Халх голын дайн байсангүй
Хайртай бүхнээ дайснаас өмгөөлсөн
Хамаг ардын дайн байлаа...”
хэмээн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж “Хөх даалимбан тэрлэг” найраглалдаа шүлэглэсэн нь бий.
Халхын голын дайн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт 1939 онд эхэлж, БНМАУ, ЗХУ, Япон болон Манж го улсын хооронд болсон билээ. Энэхүү дайн Монгол Улсын түүхэнд чухал ач холбогдолтой үйл явдал болсон хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Халхын голын дайны ялалтын 85 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан дайн хэрхэн өрнөсөн, дайнаас үүдсэн нөхцөл байдал, ойн хүрээнд хийх ажлын талаар Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн Хилийн түүх судлалын секторын дарга, доктор, дэд профессор, хурандаа Н.Даваадоржтой ярилцлаа.
-Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан төр засгаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар яриагаа эхэлье.
-Монгол Улсын Засгийн газраас 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гаргаж, Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон. Уг ажлын хэсэг ойн арга хэмжээг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна.
Хил хамгаалах байгууллагаас Ерөнхийлөгчийн Тамгын газар, БХЯ, ХЗДХЯ, БШУЯ, Соёлын яам, ШУА-тай хамтран уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөнд хэд хэдэн арга хэмжээг тусгасан. Тухайлбал, “Халхын голын дайны түүхийн тайлбар толь”, “Халхын голын дайны баатрууд” зэрэг бүтээлийг туурвин хэвлүүлэх, Монгол, Зөвлөлтийн хилчдийн байгуулсан гавьяаг олон нийтэд сурталчлах үүднээс баримтат кино бүтээх, олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх, дайн, байлдаан болсон газар оронд хилийн археологи, цэргийн археологийн малтлага судалгааны ажил явуулах, Улаанбаатар, Дорнод, Хэнтий аймагт зохион байгуулах “Халхын гол-85” үзэсгэлэнд оролцох зэрэг томоохон ажил багтаж байгаа.
-Дэлхийн түүхэнд болж өнгөрсөн аливаа дайн, байлдааны нэршил нь судалгааны нэгэн сонирхолтой сэдэв, чиглэл байдаг. Сүүлийн үед цэрэг, улс төр, түүхийн шинжлэх ухаанд Халхын голын дайны нэршлийг хэрхэн тодорхойлж байгаа бол. Зарим нь дайн гэж үзэхгүй, тулаан, мөргөлдөөн, будилаан гэж нэрлэдэг шүү дээ.
-Халхын голд болсон байлдааны ажиллагаа нь Халх голын зүүн эргийн харьцангуй бага нутаг дэвсгэрт хоёр талаас 150 000 хүн, 1000 гаруй танк, хуягт машин, 800 орчим байлдааны нисэх онгоц оролцсон томоохон хэмжээний байлдаан байв. Энэ нь Монгол Улсын хувьд дайн, Зөвлөлтийн хувьд зэвсэгт мөргөлдөөн байсан бол Японы тал үүнийг Халх, Баргын газар нутгийн маргаанаас үүдэлтэй “Номун ханы хэрэг явдал” хэмээн тайлбарласаар ирсэн.
-Халхын голын дайн нь Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутаг, үндэсний аюулгүй байдлыг хамгаалсан томоохон үйл явдал. Халхын голын дайн эхлэх болсон урьдач нөхцөл, дайныг тойрсон их гүрнүүдийн геополитик, цэрэг, улс төрийн нөхцөл байдал, шалтгаан юу байсан талаар товч мэдээлэл өгөөч.
-Хэд хэдэн томоохон шалтгаан бий. Нэгдүгээрт, улсын хилийг хөрш зэргэлдээ улстайгаа хилийн гэрээ байгуулж, тогтоон тэмдэглээгүй байдал нь дайн эхлэх урьдач нөхцөлийг бүрдүүлсэн. Японы талаас уг байдлыг шалтаг болгон газар нутгийн маргаан дэгдээж, цэрэг зэвсгийн хүчээр манай улсын хил рүү зэвсэглэн халдах болсон. Энэ нь улсын хилээ тогтоон тэмдэглэхгүй бол ямар их хор уршиг, гай зовлон учруулдгийг түүхэн сургамж болгон үлдээсэн явдал юм. Тиймээс ч Халхын голын дайн гарах болсон шалтгаанд 1930-аад онд манай улс хил залгаа Хятадтай улсын хилээ тогтоон тэмдэглээгүй байдал зохих нөлөө үзүүлсэн.
