Нийслэлийн иргэдийн олонх нь эртэч бус гэж олон нийт шүүмжлэх нь бий. Түүнчлэн агаарын бохирдолтой бүсэд амьдардаг иргэд шөнийн нойроо60 хувь алдсанаас өглөө эрт босох магадлал нь төдийчинээ буурдаг болохыг Вашингтоны их сургуулийн профессоруудынсудалгаанд дурджээ. Тэгвэл улаанбаатарчуудын эртэч бус байдалд агаарын бохирдол нөлөөлдөг юм биш биз. Үйлчилгээний газрууд яагаад эрт үүдээ нээдэггүй, үүнд юу нөлөөлж байгааг хэд хэдэн газраар жишээ татан сурвалжиллаа.
ШӨНӨ Ч АМЬДРАЛ “БУЦАЛДАГ”
Өдөрт наймаас олон цаг унтдаг хүмүүст зүрх, судасны өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг, хэт их унтах хортой гэсэн Хятад, Канадын эрдэмтдийн хамтарсан судалгаа бий. Нөгөөтээгүүр, унтах нь мэдрэлийн тогтолцооны амралт болдог гэх. Оросын нэрт сэтгэлзүйч, эрдэмтэн И.П.Павлов “Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсийг үхэхээс аварч, ядаргаанаас хамгаалж байгаа явдал” гэжээ. Өдгөө нийслэлийн иргэдийн олонх нь өглөө эрт босох дургүй, орой эрт унтаж чадахгүй хэмнэлд нэгэнт дассан байна. Энэ хэмнэл нь зарим хүнд саад болох, тав тухтай амрахад нь хүндрэл учруулах нь ч бий гэнэ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг, Сансарын тунел орчим буюу VII хороондI, II байрны оршин суугчид шөнө дунд, үүр цайтал хөдөлгөөн тасардаггүйгээс тухтай амарч чаддаггүй аж. “Орон сууцын нэгдүгээр давхруудад үйлчилгээний төв байрладаг болохоор манай энд шөнө болсон ч амьдрал “буцалдаг”. “Шорлог аваарай” гэж хашхирахаас эхлээд хөлчүү хүмүүсийн орилох нь шөнийн аниргүйд тод сонсогддог тул цонхоо онгойлгох ч боломжгүй. Орон сууцын нэгдүгээр давхарт худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглосон хууль гараасай” хэмээн оршин суугч Д.Болор-Эрдэнэ ярилаа. Баар цэнгээний газрууд хаахаасаа нэг цагийн өмнө сүүлийн захиалгаа авдаг. Гэсэн ч согтууруулах ундаанд хөлчүүрхсэн хүмүүсийг хүчээр гаргах, гарахыг нь хүлээх сонголттой байнга нүүр тулдаг байна. Одоогоор баар, ресторанууд 05.00 цаг хүртэл ажиллаж буй. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад тэдгээрийг 04.00 цаг хүртэл ажиллуулахаар заасан. Үүний хүрээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагатай болсноор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс иргэд, аж ахуй эрхлэгчдээс нэг сарын хугацаанд санал асуулга авсан нь өчигдөр дууссан байна. Санал асуулгын дүнг нэгтгэсний дараа эрх зүйн акт гарах, нийслэлийн Засаг дарга батлах гээд олон шат дамжлагын дараа л цагийн хуваарьт өөрчлөлт оруулах гэнэ.
КОФЕ УУНГАА НОМ УНШИХ БОЛОМЖТОЙ
Шөнө дунд хүртэл хөдөлгөөн тасардаггүй нийслэлийн иргэд хэр эртэч болохыг сонирхохоор “Өглөөний гудамж” гэх тодотголтой хуучнаар Гутлын 22-ыг зорилоо. Тус гудамж дахь “Pizza hut”-ын төв талбайн салбарын ажлын цаг 10.00 цагаас эхэлдэг. Өөрөөр хэлбэл, өглөөний гудамжинд байрладаг атлаа эрт үүдээ нээдэггүй. Үүний учрыг лавлахад “Тавдугаар сараас зуны хуваарьт шилжихээр 06.00 цагаас ажиллаж эхэлнэ” гэж тус салбарын ахлах ажилтан Н.Отгонжаргал хэлэв. Харин тус гудамжинд байрладаг “Anjuna Book& Art” өдөр бүр 06.00 цагаас үүдээ нээдэг. Кофе, цай уунгаа ном уншиж байгаад ажлын цаг эхлэхийн өмнө гардаг үйлчлүүлэгч олонтой аж. Тус газар нь амьд цэцэг, номоор хүрээлсэн, намуухан, ая тухтай орчин бүрдүүлж чаджээ. Ийм орчинд кофе уунгаа ном уншиж нойроо бүрэн сэргээж, ажилдаа очиход таатай санагдах нь гарцаагүй. Тус гудамжны эргэн тойронд төрийн байгууллагууд, банк, хувийн компани олон болохоор үйлчлүүлэгч тасардаггүй талаар бариста Б.Энх-Үжин өгүүлэв.
