“Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа” гэж зөвхөн эрчүүдийн тухайд хэлсэн зүйр үг биш болохыг амьдрал, үйлсээрээ нотолдог бүсгүйчүүд олон. Тэдний нэг нь төгөлдөр хуурч, урлагийн ухааны доктор Э.Мөнхшүр хэмээн сананам. Урлаг, хөгжим судлал сайтар хөгжсөн гүрэнд эрдэм судлалыг ийнхүү нарийвчлан авч үздэг аж. Тэрбээр ХБК, СУИС-д суралцан, төгсөөд АНУ-ын Чикагогийн их сургуульд мэргэжлээрээ магистрын, дараа нь Аризонагийн их сургуульд “Хөгжмийн зохиолч Б.Шаравын төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан хөдөлмөрч, бүтээлч нэгэн. Нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын төгөлдөр хуурт зориулсан зарим бүтээлийн түүх, зохиомжийн онцлог, агуулга, ялгаа зэргийг судалж, өөрийнхөөрөө дүгнэн Америк хэмээх, манай улсын хөгжмийнхний хувьд төдийлөн танил бус орчинд танилцуулсан юм. Эрдэмтэн профессоруудаас үг, шүүмж сонссон. Үндсэндээ тэрбээр “Шарав” хэмээх ойлголтоор Монголын хөгжим гэдэг өвөрмөц ертөнцийн тухай алсын гүрэнд жинтэйхэн мэдээлсэн уран бүтээлч, судлаач билээ.
Доктор Э.Мөнхшүр “Эрдмийн зэрэг хамгаалчихлаа, боллоо” гээд бүхнийг орхисонгүй. Нэгэнтээ “Монгол хөгжим судалж өөрийгөө, өөрсдийгөө таних гэсэн юм” хэмээж байсанчлан хөгжмөө судалсаар л буй аж. Тэрбээр эдүгээ мөн Б.Шаравын хөгжим судлалаар мэргэшиж буй удирдаач, хормейстер, Корнеллийн их сургуулийн багш Жосеф Леранжистай хамтарч Монгол, Америкийн хөгжмийн уран бүтээлчдийн хамтарсан “Уужим талын аялгуу” төсөл хэрэгжүүлэхээр зорьжээ. Үүнийг урт хугацаанд, тогтвортой үргэлжлүүлэх бөгөөд тодорхой үе шатуудтай байх аж.
Эхний ажил нь ирэх намар Нью-Йоркт болох Б.Шаравын бүтээлүүдийн цуврал тоглолт. Хөгжмийн зохиолчийн симфони, магтуу зэрэг том хэлбэрийн бүтээлүүдийг Корнеллийн их сургуулийн багш нарт Улсын филармонитой хамтарч бичлэгээр сонсгоно. Төгөлдөр хуурч Э.Мөнхшүр өөрөө гоцолж тоглохын сацуу тус их сургуулийн хийлч, виолончельч нартай хамтарч нэрт хөгжмийн зохиолчийн триог толилуулна. Сиэтл хотод суурин амьдардаг морин хуурч М.Уртнасан нь Б.Шаравын морин хуурын концертыг гоцолж тоглох гэх зэрэг бүрдэл хэсгүүдтэй ажээ. Монгол хөгжим, урлагт дурласан, монголоор маш сайн ярьдаг маэстро Жосеф Леранжис болохоор Корнеллийн их сургуулийн оркестрт Б.Шаравын симфони бүтээлүүдийг удирдан тоглуулах юм байна. Хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг тайзнаа тоглоод л буух биш, тайлбарлаж ярихаараа онцлог. Эдгээр нь тэдний хамтарсан эхний ажил байх бөгөөд хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааны хүрээнд ирэх оны тавдугаар сард Америкаас хөгжимчин урьж Монголд тоглуулахаар бэлтгэж эхэлсэн байна.
Санаа нийлсэн монгол, америк хоёр доктор зөвхөн уран бүтээл, хоёр орны уран бүтээлчдийг хамруулсан тоглолт, симпозиум зохион байгуулахаар үйл ажиллагаагаа хязгаарлахгүй. Тэд олон нийтийн хөгжмийн боловсрол, тодруулбал, хөгжмийн сургалтад ахиц дэвшил гаргахад хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаагаа хэлсэн. Дунд сургуулийн сурагчдад хөгжмийг хэрхэн оновчтойгоор ойлгуулах, ойртуулах, яаж уг, үндсээр нь дурлуулах вэ гэдэг сэдвээр хөтөлбөр боловсруулж буй гэсэн. Төгөлдөр хуурч Э.Мөнхшүр өмнө уулзахад “Би лав 20 нас хүртлээ монгол хөгжим ийм гоё, Монголын хөгжмийн зохиолчид тийм агуу гэдгийг ойлгоогүй явсан. Харь нутагт олон жил амьдрахад хүн өөрийгөө хайж эхэлдэг юм билээ.