Хоёрдугаарт, ХХ зууны гучаад оны эхээр ихэнх улс орон капиталист, социалист, милитарист, фашист системд хуваагдан өөрсдийн ноёрхлоо дэлхий дахинд тогтоохын тулд улс төр, үзэл суртал, цэрэг зэвсгийн хүчээр сөргөлдөн тэмцэх болсонтой ч холбоотой.
Гуравдугаарт, энэхүү байлдаанаар Японы тал Зөвлөлтийн хүчийг сорих, Хятадад үзүүлж буй төрөл бүрийн тусламжийг зогсоох талаар Зөвлөлтөд шахалт үзүүлэх, мөн өөрийн холбоотон Герман, Италид цэрэг, эдийн засгийн чадавхаа харуулах зорилт тавьж байв. Харин Зөвлөлтийн тал Халхын голын байлдаанаар япончуудад хатуу сургамж өгөх, шинэ зэвсэг, галт хэрэгсэл, техникээ турших, Зөвлөлтийн Алс Дорнод болон БНМАУ-ын чиглэлээр дахин халдан довтлох явдал гаргуулахгүй байхыг зорьж байжээ.
Дөрөвдүгээрт, Европ тивд 1930-аад оны дундуур нэгэнт дайны аюул нүүрлэсэн тул Ази тивд мөн дайнд татагдан орж, хоёр фронтод зэрэг байлдах явдал гарахаас сэрэмжлэх зэрэг цэрэг, стратегийн зорилт тавьж байлдааны ажиллагааг эхлүүлсэн байдаг. Хэдийгээр Халхын голын байлдаан нь Зөвлөлт, Япон гэсэн хоёр их гүрний зөрчил мөргөлдөөнөөс үүдэлтэй боловч Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хувьд өөрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлын төлөө хийсэн шударга дайн байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
-Халхын голын дайнд Зөвлөлтийн улаан армийн цэрэг дайчдаас гадна Хиагт, Даурын хилийн отрядын хилчид оролцон үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ талаар архивын эх сурвалж, судалгааны бүтээлд хэрхэн тусгасан бэ?
-Дайнд тухайн үеийн Хиагтын, Мангутын, Даурын хилийн отрядын хилчид оролцсон. Энэ талаар Г.В.Соленков, И.В.Сеченов зэрэг судлаач 2014 онд “Халхын гол-Эр зориг, хамтын ажиллагааны хил хязгаар” хэмээх бүтээл туурвин хэвлүүлсэн. Уг бүтээлд урьд өмнө нь Халхын голын дайны түүх бичлэгт төдийлөн дурдагдаж байгаагүй эх сурвалж, мэдээ баримтыг архивын нууцын сан хөмрөгөөс нээн илрүүлж, олон нийтэд хүргэсэн нь эрдэмтэн судлаач, багш оюутан, залуусын шимтэн унших ширээний ном болсон нь сайшаалтай.
Халхын голын дайны түүх бичлэгт Зөвлөлтийн 57 дугаар тусгай корпусын байлдааны ажиллагааг голчлон дурддаг байсан бол энэ бүтээл хэвлэгдэн гарснаар Зөвлөлтийн хилчин дайчдын “Тусгай шилмэл батальон”-ы Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдлын төлөө оруулсан баатарлаг тэмцлийн түүхийг нөхөн бичсэн юм.
