Ням гарагийн оройн байдлаар Уулын Карабахын 100 мянга гаруй оршин суугч хэдийн Арменид ирээд байна гэж тус улсын эрх баригчид мэдээлэв. Энэ нь өөрийгөө тунхагласан бүс нутгийн бараг бүх хүн ам аж.
Хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Ерөнхийлөгч Самвел Шахраманян хэсэг албаны хүмүүсийн хамт Степанакерт хотод үлджээ.
Даваа гарагт салан тусгаарласан бүс нутгийн эрх баригчид сүүлийн үеийн мөргөлдөөн болон шатахууны агуулахад болсон дэлбэрэлтийн улмаас амь үрэгдэж, сураггүй алга болсон хүмүүсийг олох ажиллагаа дуустал тэнд байх болно гэж мэдэгдэв.
НҮБ-ын төлөөлөгчид ням гарагт Уулын Карабахт айлчилсан.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын төлөөлөгч Кавита Белани Уулын Карабахт хяналтаа тогтоосон Азербайжаны армиас дүрвэсэн дотоод дүрвэгсдийн нийт тоо ойрын хугацаанд 120 мянга болж өсөх боломжтойг тэмдэглэв.
Есөн сарын турш бүслэлтэд амьдарсан ядарч, айдаст автсан асар олон хүн дүрвэгсэд Арменийн бүртгэлийн төвүүдэд цугларчээ.
Ереван эхэндээ 70-90 мянган дүрвэгч хүлээн авна гэж тооцоолж байсан ч эдгээр тоо баримтыг шинэчлэх шаардлагатай болоод байна.
Уулын Карабахаас дүрвэгсдийн бараг гуравны нэг нь хүүхдүүд байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирал Регина де Доминисис сэтгүүлчдэд мэдэгдэв.
"Бидний хамгийн их санаа зовж байгаа зүйл бол [эдгээр хүүхдүүдийн олонх нь] гэр бүлээсээ салсан явдал юм" гэж тэрбээр нэмж хэлжээ.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгч Хишам Диабын хэлснээр, нүүлгэн шилжүүлсэн олон хүн, насанд хүрэгчид болон хүүхдүүдийн аль аль нь маш ихээр ядарч туйлдсан байгаа тул тэдэнд сэтгэлзүйн тусламж яаралтай хэрэгтэй байна.
" Гэр бүлүүд ихэвчлэн хүүхдүүд маш их сульдсан байдалтай ирж байна. Тэд эцэг эхийнхээ гар дээр ухаан алдаж байна" гэж Диаб ярьсан байна.
Олон улсын Улаан загалмайн хорооны удирдагчдын нэг Карлос Мораззанигийн хэлснээр, пүрэв гарагт Карабахаас 200 орчим цогцсыг гаргажээ.
Эдгээр хүмүүсийн дийлэнх нь шатахууны агуулах дэлбэрсний улмаас нас барсан ч сүүлийн үед болсон зэвсэгт мөргөлдөөний хохирогчид ч байгаа гэж төлөөлөгч тодруулав.
Цаашид Улаан загалмайн нийгэмлэг Карабахт үлдсэн хүмүүст тусламж үзүүлэхэд анхаарлаа хандуулах аж. Тэдэнд хүнсний бүтээгдэхүүн, хувийн ариун цэврийн хэрэглэл зэргийг багтаасан хувь хүний багцыг илгээх юм байна.