-Урин дулаан болж, спорт авиралтынхны бэлтгэлээ базаадаг улирал эхэллээ. Ажил, хичээлийнхээ хажуугаар зав хэр гаргаж байна вэ?
-Францад болсон мөсөнд авиралтын ДАШТ-д оролцсоноос хойш ажил, хичээлдээ анхаарал хандууллаа. Би одоо “Этүгэн” их сургуулийн нүүр ам судлалын ангид сурдаг. Монголд спорт болонмөсөнд авиралт төдийлөн хөгжихгүй байгаа тул гадаадад мэдээллийн технологийн инженерийн чиглэлээр сурахаар зорьж буй. Энэ спорт өндөр хөгжсөн оронд бэлтгэл хийж, ур чадвар, амжилтаа ахиулах бодол бий. Миний хувьд хаврын улирал ажил, хичээл гэсэн жимээр энгийн л үргэлжилдэг. Харин зун хөдөө эрүүл агаарт гарч, хаданд авиралтын бэлтгэлээ базаахад өдөр хоног хурдан өнгөрдөг юм.
-Энэ жилийн мөсөнд авиралтын УАШТ өмнөхөөсөө илүү өрсөлдөөнтэй болсон. Сонирхогчдын ангилалд шинэ танилууд өрсөлдсөн нь үзэгчдийн анхаарлыг их татсан шүү дээ.
-Өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан УАШТ-д олон хүн оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон. Хүмүүс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өвөл алхахдаа хана босгосныг хараад тэмцээнд оролцохыг хүсэж буй нь анзаарагдсан юм. Тэд зохион байгуулагчдаас “УАШТ-д заавал мастер цолтой мэргэжлийн тамирчид өрсөлдөх үү. Бид оролцох боломжтой юу” гээд асууж байлаа. Тиймээс УАШТ-ий төрөлд сонирхогчдын ангилал нэмсэн нь их таалагдсан. Миний харснаар 40, 45 хүртэлх насныхан илүү сонирхож байгаа нь ажиглагдсан. Тэдний олонх нь “Дүнжингарав” худалдааны төвийн хажууханд байрлах спорт цогцолборын зааланд босгосон, олон улсын стандартад нийцсэн 15 метрийн өндөртэй хананд хурд, техник, боулдринг хосолсон бэлтгэл хийдэг. Манай улсад ямар ч насныхан спорт авиралтаар хичээллэх боломж бүрдлээ. Үүнийг хөгжүүлж байгаа мэргэжилтнүүд шинэ багц гаргаснаар хүмүүс утсандаа аппликэйшн суулгаж, дуртай үедээ бэлтгэл хийх цаг авдаг болсон.
-2024 он мөсөнд авиралтын эмэгтэй тамирчдаас Н.Сэлэнгэ та хоёрын хувьд зорилгоо биелүүлсэн өөдрөг жил байлаа.
-Тийм ээ. Тэрбээр БНСУ-д болсон “Дэлхийн цом”-д өрсөлдөгчдөө хэдхэн долиор хожигдоод уйлж байсан бол Канадад болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Харин би өнгөрсөн жилийн ДАШТ-д медалиас шүүрээд алдсан бол энэ удаа багийнхантайгаа Францад хөл тавихдаа эхний III байрт шалгарах зорилго тавьсан юм. Тэр хүслээ биелүүлж хүрэл медальтай ирсэндээ сэтгэл өндөр байгаа. Түүнийг “Дэлхийн цом”-д ямар алдаа гаргасныг харсан болохоор бид ч бас сургамж авч, туршлага хуримтлуулан ДАШТ-д амжилттай оролцохыг хичээсэн.
-Францыг ямар бодолтой зорьсон бэ. Хөл тавьсан эхний өдөр хэр таатай санагдав?
-Францад очиход цаг агаар дулаан байв. Уулынх нь оройд цасаар шуурч, бэлд нь бороо орох нь тун сонирхолтой санагдсан. Тэнд хөгшин, залуугүй цана, сноубордоор гулгаж, цанын баазад амралтын өдрөө үр дүнтэй өнгөрүүлдэг юм билээ. Бид тус улсыг зорихоосоо бэлтгэл, тэмцээнийг хослуулсан нь үр дүнгээ өгсөн. УАШТ, хотын АШТ-ий дараа бэлтгэл хийхэд тамирчдын сэтгэл зүй өмнөхөөсөө өөр болсон нь анзаарагдсан юм.