Үндэс угсаа, уг гарвалийнхаа тухай бодолхийлж, судалж, “тэмтрэхэд” хариу нь урлагаар, хөгжмөөр илэрхийлэгдээд байсан. С.Гончигсумлаа гуайн төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдээс тоглоход ерөөсөө л Монгол минь бодогддог. Сонгодог урлаг хөгжөөд удаагүй улс оронд минь хөгжмийн ийм өндөр боловсролтой хөгжмийн зохиолч олон шүү дээ гэж бодохоор сайхан байдаг. Төгөлдөр хуурын урлагт суралцаж буйнх аль нэг хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг дагнан судалж, тухайн уран бүтээлчийн ертөнцийг таньж, хөгжмөөр дамжуулж хүмүүст, магадгүй хүн төрөлхтөнд хэлэх гэснийг нь ойлгох сон гэж бодсоноор эрдмийн ажилд шулуудаж байлаа. Энэ хүсэл намайг Б.Шарав гуайтай уулзуулсан юм. Жосеф бид хоёрын санаачилсан ажлыг “Шарав” сангийн тэргүүн Д.Ганчимэг эгч, дэмжиж, бүхий л талаар тусалж буйд баяртай байна. Монгол хүүхдүүд, залуус монгол хөгжмөө сайн мэддэг, ойлгодог байх ёстой. Монгол хөгжмөө таньж мэдэх гэдэг бол эх орноо, өөрийгөө таних алхам гэж боддог. Тиймээс бид хөгжмийн боловсролын хөтөлбөр боловсруулж байгаа юм. Бид уг хөтөлбөр, сургалтынхаа талаар эхний байдлаар “Номадик эдүкэшн” төвийнхөнтэй санал солилцсон. “Өгөөжтэй, сайхан ажил болох юм байна. Хамтарч ажиллахад бэлэн” гэсэн. Маш их баяртай байгаа. Тухайлбал, Б.Шаравын хөгжим гоё гэдэг, чухам яагаад, яаж бичсэн, зохиосон болохоор гоё байгаа юм бэ гэдэгт суралцагч хүүхдүүдийн хамт хариу өгөх нь бидний хамтын ажлын зорилго. Хөгжмийн сургалтын монгол, америк арга барил өөр. Энэ ялгааны дунд юу орхигдож, хаягдаад байна вэ гэдгийг гаргаж ирэн, үйл ажиллагаа, арга барилаараа нөхөх болно. Магадгүй бидний ажил сайн болбол төр, засгийн зүгээс бий болгосон хөтөлбөрийг минь дунд сургуулийн сургалтад авах ч юм бил үү” хэмээн ярьсан юм. Уран бүтээлч залуус алсыг харсан ажил эхлүүлж буйг эндээс харж болохоор.
Э.Мөнхшүр хөгжмийн боловсрол яагаад чухал талаар амьдралаасаа жишээ татан ярьсан юм. Түүний нөхөр эмч, анагаах ухааны доктор. Америкт их, дээд сургуульд оюутан элсүүлэхдээ зөвхөн шинжлэх ухааны болон англи хэлний мэдлэгийн түвшнийг хардаггүй. IQ буюу сэтгэн бодох чадвар сайтайн сацуу EQ буюу сэтгэл хөдлөлийн коэффицентыг нь үнэлсэн оноог харгалздаг аж. Урлаг, спортын ямар нэг төрлөөр тууштай хичээллэж, тодорхой амжилт үзүүлж байсан бол давуу тал бөгөөд элсэлтийн шалгалтын оноо нэмэгдэнэ. Э.Мөнхшүрийн нөхөр нь сэтгэл хөдлөлийг хэмжиж, дүгнэж болох үзүүлэлтээр сайн оноо авсан нь мэргэжлийн төгөлдөр хуурч байсных гэнэ. Хүн байхын үндэс нь хувь хүний хөгжил бөгөөд энэ нь олон талын боловсролоор илэрдэг байна. Урлагаар дамжуулж, хүн байх ухаанд суралцсан хүн эмч мэргэжлийг сайтар эзэмшинэ гэж үзсэн байх жишээтэй. Урлаг, хөгжмийн боловсрол амьдралд ийм хэрэгтэй учраас эцэг, эхчүүд хүүхдэдээ багаас нь анхаарч, урлагийн боловсрол олгох ёстойг хэлж өгөхийг хүсэж буй аж. Өөрөөр хэлбэл, хүмүүс, гэр бүлүүд урлагийг амьдралынхаа нэгээхэн хэсэг болговол тухайн гэр бүл төлөвшсөн, хүүхэд өсөж, хөгжих эрүүл орчин, гэр бүлийн хөгжлийн маш сайн хөрс, суурь болж чадах ажээ.
