Монгол Улс өнгөрсөн онд 80.4 мянган тонн мах экспортолсон нь түүхэн дээд түвшин болжээ. Уг бүтээгдэхүүний квотыг цуцалж, агаарын тээврийн экспортыг сэргээсэн зэрэг нь үүнд нөлөөлсөн гэж салбарын яамнаас мэдээлсэн юм. Экспортын орлогод хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний оруулах хувь нэмэр нэмэгдсэн ч 2023 оны эцсийн байдлаар 64.7 сая мал тоологдсонтой харьцуулбал энэ нь тийм ч өндөр биш гэхэд болно. Өнгөрсөн онд нийт15.18 тэрбум ам.долларын бараа экспортолсон бөгөөд голлох есөн төрлийн бүтээгдэхүүний дийлэнх буюу долоо нь уул уурхайнх, үлдсэн нь хөдөө аж ахуйнх байв. Тодруулбал, 1.7 хувийг нь ямааны угаасан ноолуур (263.1 сая ам.доллар), 0.8-ыг нь адууны мах (125.4) эзэлжээ. Тэгвэл энэ оны эхний сард 1.32 тэрбум “ногоон”-ы бүтээгдэхүүн экспортлоход мөн л хөдөө аж ахуйн хоёр бүтээгдэхүүн багтсан нь хонь болон ямааны мах (9.4 сая ам.доллар), адууны мах (6.7) гэнэ.
Малчдаас амьд мал худалдан авсан нь экспортын голлох бүтээгдэхүүнд хонины мах багтахад нөлөөлсөн байж мэднэ. Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор гарз, хохирол багатай даван туулах зорилгоор Иран улс руу мах экспортлогч 26 аж ахуйн нэгж нэгдүгээр сарын 9-нөөс энэ сарын 1 хүртэл амьд хонь худалдан авч, халал аргаар бэлтгэн нийлүүлэх ажлыг орон даяар зохион байгуулсан юм. Гэвч энэ талаар зарим малчин “Мал одоо турчихсан шүү дээ. Мөсөн зуд нэлээд зузаан болчихоод байхад ажил хийсэн болж жүжиглэх юм аа”, “Намар эртхэн гайгүй ханшаар авчихгүй, одоо бол бараг үнэгүйтэй адил”, “Одоо ийм ажил хийх ч гэж дээ. Турсан малын мах гадагшаа гаргаснаар Монголын мах муу гэж дэлхийд түгэх вий дээ”, “Өвөл бус, 10, 11 дүгээр сард махаа хангалттай гаргах нь зөв. Гэнэт малтай болчихсон биш дээ”, “Малын жин заагаад авахгүй байна лээ” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ.
Мал, махны дуудлага худалдааг өнгөрсөн сарын 17-ноос эхлэн Хөдөө аж ахуйн биржээр зохион байгуулж буй. Үүнээс хойш өдий хүртэл 3.8 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, бог, бод малын 442 тонн мах худалджээ. Хэдийгээр махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд салбарын яамнаас тодорхой хэмжээнд анхаарал тавьж буй ч экспортын боломжит хэмжээндээ хүрэхгүй байгаа юм. Мэдээж олон улсын стандартыг хангаж чаддаггүй зэрэг нь үүнд нөлөөлж буй. ХХААХҮЯ-наас гурван аймагт эрүүл бүс байгуулахаар төлөвлөн, судалгаа хийж байгаа гэж өмнө нь мэдээлсэн. Гэсэн ч хэр ахицтай яваа талаарх мэдээлэл одоогоор лав алга. Эрүүл бүс байгууллаа гэхэд олон улсын мал эмнэлгийн байгууллагаар баталгаажуулж, ногоон бүс гэсэн гэрчилгээ авна гээд шат дамжлага мундахгүй.
Ямартай ч дээр дурдсанчлан зарим аж ахуйн нэгж Иран руу хонины мах нийлүүлж буй бол өдөрт 10 тонныг бэлтгэж байгаа “Дэлхийн хүнс” компани Киргиз рүү экспорт хийхээр ажиллаж буй юм билээ. Тэгвэл Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн тус орны “Видам фүүд” компанийн гүйцэтгэх захирал Альнубай Салем Аль-Марритай энэ сарын 12-нд уулзахдаа Монголоос Катар, цаашлаад Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлохыг зорьж буйг тэмдэглэсэн байна. Үүний хүрээнд манай Стандарт, хэмжил зүйн газар Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төвөөр Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлээ хийлгэсэн бөгөөд Катарын Эрүүл мэндийн яаманд тус гэрчилгээг бүртгүүлэх ажлыг эхлүүлсэн аж. Үүнийг хийж дууссаны дараа Монголоос Катар луу мах экспортлох боломж бүрдэх бөгөөд энэ чиглэлд дээрх компанитай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлжээ.