-Тамирчдад судалгаа хэрэг болдог. ДАШТ-д оролцохоосоо өмнө өрсөлдөгчдөөсөө хэнийг хамгийн их судалсан бэ?
-Лихтенштайн улсын тамирчин Лорина Бек миний хамгийн хүчтэй өрсөлдөгч. Түүний авирах техник, бэлтгэл хэрхэн хийдгийг нь багагүй судалсан. Бид нэг үеийнх, насаар ч чацуу. Тэрбээр Финландад өнгөрсөн жил болсон ДАШТ-д түрүүлсэн юм. Үүнээс хойших бичлэгийг нь сонирхож үзэхэд зохион байгуулсан тэмцээн бүрд алгасалгүй оролцсон байв. Энэ жил Францад ирж, дахин тэргүүлснээр дэлхийн хошой аварга боллоо. Тэргүүн байрын төлөө түүнтэй өрсөлдсөн Швейцарын тамирчин мөнгөн медаль зүүсэн. Лихтенштайн улс 30 мянга гаруй хүн амтай, Төв Европ, Альпын нуруунд оршдог. Газар зүйн хувьд өндөр сүрлэг уулстай тул өвлийн спортоор хичээллэхэд тохиромжтой. Улс нь тамирчдаа бэлтгэл хийх баазаар хангаж, бүх талаар дэмждэг болохыг нь судлах явцдаа мэдсэн. Тамирчид нь оролцсон тэмцээн бүрдээ эх орноо сайтар сурталчилдаг юм билээ.
-Лихтенштайны тамирчид өндөр, биерхүү харагдсан. Манайхан тэдэнтэй найз нөхдийн холбоо тогтоов уу?
-Тэд биднийг өнгөрсөн жил ДАШТ-д хэрхэн өрсөлдсөнийг мэдэх тул “Та нар энэ удаа сэргэлт хийж оролцож байна. Бэлтгэлээ хийдэг ханыг чинь сонирхож харъя” гэв. Цэцэрлэгт хүрээлэнд босгосон найман метр хананы зургийг харуулахад “Ийм хананд бэлтгэл хийдэг хэрнээ ингэж сайн авирлаа гэж үү” гээд шоолж байлаа.
-Манайхан авирахдаа хананы ялгааг мэдэрсэн байх. 15 метрийн өндөрт хурд сорих нь найман метрт бэлтгэл хийхээс асар их ялгаатай л даа.
-Ханаа мэдрээд авирсан ч тэдэн шиг хурд, хүч гаргахгүй байлаа. Тэмцээний дараа дүгнэлт хийхдээ хананы өндрийн ялгаа гарсныг мэдсэн. Бид 15 метр өндөртэй хананы талд нь хүрээд цуцаж байв. Монголд найман метр хананы дөрвөн метрт нь хурд, хүчээ гаргаж, тооцоолол алддаг байж. Ингэж бэлтгэл хийх нь амжилтад сөргөөр нөлөөлдөг болохыг ч ухаарсан. Ирэх жилийн тэмцээнд биеийн хүчний бэлтгэлийг ч давхар базаах ёстойг сайтар ойлгосон доо.
-Монголын тамирчдыг энэ удаа очиход хэр халуун дотно угтаж авсан бол?
-Финландад өнгөрсөн жил болсон ДАШТ-д гадаадын тамирчид бидэнтэй мэндлэхээс цааш хэтэрдэггүй байв. Харин Францад багаараа очиход ойр дотнын найзуудтайгаа уулзаж буй мэт халуун дотно угтаж авсан. Бид энэ удаа эзэн орны багийнхантай танилцаж, олон талын мэдээлэл хуваалцсан юм. Би ДАШТ-д анх оролцохдоо бүх үйл явцыг үзэгчийн нүдээр харж, туршлага хуримтлуулах бодолтой өрсөлдөж байлаа. Тэгвэл энэ жил медаль хүртэх зорилготой явсан. Мөсөнд авиралтын ДАШТ өндөрлөсний маргааш нь Европын АШТ эхэлдэг. Залуучуудын ангиллын ДАШТ-д 19 хүртэлх, харин Европынход бүх насныхан оролцдог юм. Бид техникийн төрөлд оролцсон ч амжилт гаргаагүй. Энэ нь манай улс техникийн авиралтын ханагүйтэй холбоотой. Эл төрөлд Лихтенштайн, Япон, Францын авирагчид тэргүүлсэн. Үнэнийг хэлэхэд, Монголын тамирчид эл төрөлд бусад орны оролцогчоос хол хоцорч байгаа нь анзаарагдсан шүү.