Халхын голын дайны стратегийн түшиц бүхий Ремизовын өндөрлөгийг эзлэн авах байлдааны ажиллагаанд манай талаас хэд хэдэн удаагийн оролдлого хийсэн боловч тэр нь бүтэлгүйтэж нэлээд хохирол амссан байдаг. Энэ талаар маршал Г.К.Жуков дээд удирдлагадаа илтгэж, Хиагт, Даур, Мангутын отрядын хилчдээс бүрдсэн “Тусгай шилмэл батальон”-ыг зохион байгуулж, батальоны захирагчаар Хиагтын хилийн отрядын штабын дарга, хошууч А.Е.Булыгаг томилсон. Батальон Хиагтаас мянган уул давж, түмэн голыг гатлан БНМАУ-ын Дорнод аймгийн нутаг Халх голын Хамар даваанд 1939 оны зургаадугаар сард байлдааны үүрэг гүйцэтгэхээр иржээ. Шилмэл батальоны хилчин дайчид Ремизовын өндөрлөгийг 1939 оны долоодугаар сарын эхээр эзлэн авсан нь Монгол, Зөвлөлтийн тал Халхын голын дайнд ялалт байгуулах нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна. Үүнээс гадна тус батальоны дайчид удирдлагын байрны харуул хамгаалалтад гарах, Халхын голын гармын аюулгүй байдлыг хангах, дайсны гэнэтийн довтолгооноос хамгаалах, япончуудад нөөц хүчээ татах бололцоо олгохгүй байх, элсэн манхнуудыг япончуудаас цэвэрлэх, дайсны хөдөлгөөнийг тагнан турших, амьд хэл олзлох, дайсны галын системийг олж илрүүлэх, түүнд цохилт өгөх, давшилтыг хориглон зогсоох зэрэг үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж байсан.
Зөвхөн стратегийн түшиц бүхий Ремизовын өндөрлөгийг эзлэн авах байлдаанд Зөвлөлтийн хилчдийн батальоноос 30 гаруй цэргийн албан хаагч амь үрэгдэж, 50 орчим хилчин шархадсан юм. Дайн дууссаны дараа ЗХУ болон БНМАУ-ын төр засгаас тусгай батальоны хилчин дайчдын байгуулсан гавьяаг өндрөөр үнэлж, нийт 90 орчим цэргийн алба хаагчийг төрийн одон, медалиар шагнан урамшуулжээ.
-Зөвлөлтийн хилчдийн байгуулсан мөнхийн суу алдар гавьяаг залуу, хойч үед яаж мөнхжүүлэн үлдээж ирэв. Хойшид юунд анхаарах ёстой вэ?
-Хил хамгаалах байгууллагаас Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Хиагтын отрядыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 90 дүгээр зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнасан. 2019 онд Халхын голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Халхын голын дайнд Зөвлөлтийн хилчдийн гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Халх голын Хамар даваанд “Тусгай шилмэл батальон”-ы дайчдын гавьяаг мөнхжүүлэн алдаршуулах зорилгоор гэрэлт хөшөө босгосон.
Цаашид бид хоёр улсын хилийн түүх, хил хамгаалалтын түүхэнд холбогдох архивын эх сурвалж, баримтыг харилцан солилцох, судалгааны байгууллага, эрдэмтэдтэй харилцаа холбоо тогтоох, хамтран эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эхлүүлэх шаардлагатай. Үүнээс гадна залуу хойч үеийнхэнд зориулсан Монгол, Зөвлөлтийн хилчдийн байгуулсан гавьяаг баримтат кино болгон олон нийтэд хүргэх хэрэгтэй.
Учир нь Халхын голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн арми, нэгтгэлийн оролцоо, гүйцэтгэсэн үүргийн талаар социалист нийгмийн үед ч, өнөө цагт ч уран сайхны болон баримтат кино, нэвтрүүлгийг олноор бэлтгэн хүргэсэн байдаг. Дайсны эхний бууны сум, дайралт довтолгоонд өртсөн, байлдааны хамгийн хүнд хүчрийг үүрсэн Монгол, Зөвлөлтийн хилчдийн байгуулсан гавьяаг олон нийтэд хүргэх асуудал маш чухал.
Өнөөгийн бидний амьдарч байгаа энх цаг ямар их үнэ цэнээр олдсоныг залуу үе мартах учиргүй юм.