Сэлбэ голд халиа, тошин үүссэний улмаас түвшин нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй билээ. Улмаар голын мөс дулааны шугамд тулсан байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох албаныхан өчигдөр газар дээр нь ажиллажээ. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Сэлбэ голд үүссэн халиа, тошинг тогтмол хэмжиж байгаа. Сэлбийн гүүрний доод хэсэгт, голын гүнд суваг нээн, урсгалыг нь сайжруулахаар ажиллаж байна. Халиа үүссэн гол шалтгаан нь хөрсний ус юм. Өнгөрсөн зун бороо их орж, гол үерлэснээс хөрсний ус ихээр хуримтлагдсан.
Бүтээн байгуулалтын улирал эхлэхээр юуны түрүүнд Сэлбэ голын далангуудыг хүчитгэнэ” хэмээв. Мөн “Геодез, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Халиа, тошинтой байршилд усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна. Дулааны шугамтай хэсгүүдэд ус бүрэн хөлдөхгүй байгаагаас шалтгаалан усны түвшин бага багаар нэмэгдэж буй. Дэнжийн мянга орчим, 39 дүгээр сургуулийн урд хэсэгт нөхцөл байдал хүндрэх төлөвтэй. Тиймээс Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын, Сонгинохайрханы Тохижилтын хэлтсийнхэн газар дээр нь ажиллаж, арга хэмжээ авч байгаа. Өөрөөр хэлбэл, голын мөсийг техникээр хагалж, сэтлэн, суваг гаргаж буй гэнэ. Мөн гаргасан мөсөөр нь далан босгох зэрэг арга хэмжээ авч байна” гэв.
Бэлтгэсэн: М.Оч