-Монголчууд ДАШТ-ий үеэр тамирчдаа дэмжиж, урам хайрласан сэтгэгдэл хүртэл бичиж байсан санагдана.
-Франц манайхаас зургаан цагийн зөрүүтэй. Тэмцээн Монголын цагаар шөнө эхлэхэд хүмүүс унтаж амралгүй сонирхож үзсэн. Тэд “Дулаан газар даарахгүй байж байгаад тэмцээнд оролцоорой. Бие халаалтаа сайн хийнэ шүү” гэж зөвлөж байв. Олны сэтгэгдэл дунд гэрийнхний минь зөвлөгөө ч харагдсан. Нутаг нэгтнүүдээ нойроо хугаслаад дэмжихийг нь хараад бидэнд ч гэсэн амжилттай өрсөлдөх зориг төрсөн шүү. Онгоцноос буухдаа баяр хүргэхээр олон хүн ирснийг хараад догдолж, огшсон.
-Шүүгчдийг тэмцээний дүн танилцуулах хүртэл сэтгэл тань түгшиж, багагүй хямарсан биз?
-Тэмцээнтэй өдрүүдэд олон зүйл бодож, өөрийгөө хямраах хэрэггүй юм билээ. “Яах бол, чадах болов уу” гэж бодохоор улам сандардаг. Медалийн болзол хангаснаа мэдсэн хэрнээ шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхэлтэл “Би яасан бол оо. Шүүгчид хэрхэн үнэлж, дүнгээ гаргасан бол” гээд их түгшсэн. Шагналын тавцанд гарч, медалиа зүүсний дараа л тайвширсан. Тэр үед “Явсан хэргээ бүтээлээ, зорьсон зорилгоо ч биелүүллээ” гээд бодож байв. Би тэмцээнд оролцох бүрдээ өрсөлдөгчдийнхөө давуу талаас суралцахыг хичээдэг. Надтай өрсөлдөгчдөөс Швейцарын тамирчин удаан авирсан. Намайг 20 секунд авирахад тэрбээр 50 секунд авирч байлаа. Тамирчид түүний тайван авирахыг харсан болохоор эхний хоёр байрт шалгарна гэж огт төсөөлөөгүй. Медалийн төлөөх өрсөлдөөнд тэрбээр сүүлийн авиралтаа хийхдээ хурд, хүчээ өмнөхөөсөө илүү гаргасан. Хананы мөсөнд багажаа зоохдоо заавал бататгаж үзээд, дээшилж байв. Түүний тооцоолол олныг гайхшируулсан. Тактик нь тэмцээний эхэнд өөрийгөө амрааж, ядраахгүйгээр авирч, сүүлийн хэсэгт басаж болохгүйг харуулах байв. Би өнгөрсөн жил Финландын тамирчин, 19 настай Тилда Куйканвиртад хэдхэн долиор ялагдчхаад сэтгэл гонсойн, надад итгэсэн хүмүүсийн царайг яаж харна даа гэж бодож байсан. Тэгвэл энэ удаа гэртээ нүүр бардам, баяртай хөл тавилаа.
-Гадаадын тамирчидтай инстаграмаар санал бодлоо солилцож, туршлага хуваалцав уу?
-ДАШТ-д оролцсон тамирчид бэлтгэл хэрхэн хийж буйгаа сторидоо оруулдаг. Бид өнгөрсөн жилийнхээс илүү нээлттэй харилцдаг болсон. Саяхан багаараа АНУ-ын шигшээ багийн тамирчин Ландерс Гайдоштой сонирхолтой яриа өрнүүллээ. Бид гадаадын тэмцээнд оролцдоггүй байхдаа гарт тааралдсан багажаараа авирдаг байв. Тэр нь хэдэн жилийн өмнөх хуучин загвар тул их хүнд. Өнгөрсөн жилийн ДАШТ-д гадаадын тамирчдын хамгийн сүүлийн үеийн загвартай хөнгөн, овор багатай багажаар авирахыг хараад атаархаж байлаа. Энэ жилийн тэмцээн ах нарын оролцох тэмцээний товлосон хугацаанаас зөрсөн тул багажийг нь авч явсан. Парисын олимпын наадмын спорт авиралтын тэмцээнд Индонезийн тамирчид сайн өрсөлдөх болов уу. Тэднээс Ведрия Леонардо дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн. БНСУ, Япон, ОХУ-ын тамирчид техник, боулдринг, БНХАУ, Ираных хурдны төрөлд ширүүхэн өрсөлдөөн харуулах байх.
