Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын шагайн харвааны холбоохамтран энэ сарын 5-6-нд “Скай резорт”-д “Уухай” шагайн харвааны наадам зохион байгуулах нь. ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэлтэй үндэсний спорт тоглоомыг сурталчлах, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү арга хэмжээг нийслэлийн 383 жилийн ойн хүрээнд санаачилжээ. “Уухай”-д оролцох харваачдын хүсэлтийг Монголын шагайн харвааны холбооны цахим хуудсаар хүлээн авч эхэлжээ. Өчигдрийн байдлаар нийслэл, орон нутгаас зургаан баг наадамд оролцохоор бүртгүүлсэн байв. Ташрамд дурдахад, манай улс шагайн харвааг 2001 оноос Үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болгож, албан ёсны дүрмийг нь баталсан бол 2014 онд ЮНЕСКО-д бүртгүүлжээ.