэйшний тусламжтайгаар цаг агаарын мэдээллийг байнга авдаг байна. Мөн өвөг дээдсээс уламжлагдан ирсэн тэнгэрийн байдлыг шинжих арга ухааныг ч ашигладаг. Дан ганц тариаланч бус, “цаг уурч” болох үе ч бий аж. “Эрс тэс уурамьсгалдтариланэрхлэхньшатар тоглохтой адил” гэж Б.Эрдэнэчулуун хэлсэн юм.
14 ХОНОГ ТУТАМ ХӨРСӨӨ ШИНЖЛҮҮЛДЭГ
Стандарт, хэмжил зүйн газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хөрснийхөө дээжийг явуулан, 14 хоног тутамд шинжлүүлдэг байна. Өдгөө үрслэгээгээ суулгаж буй тул хөрснийхөө шим тэжээллэг байдал зэргийг шалгуулдаг. Тус лабораторид хөнөөлт шавж, хачиг, ургамлын өвчин, пестицид, хөгц мөөгөнцөр байгаа, эсэхийг нь шалгуулдаг гэнэ. Б.Нармандах “Хөрсөн дэх нэг элементийг шалгуулахад 25 000 төгрөг төлдөг. Бид хүнс тарьж буй болохоор хариуцлагатай байх ёстой. Хүмүүсийг ажилд авахдаа ч урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байхыг шаарддаг. Ажилчдынхаа хувцсыг угааж, цэвэрхэн байлгах нь ч чухал. Жорлонгийнхоо хажууд хүлэмжээ барьчхаад “Органик хүнс тариалж байна” гэж зарим хүн ярьдаг. Ингэх ёсгүй” гэв. Тэд хурааж авсан ургацаа хэрэглэгчдэд хүргэж болох, эсэхийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлж зөвшөөрөл авдаг юм билээ.
ХӨДӨЛМӨР ХҮНИЙГ БҮТЭЭНЭ
Хөрс бэлдэх, үрслэгээгээ суулгахаас эхлээд ихэнх ажлаа техник хэрэгслийн тусламжтайгаар амжуулдаг гэнэ. Тэдний хүү Э.Мөнхбаяр нь наймдугаар ангийн сурагч хэдий ч машин техникүүдээ жолоодчихдог. “Техник, технологийг л ашиглаж ажлаа амжуулахгүй бол талбайд ажиллах хүн олддоггүй” гэж гэрийн эзэгтэй Б.Нармандах ярьсан. “Амьжиргаа тааруу иргэдэд ажиллах санал тавьдаг ч тэдний олонх нь ажил хийхийг хүсдэггүй. Нэг айл гэхэд л хүмүүнлэгийн 4-5 байгууллагаас тусламж авч байна. Монголд амьдралаа дээшлүүлэх боломж маш их бий. Гэвч иргэд тэтгэмжээ л “хардаг”. Тиймээс гадаадын улс орноос ажиллах хүч авчраад өрсөлдөөн бий болгох хэрэгтэй” хэмээн тэрбээр хэлсэн юм.
Томчууд нь халамжиндаа найдаад ажиллахыг хүсдэггүй. Харин хүүхдүүд өөр. Хүүгийнх нь ангийнхан тэднийд ирэх тун дуртай гэнэ. Хичээлээ тарсны дараа ногооны талбайд нэг цагийн 6000 төгрөгөөр ажиллаад, тоглоцгоож байгаад л харьдаг аж.
УРГАЦАА НААДМЫН ҮЕЭР ХУРААДАГ ТУЛ АВАХ ХҮН ОЛДДОГГҮЙ
Өргөст хэмхийн болц гүйцэж, хурааж авах хугацаа нь долоодугаар сарын 10-17-нд таардаг юм байна. Энэ үеэр бүх нийтээрээ амардаг. Өргөст хэмх хадгалах хугацаа нь ихдээ л нэг долоо хоног байдаг тул хурдан зарж дуусгахгүй л бол муудах эрсдэлтэй. Бүх тариаланч энэ үед өргөст хэмхээ хураадгаас борлуулахад хүндрэл учирдаг гэнэ. Үүний улмаас хөдөлмөрийнх нь үнэ цэн үгүй болж, ургацаа бүрэн борлуулж чадахгүй байх, эсвэл хэт хямд үнээр зарах нь бийг тэд хэлсэн юм.
Б.Эрдэнчулууны гэр бүлийнхэн нөр их ажлынхаа хажуугаар бидэнд ийнхүү туршлагаасаа харамгүй хуваалцлаа. Тухайн өдөр хүйтний эрч нэмэгдэх төлөвтэй болсон тул ногоогоо давхарлан хучихаар ажилдаа ийнхүү орлоо.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн