Асашёорюү Д.Дагвадорж Монгол Улсын циркийг өмчилж аваад багагүй хугацаа өнгөрч байна. Тодорхой хэлбэл, 2008 оны долдугаар сарын 17-ны өдөр ТӨХ-ны 352 дугаар тогтоолоор “АСА” багийнхан Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр худалдаж авсан. Гэвч тухайн бөмбөгөр оройт байрыг үзэсгэлэн худалдааны танхим болгон ашиглаж ирснээс өөрөөр хөгжүүлсэн зүйлгүй олон жил болсон.
Олон нийтийн шүүмжлэл бухимдал дээд цэгтээ хүрсэн 2019 онд тус барилгыг дотроос эхлэн нураасан. Ингэхдээ засаж сайжруулна, удахгүй үйл ажиллагааг нь хэвийн болгоно хэмээн Д.Дагвадорж мэдээлж байв. Тухайн өдрөөс хойш даруй дөрвөн жил өнгөрлөө. Өнгөрсөн амралтын өдрөөр мөн л циркийг нурааж байна гэх мэдээлэл цахим орчинд хөвөрсөн.
Үүнд Д.Дагвадоржийн төрсөн ах, хотын экс дарга Д.Сумъяабазар дараах хариултыг өгчээ. Тэрбээр "Циркийн барилга байгууламжийн хийцлэл, үндсэн хэв маяг, загварчлалыг өөрчлөхгүйгээр засаж байгаа бөгөөд одоо дотоод заслын ажил хийж байгааг барилгын компанийнхан хэллээ. Энэ оны тавдугаар сарын 1 гэхэд барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад оруулахаар мэргэжлийн компанийн залуус өдөр шөнөгүй ажиллаж байна" хэмээн албан ёсны цахим хуудсандаа бичжээ.
Азидаа томоохонд тооцогдох Улсын циркийн барилгыг 1970 онд Румын улсын хөрөнгө оруулалтаар барьж байжээ. Монголын цирк 1970-1990 он хүртэл чансаагаараа дэлхийн тавцанд эхний тавд орж байв. Хятад, Орос, Солонгос, Ардчилсан Солонгос, тэгээд Монгол гэж яригддаг байсан аж. Амьтан сургалт, уран нугаралт, акробат үсрэлтээрээ, алиаллаараа нэртэй учраас хаана ч циркийн уралдаан тэмцээн болсон Монголыг урьдаг байжээ. Ямар ч том тоглолт болсон монголын уран нугаралт, акробат, хүнд жингийн үзүүлбэрийг урьдаг байдал 1990 он хүртэл үргэлжилсэн гэдэг.