Эл гудамжинд солонгос, европ хоолны ресторан, түргэн хоол, кофе шоп, хүнсний дэлгүүр ч бий. “Эндхийг өглөөний гудамж гэдэг ч одоогоор зуны цагийн хуваарьт шилжээгүй байна. Манай дэлгүүр 07.30 цагт онгойдог. Голдуу төрийн албан хаагчид үйлчлүүлдэг. Өглөөдөө кофе, цай зэрэг ширхгийн голдуу бараа зарна. Яг үнэндээ өглөө эрт хоолны газраар үйлчлүүлдэг хүн ховор. Нөгөө талаар амралтын өдөр эрт онгойдог газар цөөн. Нийслэлийн хэмжээнд бүгд эрт үйл ажиллагаагаа эхлүүлээд хэвшчихвэл үйлчлүүлэгчид ч дасах байх. Одоогоор эрт нээдэг газар, тэдгээрээр үйлчлүүлдэг хүн тун цөөн” гэж “Хүнсний-22” дэлгүүрийн худалдагч Б.Ёндон ярив. Уг гудамжны “Caffe bene” 07.30 цагт нээдэг, өглөөдөө кофе авч явдаг хүн олон гэдгийг бариста Г.Ариунбаяр онцоллоо. Хоёр кофе савлуулаад гарч буй, “Тэнгэрлиг медиа групп” ХХК-ийн нягтлан бодогч А.Удвал “Өглөөдөө кофе уухаар ажлын эрч хүч нэмэгдэх шиг л болдог. Ер нь хотын төвөөр өглөө эрт онгойдог кофе шоп олон болсон байна лээ. Ажил ихтэй болохоор тухлаад сууж чадахгүй, голдуу аваад гардаг” гэсэн юм.
ЗАХУУД АМРАХАД ХӨДӨЛГӨӨН ЭРС БАГАСДАГ
Худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг нутаг дэвсгэрийн онцлог, хүн амын нягтрал, эрэлт хэрэгцээ, шаардлагыг харгалзан нийслэлийн Засаг дарга баталдаг. Ихэнх зах, худалдааны төв зуны цагийн хуваарьт шилжсэн гэх боловч томоохон сүлжээ дэлгүүрээс бусад нь 10.00-11.00 цагт үйл ажиллагаа нь жигдэрч байна. Сүлжээ дэлгүүрийн оргил ачаалал цайны цаг буюу 12.00-14.00, оройн 17.30-21.00-т байдаг аж. “Хархорин” зах даваа гарагт амардаг. Бусад өдөр нь 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж буй. Хүүхдээ цэцэрлэгт өгөөд 10.30 цагт захруу ирдэг ч өглөөгүүр худалдан авагч бараг байдаггүй. Харин амралтын өдөр нэлээд хүн ихтэй” гэж ахуйн хэрэглээний бараа борлуулдаг Г.Мөнхөө ярилаа. Түүнчлэн Баянзүрх дүүргийн XIV хорооны нутагт орших авто сэлбэгийн “Өгөөмөр” зах долоо хоногийн лхагва, “Нарантуул” худалдааны төв мягмар гарагт амрахад автомашины хөдөлгөөн эрс багасдаг. Мөн “Баянзүрх” хүнсний зах долоохоног бүрийн пүрэв гарагт амрахад Бөхийн өргөөг тойроод автомашин болон иргэдийн хөдөлгөөн татарч, тухайн хэсгийн оршин суугчид амар амгаланг мэдэрдэг тухай ч ярьж байна.
ЦАГ УРАГШЛУУЛСНААР ЭРТЭЧ БОЛОХГҮЙ
Засгийн газар өнгөрсөн сард цаг урагшлуулж, иргэдийг эртэч болгох санал гаргаж байв. Уг нь бид эрт сэрж, эрт унтахын давуу талыг мэддэг ч хэрэгжүүлж чаддаггүй. Үүнд цаг агаар, улирлын онцлог ч нөлөөлнө. Жишээ нь, эртэч болъё гэсэн ч өвлийн хүйтэнд, харанхуйд хаачих ч билээ. Хотын төвийг эс тооцвол захын хорооллын иргэд тас харанхуйд л ажил, хичээлдээ явдаг шүү дээ. Нийслэлийн Засаг дарга худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийн нээх, хаах дээд, доод хязгаарыг л тогтоохоос биш, эрт онгойх, эсэхэд хяналт тавьдаггүй. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний төв, хоолны газар эрт онгойсон ч үйлчлүүлэгч багатай байх нь. Тиймээс улирлын хийгээд үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолд нийцсэн худалдаа, үйлчилгээтэй, иргэд ч түүгээр үйлчлүүлэх соёлд суралцах хэрэгтэй болов уу.