Арваннэгдүгээр сар бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг хүртэх, мэдрэх, ойлгон таних хугацаа. Соёлын яам болон түүний харьяа байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, уран бүтээлчид хамтран “Соёлын бүтээлч сар” аяныг өчигдөр эхлүүллээ. Тус яамнаас өнгөрсөн жилийн өдийд ийм аян санаачлан хэрэгжүүлсэн нь амжилттай, өгөөжтэй болсон тул эдүгээ дахин зохион байгуулж буй аж. Цаашид уламжлал болгох гэнэ. Энэудаа нийслэлээс гадна орон нутагт соёлын үйлчилгээ үзүүлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, уран бүтээлчдийг хамруулж буйгаараа онцлог аж. Тиймээс Улаанбаатар хотод 140, орон нутагт 600 гаруй хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Сарын аяны нээлтийг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Монгол цам” тусгай буюу цөөн хоног гаргах үзэсгэлэнгээр өчигдөр хийсэн юм.
Энэ жилийн аяны бэлгэ тэмдгээр цамыг сонгожээ. Цам нь соёл урлагийн олон төрөл, урлалыг агуулсан байдаг тул соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болдог аж. VIII зууны үед Энэтхэг, Төвөдөд үүссэн хэмээдэг, сэтгэл дэх уур, мунхаг, шунал гэсэн гурван хорыг дарж, алив гай барцдаас ангижруулах утга бэлгэдэлтэй цам нь манай улсад XVIII зууны эхэн үед дэлгэрсэн тухай түүхийн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Монгол цам нь бусад үндэстнийхтэй төстэй ч бүжгийн ая дан, хэмнэл, хувцас хэрэглэлийн загвар, өнгө, дэглэлт, дархан, мужааны ажил, оёдлоороо ялгардаг бөгөөд монголчуудын оюун санааны эд өлгийн зүйлийн давтагдашгүйг илтгэдэг.
Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн “Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдгийг тусдаа, томоохон, эсвэл өөр ойлголт гэж бодох хэрэггүй. Хүн бүр бүтээгч. Албан байгууллагын жижүүр санаачлаад цас хамах багажаа сайжруулан ажлаа хөнгөвчлөхийн сацуу магадгүй үзэмжтэй болгосон бол тэр бүтээлч үйлдвэрлэл мөн. Үүнтэй адил соёлын салбарынхан дор бүрнээ, байгууллага болгон ажилдаа бүтээлчээр хандаж, үр шимийг нь хүртсэн иргэд, олон нийтийн соёлын, тэр дундаа урлагийн тухай ойлголт сайжирч, боловсрол нэмэгдэж байгаа бол бүтээлч үйлдвэрлэл л гэсэн үг. Тэгэхээр хүн бүрийн анхаарлыг үүнд хандуулах, санаа сэдэл төрүүлэх, ойлголтыг нэмэх бүтээлч санаачилгын сар болгож буй юм. “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд хаана, ямар арга хэмжээ болох талаарх мэдээллийг яамны мэдээлэл болон эх сурвалжаас хараад, боломжоороо, гэр бүлээрээ оролцож, үзэж сонирхоорой. Энэ бол иргэдэд зориулсан соёлын цогц үйлчилгээ” гэлээ.
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд олон арга хэмжээг өчигдөр эхлүүлсэн. Тухайлбал, Чойжин ламын сүм музей “Шүтээн зураг” цахим үзэсгэлэнг өчигдөр нээв. Нийслэлийн 28 дугаар сургуульд “Театрын хүүхдүүд” төсөл хэрэгжүүлж байна. Мөн “Чингис хаан” музейг байгуулсан түүхийг гэрэл зургаар харуулсан үзэсгэлэнг дэлгэжээ. Энэхүү сарын аяны үр шимийг гадаадынхан ч хүртэх боломжтой. Катарын нийслэл Дохад зохион байгуулж буй “Нүүдэл” олон улсын үзэсгэлэнгийн нэгэн оролцогч нь Монгол Улс юм байна. Түүнчлэн Уран зургийн галерейнхан “Оны шилдэг бүтээл-2022” үзэсгэлэн нээжээ.
Бэлтгэсэн Р.Оюунаа