Урлагийн боловсрол чухал гэдэг талаар төрийн ч, төрийн бус байгууллагуудын зүгээс дуугарсаар, зарим талаар ажилласаар ирсэн. Үйл ажиллагаа, арга хэмжээ ч бишгүй. Амьдралд яг ийм нөлөөтэй юм шүү гэдгийг залуухан доктор Э.Мөнхшүр мартахааргүй ойлгуулж өгөх шиг.
Тэрбээр энэ ойлголт, өгөөжийг гадаадад суралцах хүсэлтэй залууст өгөхийг чухалчилж буй аж. Монгол хүнийхээ онцлог шинжийг мэдэрсэн, давуу талаа олж харсан, тэдгээрийг өөртөө оршоосон байх аваас өрсөлдөх чадвартай иргэн болж төлөвших ажээ.
Сонгодог хөгжмийн урлагт дөрвөн настайгаасаа хөл тавьж, сургалтын үе шат болгонд туршлага, өгөөж хуримтлуулсаар эдүгээ сурсан, мэдсэнээ Монголынхоо хүүхэд, залууст түгээх хүсэл эрмэлзэлд хөтлөгдөж яваа уран бүтээлч, багшийн ертөнц ийм баялаг ажгуу. Тэрбээр “Монголын хөгжмийн урлагт дурласан анд нөхөр минь надтай хамтарч ажиллах болсонд баяртай байна. Би ганцаараа бол барахгүй. Тухайлбал, Б.Шарав гуайн I симфонийг оркестрт тоглуулах боллоо гэхэд гар бичмэлээс нь харж, зэмсэг бүрт болгон бичих гээд ажил маш их. Үүнийг Жо л хийнэ. Бид олон жил хамтарч маш ихийг хийнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм.
Төгөлдөр хуурч бүсгүй хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээлүүдийг судалж эхэлсэн үедээ өөртэй нь утсаар ярьж байсан юм билээ. Гэтэл нэг өдөр “Охин минь, ирж уулзаж чадах уу” гэжээ. Хөгжимчин судлаач Америкаас яаравчлан ирсэн ч тэр хоёр нүүр тулаад хэдхэн минут л ярилцсан гэсэн. Б.Шарав гуай бага насандаа сумын клубт хөгжим тоглож, дуулж байгаа хүмүүсийг анх харж, сонсоход тэр гэж хэлэх аргагүй ер бусын орчинд орох шиг мэдрэмж төрсөн тухай ярихыг нь сонсож байхад төгөлдөр хуурчид юу бодогдож байсан бол. Магадгүй хайртай хөгжмийн зохиолчийнхоо сэтгэлийн, гэгээн дурсамжийн, басхүү сүүлчийн үгсийг нь сэтгэлдээ тээсээр, Монголдоо сэтгэлээ өсгөн уран бүтээлчийн үйл хэргийнх нь зах зухаас үргэлжлүүлэх сэн гэсэн хүсэлтэй болоо юм болов уу. Э.Мөнхшүр найз Жосефын хамт хөгжмийн зохиолчийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан сум руу нь саяхан зорчсон. Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолчийн гэр урланд саатаж, гэргийтэй нь ажил хэрэг ярилцаад ирсэн байна билээ. Төсөл, төлөвлөгөө нь төсөөлөл, зураглалаар баяжсан биз ээ.
Төгөлдөр хуурч “Би 2014 онд Флорида мужид, 2021 онд Чикагод дан монгол хөгжмөөр концерт тоглоход зөвхөн гадаад хүмүүс үзсэн. Монголчууд маань ирдэг байгаасай. 2020 оны Аризонагийнх бол сургуулийн хэмжээнд хийсэн, эрдмийн ажлын хүрээний тоглолт байсан юм” гэж байна лээ.