“Видам фүүд” нь Катарын хамгийн том мах импортлогч бөгөөд Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк болон бусад олон орноос сэврээсэн, хөлдөөсөн мах авдаг гэнэ. Эл компанийн гүйцэтгэх захирал нь Монголын мах органик, амт сайтай байдаг тухай сонссоноо дурдаад, Катарын Эрүүл мэндийн яаманд Халал гэрчилгээгээ бүртгүүлсний дараа манай компаниудтай холбоо тогтоож, Монголын махыг өөрийн зах зээлд таниулах зорилгоор эхний ээлжид сэврээсэн мах бага хэмжээгээр импортлох сонирхолтой байгаагаа хэлжээ. Энэ мэтчилэн Элчин сайд, компаниуд мах экспортлохоор хичээж буй ч хэрхэн зохион байгуулахад анхаарах шаардлага бий. Монголын ложистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд энэ талаар “Манайх экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлж, хэмжээг нь нэмэгдүүлэхийн тулд жин хэмжүүр, хяналтын лабораторио сайжруулж, стандарт шаардлагыг нь хангаж чаддаггүй. Ямар сайндаа БНХАУ-ын мэргэжлийн хяналтын байгууллагынхан манай махны үйлдвэрүүдэд шалгалт хийгээд, экспортын эрх олгоод явж байх вэ дээ.
Бид зохион байгуулалтын хувьд ингэтлээ “ядууралд орчихоод” байна. Манай мал аж ахуй зэрлэг, мал нь уул хадаар бэлчин, өвс тэжээлээ олж иддэг учраас гадаадынхан шохоорхож, нэг удаа аваад үзье гэж буйгаас биш, хэрэглээ нь болоогүй” хэмээн ярьсан юм. Тэрбээр мөн “БНХАУ-ын махны том нийлүүлэгчийн нэг нь Уругвай. Тус улсын худалдааны бүтэц, зохион байгуулалтыг нь харах хэрэгтэй. Манайх одоогоор зах зээлийн нийлүүлэлтийн сүлжээгээр махаа худалдаж чадахгүй байгаа. Томоохон компаниуд мал аж ахуйн бизнес эрхэлж эхэллээ. Тэд бол судалгаа, бизнес хөгжүүлэлт хийгээд сурчихсан мэргэжлийн хүмүүс, ложистикийн асуудлаа өөрсдөө шийдээд, хөрөнгө ч оруулж чадна. Энэ салбарыг бизнесийн утгаар нь хөгжүүлэх арга ухааныг олж ч чадна, үүнийг дагаад малчдын орлого нэмэгдэж, амьдрал нь сайжирна. Иймээс томоохон компаниуддаа итгэл өгч, дэмжээд, хойноос нь жижиг, дунд үйлдвэрүүдээ “чирүүлэх”, бас тэднээс нийгмийн хариуцлагатай байхыг шаардаж явах ёстой” хэмээв.
Мөн өөр нэгэн судлаач “Манай томоохон компаниудаас, тухайлбал, MCS, “Таванбогд” хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлснийг Монголын эдийн засагт гарч буй маш том “тектоник хөдөлгөөн”-ий эхлэл гэж харж байгаа. Энэ нь гадаад эдийн засагтай холбогдож чаддаггүй байсан мал аж ахуйн салбарыг өөрчлөх эхлэл боллоо. Бизнесийн салбарынхан л хамгийн ухаалаг сонголт хийдэг. Яваандаа махны нийлүүлэлт экспортод багагүй нөлөөлнө гэж найдаж байна. Нүүрс, зэсээ нийлүүлэн олж байгаатай бараг дүйх хэмжээний орлогыг цаашид олох ч юм бил үү. Одоо бол мал аж ахуйн салбар үйлдвэрлэл (industry) болж чадаагүй, амин зуулгын шинжтэй, зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангаж буй. Иймээс манайх зүгээр л малаа олшруулдаг.
Ингэснээр бэлчээр талхлагдаж, үүнээс шалтгаалж экологийн асуудлууд хурцаар тавигдаж байна. Тэгвэл үйлдвэрлэл болгосноор бага газар цөөн мал тэжээнэ, тэжээлийг нь тарьчихна. Ер нь аль салбараа өртөг бүтээдэг болгохоо бодолцох нь зүйтэй. Мал аж ахуйн давуу тал нь нарийн тоног төхөөрөмж, технологи шаардахгүй. Бидэнд асар том орон зай бий. Манай мал аж ахуйн салбар олон жил уламжлалт байдлаа хадгалж ирсэн учраас орчин үеийнх болоогүй, зах зээлтэй холбогдохгүй байгаа тул хоцрогдчихсон. Мал аж ахуй, тэр дундаа махны үйлдвэрлэлийг дэлхийн эдийн засагтай холбосноор маш том өөрчлөлт авчирна. Энэ салбарт бизнес эрхлэгчид өөрсдөө арга замаа олчихно. АНУ бизнес эрхлэгчдээ дэмждэг болохоор л хөгжсөн. Ер нь бизнес эрхлэгчид л улс орныг авч явдаг. Хамгийн гол нь төр зөв чиглүүлж, саад болохгүй байх ёстой. Төр тэдэнтэй зэрэгцэж төрийн өмчит компани юм уу, мал үржүүлгийн газар байгуулж л болохгүй” гэж ярилаа.
