Сэлбэ голд халиа, тошин үүссэнтэй холбоотойгоор мөсийг нь хагалан зөөж, Туул голд буюу Сонсголонгийн гүүр орчим дасгаж эхэлсэн билээ. Өчигдрийн байдлаар уг ажил тав дахь өдрөө үргэлжилж байв. Мөсийг шөнийн цагаар зөөж буйг Геодез, усны барилга байгууламжийн газрынхан мэдээллээ. Мөн сүүлийн өдрүүдэд хүйтэрч, цас орсны улмаас халиа ихсэж, Сэлбэ гол үерлэх эрсдэл нэмэгдсэнийг албаныхан нь хэллээ. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл 200 гаруй айл усанд автах эрсдэл үүсээд байгаа аж. Гэсэн ч мөс зөөх, далан барих зэрэг ажил нь дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ. Халиа, тошингийн эсрэг дорвитой арга хэмжээ аваагүй байтал шар усны үерийн улирал эхлэх дөхлөө. Өнгөрсөн жил олон айл үерийн усанд автаж, автомашины замаар их хэмжээний ус урсаж байв. Үүнтэй адил хэмжээний үерт Сэлбэ гол өртөж болзошгүйг мэргэжлийн байгууллагынхан сануулж байна.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн