Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өнгөрсөн баасан гарагт УБЕГ-т ажиллалаа. Энэ үеэр улс төрийн зарим намын төлөөлөл, сэтгүүлчид УБЕГ-аас иргэний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл авав. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар өнгөрсөн сарын 29-нөөс зургаадугаар сарын 29-нийг хүртэл иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Олон мянган сонгогчийг зорилготойгоор шилжүүлсэн гэх мэдээллийг зарим нам, улс төрч олон нийтэд өгөөд буй. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хороонд ямар нэгэн албан бичиг, шаардлага ирээгүй гэнэ. Гэхдээ УИХ-ын сонгууль зохион байгуулах чиг үүргийнхээ хүрээнд бодит мэдээллийг тодруулах, олон нийтэд хүргэх үүднээс тус байгууллагад ажиллаж байгаагаа Сонгуулийн ерөнхий хорооны дарга онцолсон.
УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Төгөлдөр шилжилт хөдөлгөөний талаарх тоон мэдээллийг хүргэв. Сүүлийн таван жилийн бүртгэлийн мэдээллээс үзэхэд 2019 онд 145 088 хүн бүртгэл хийж байсан бол 2020 онд хамгийн их буюу 278 180 бүртгэл бичигджээ. Харин 2024 онд шилжилт хөдөлгөөнийг зогсоох хүртэл 70 071 иргэн шилжсэн байна. Бүртгэлийн байгууллага нь иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй талаар тэрбээр мэдээлсэн. Сонгогчдын нэрийн жагсаалтыг өнгөрсөн сарын 1-нээс https://election.burtgel.gov.mn цахим хуудсанд байршуулсан. Одоогоор 17 мянган сонгогч мэдээллээ шалгаж байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Өөрийнхөө мэдээллийг шалгаж, тухайн хаяг дээр өөр хүн байгаа бол гомдол гаргаж, шийдвэрлүүлэх бүрэн боломжтойг УБЕГ-ын дарга Тамгын газрын дарга Г.Цолмон мэдээлэлдээ онцлов. Сүүлийн таван жилийн хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар авах хүсэлтээ АН-ынхан УБЕГ-т өгөөд байна.