Еврейн өөртөө засах орны Нижеленинское, БНХАУ-ын Хармөрөн мужийн Тунзян суурингийн ойролцоох улс хоорондын хилийн хэсэг дэх Амар мөрөн дамнасан төмөр замын анхны гүүрний хөдөлгөөнийг нээсэн тухай ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээллээ. Уг хөдөлгөөнийг нээснээр галт тэрэгний эхний цуваа Оросоос Хятадыг зорьсон байна.
Гүүрний барилгын ажлыг ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд 2008 онд байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэжээ. ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан Хятадын түншүүдийн хамт гүүрний Оросын хэсгийг барихад шаардагдах нийт төсвийн 70 гаруй хувийг санхүүжүүлсэн. Төрийн өмчит, хөгжлийн “ВЭБ. РФ” корпорац, “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг төслийн хөрөнгө оруулагчаар мөн ажиллажээ.
Төмөр замын “Нижнеленинское-Тунзян” гармынгүүрний хэсэг нь 2.2 км урт. Энэ гүүр нь 1520 мм (Орос) болон 1435 мм (Хятад) өргөн гэсэн хоёр стандартын дугуйтай галт тэргийг ээлжлэн нэвтрэх зориулалттай. Гүүрэн гарцын хамгийн дээд хүчин чадал нь жилд 20 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх юм.
“Гүүрний хөдөлгөөнийг эхлүүлснээр Орос, Хятадын хооронд дэд бүтцийн хэд хэдэн хязгаарлалтыг арилгасан, тээврийн шинэ коридор нээгдэж байна. Хятадын хойд мужууд руу ачаа тээвэрлэх зай нь одоо байгаа маршруттай харьцуулахад 700 гаруй км-ээр багасна” гэж ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн мэдээлэлд тэмдэглэжээ.
Тээвэр, ложистикийн дэд бүтцийг хөгжүүлэхгүйгээр Орос-Хятадын хамтын ажиллагааны хүчин чадлыг нээх боломжгүй юм. Хятад улс нь ОХУ-ын худалдаа, эдийн засгийн хамгийн том түнш. Тус хоёр орны бараа эргэлт тогтвортой өсөж байгаа бөгөөд энэ онд 150 тэрбум ам.доллар давсныг ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев тодруулав.
“Амар мөрний төмөр замын анхны гүүр нь Орос, Хятадын хил дамнасан хамгийн том төслүүдийн нэг бөгөөд манай сангаас хэрэгжүүлж буй дэд бүтцийн томоохон төсөл юм. Үүнийг ашиглалтад оруулснаар хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, бараа, ачаа тээвэрлэх хуваарь найдвартай, урьдчилан таамаглах боломжтой болж, түүнчлэн ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын чиглэлүүдийн хүчин чадлыг 1.5 дахин нэмэгдүүлнэ. Үүний сацуу гүүрний хөдөлгөөнийг нээснээр холбогдох дэд бүтцийг хөгжүүлэх, нийлүүлэлтийн шинэ сүлжээ бий болгох, холбогдох салбаруудад нэмэлт хөрөнгө оруулалт татахад түлхэц болж байна. Манай хоёр орны хилийн бүс нутгийн эдийн засгийн харилцаа идэвхжих нь 40 гаруй сая хүний амьдралд эергээр нөлөөлнө” гэж тэрбээр тайлбарлав..