-Таныг “Монгол натур мед” уламжлалт сэргээн засах төвд сайн дурын ажил хийдэг гэж сонссон.
-Тийм ээ. Байгууллагын маань хамт олон спортод дуртай. “Натур мед” волейболын клубтэй. Тус клубийн тамирчид жил бүр “Үндэсний дээд лиг”-т өрсөлддөг. Тэд энэ жил аваргын төлөө “Өмнөговь шанх транс” багийнхныг 3:0-ээр хожиж, түрүүлсэн. Монголд ирээд ажлынхантайгаа уулзалгүй байж байгаад сар шинийн баярын үеэр байгууллагын золголт болоход гэнэт яваад орлоо. Тэгсэн манайхан “Хүүе ээ, Анар ирчихсэн байна” гээд шуугилдаад эхэлсэн. Тэд ДАШТ-ээс хүртсэн медалийг минь зүүж, зургаа авхуулсан шүү.
-Тамирчин хүнд эрч хүч өгдөг онцгой медаль байдаг даа. Танд ямар тэмцээнээс гардсан шагнал тань урам төрүүлдэг вэ?
-ДАШТ-ий хүрэл медалиасаа урам авдаг. Ээж медалийг маань гэрийнхээ хойморт, бурхныхаа дэргэд нэг хэсэг залсан. Найз нөхдөө зочлоход нь “Охины минь ДАШТ-ээс хүртсэн медаль” гээд харуулна. Миний хувьд залуучуудын ангилалд ДАШТ-ээс медаль зүүх сэн гэж олон жил бодсон. Ирэх жил насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөнө. Шилдгүүдтэй хурд сорих болохоор үүрэг, хариуцлага өмнөхөөсөө илүү нэмэгдэх байх. Би ОУХМ цолны болзол хангасан. Одоогоор үнэмлэхээ хараахан аваагүй байна. Биеийн тамир, спортын улсын хороо цол зэргийн хурал хийсний дараа тамирчдад албан ёсоор гардуулдаг юм.
-Танайхан спортоор амьсгалдаг гэр бүл шиг. Энэ спортод хөл тавихад ах тань багагүй нөлөөлсөн гэж боддог юм.
-Ц.Эринсанаа ах энэ спортоор олон жил хичээллэхдээ хоббигоо хөгжүүлж, ажил, амьдралаа болгосон. Тэрбээр экстрим аяллын “79K travel” компани байгуулж, үйл ажиллагаа явуулдаг. Аяллын хөтчөөр ажиллаж, хүмүүсийг шүхрээр буулган, байгалийн хаданд авируулна. Бага ах Ц.Ананд “Этүгэн” их сургуулийн III дамжааны оюутан. Маркетинг, менежментийн чиглэлээр сурдаг. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн “Этүгэн” багт тоглодог. Би бага ахаасаа хоёр насны зөрүүтэй болохоор үеийнхэн шиг нь харьцдаг юм. Том ах шударга үгтэй. Магтаж, зөвлөөд байдаггүй ч цөөн үгээр санаагаа ойлгуулдаг. Өнгөрсөн жил ДАШТ-д оролцоход “Чи эхний 10 байрт орно шүү” гэв. Энэ жил “Медаль хүртэхгүй бол хойшид оролцохоо боль” гэсэн нь том даалгавар өгснөөс ялгаагүй санагдсан. Францад хөл тавихдаа ч ахын “Боль, боль” гэж хэлсэн үгийг марталгүй санаж явлаа. Бүр тэмцээний хананд авирахад хүртэл бодогдож байв. Медаль хүртсэний дараа “Хичээвэл болж л байгаа биз дээ” гээд урам хайрласан. Хэн нэгний хэлсэн магтаалаас илүү хурцалсан үг сэтгэлд хоногшдог юм билээ.