ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргийн хамт манай улсад хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд айлчилж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч болон албаны хүмүүс Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ажиллагаанд оролцож, дараа нь хамтарсан мэдэгдэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс, ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд төрийн айлчлал хийж буйд талархаж байна. Энэхүү айлчлал нь Монгол-Германы ард түмний хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээлээ. Ирэх 50 жилд бидний харилцаа стратегийн түншлэлийн түвшинд өргөжин тэлж, ололт амжилтаар дүүрэн байх эхлэлийг тавьлаа. Стратегийн түншлэлийн хамтарсан тунхаглалыг гаргалаа. Олон улсын тээвэр, эдийн засаг, археологи, хууль, соёл, байгаль орчны чиглэлээр баримт бичигт гарын үсэг зурсан. Боловсролын салбарт харилцаагаа өргөжүүлж, оюутан сургах тохиролцоонд хүрлээ. Анх Д.Нацагдорж тэргүүтэй 30 залуу Германд суралцахаар очиж байсан түүхэн жим өнөөдөр ч үргэлжилсээр байна. Дээрх хугацаанд 35 мянга гаруй иргэн боловсрол эзэмшжээ. Цаашид хөгжлийн бодлогын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эрчим хүчний шилжилт, байгаль орчны чиглэлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар боллоо” хэмээн тодотгосон юм.
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр “Юуны түрүүнд намайг найрсгаар хүлээн авсан та бүхэнд талархаж байна. Дахин Монголд ирсэндээ баяртай байна. Өнөөдрийн айлчлал миний хувьд 2014 оноос хойш 2 дахь айлчлал юм. Герман Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны Сайд байхдаа ирж байсан бол өнөөдөр 50 жилийн ойн босгон дээр ирлээ. Бид хагас зуун жилийн туршид сайн харилцаатай явж иржээ. Ардчилсан үнэт зүйл, хууль дээдлэх чиглэлд санал нэгдэж, нягт уялдаа холбоотой байсан. Энэ хугацаанд олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн учраас өнөөдөр Стратегийн түншлэлийн түвшинд гэрээ зурсанд баяртай байна. Цаашид эдийн засгийн салбарт харилцаагаа өргөжүүлэх эрмэлзлэлтэй. Ирэх гуравдугаар сард Германы цахим, дэд бүтцийн сайд, бизнес эрхлэгчдийн хамт Монголд ирнэ. Тиймээс 2024 онд эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.