Дэлхийн банкнаас “Монгол Улсын гадаад худалдааны өрсөлдөх чадварын шинжилгээ” тайланг саяхан танилцуулсан. Үүнд манай улсын эдийн засаг уул уурхайн, тэр дундаа БНХАУ руу чиглэсэн экспортоос улам хараат болж буй нь эдийн засгийн эмзэг байдлыг ихэсгэж, гаднын сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг сөрөх чадварыг бууруулж байгааг тэмдэглэсэн юм. Сүүлийн 20 гаруй жилд олборлох бүтээгдэхүүний нийлүүлэлт эрс нэмэгдэн, экспортын барааны сагсанд том жин дарсаар ирэв. Улмаар экспортын барааны нэр, төрөл ижил төстэй орнуудынхаас цөөн байгааг дээрх тайланд бичжээ. Нөгөөтээгүүр, Монгол Улс түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамааралтай, энэ нь макро эдийн засагт тогтворгүй байдал үүсгэх шалтгаануудын нэг болж байгааг анхааруулжээ.
Мөн нүүрсний экспортод хэт их түшиглэх нь дэлхийд төдийгүй БНХАУ-д хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шилжилт явагдаж буй өнөө үед нэмэлт сорилтууд учруулахаар байгаа аж. Цаашлаад мах, ноолуур зэрэг уламжлалт бараа, бүтээгдэхүүний экспортод уур амьсгалын өөрчлөлтөөс үзүүлэх сөрөг нөлөөлөл ихсэх төлөвтэй гэнэ. Энэ нь экспортын чадавхад улам саад учруулахаар байгаа гэсэн юм. Сонирхуулахад, Монгол Улсын хүлэмжийн хийн 48.5 хувийг нь хөдөө аж ахуйн салбараас ялгаруулж байгааг судлаач хэлэв. Түүнчлэн малчдад ногоон зээл өгөхөөр хурдан удмын морь авах, оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлөх зэрэгт зарцуулчих гээд байдаг тул соён гэгээрүүлэх ажил их хийх хэрэгтэй гэнэ. Уг нь бэлчээрээ сэлгэх, амраах, ашиг шимтэй мал худалдаж авах, өтөг бууцаа янзлах зэрэгт зарцуулах ёстой аж.
Олон улсын стандартыг бүрэн хангахгүй, дотоодод мөрдөж буй стандартын хэрэгжилт сул зэрэг нь экспортын потенциалыг хязгаарлаж байгааг ч дээрх тайланд сануулжээ. Монгол Улс олон малтай, дэлхийн томоохон импортлогчдын нэг БНХАУ-тай зэрэгцээ оршдог тул мах, нөөшилсөн мах зэрэг бүтээгдэхүүн нь харьцангуй давуу талтай, цаашид өргөжин тэлэх боломж өндөртэй топ 10 экспортын бараанд багтдаг гэнэ. Гэвч Дэлхийн банкнаас хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдэд хийсэн судалгаагаар экспортлохоор бэлтгэж буй мах олон улсад мөрддөг чанарын шаардлага, хүнсний аюулгүй байдлын стандартад нийцэхгүй байгаа аж.
Мөн дотоодод мөрдөж буй ариун цэврийн болон ургамлын эрүүл ахуйн стандартыг бүрэн хангахгүй байгаа нь махны экспортод саад учруулж байна гэсэн үр дүн гарчээ. Түүнчлэн ложистик, тээврийн хүчин чадлаа сайжруулж тээвэрлэх зардлыг бууруулбал илүү олон нэр, төрлийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр гадаад зах зээлд, үр ашигтайгаар гаргах бололцоотойг дурдсан байв. Тэгэхээр махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд олон улсын стандартад нийцүүлэх ажлыг эрчимжүүлж, тээврийн зардал, хөдөө аж ахуйн салбараас ялгаруулж буй хүлэмжийн хийг багасгах зэрэгт анхаарах шаардлага байна. Өдгөө манайхаас 10 орчим улсад мал, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж буй гэх ч зарим орон хямд авдаг, мөнгийг нь маш удаж байж өгдөг талаар бизнес эрхлэгчид гомдоллож байгааг ч анхаарах хэрэгтэй. Уг нь махны экспортоос жилд багаар бодоход нэг тэрбум гаруй ам.доллар олох боломжтой хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.