УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар ирэх оны улсын төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Ингэхдээ УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 22.1-т заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шалгуурыг хангасан, эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэнээр дээрх төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлсэн юм.
Уг нь төсвийн төслийн хэлэлцүүлгийг өмнөх өдөр нь буюу пүрэв гарагт эхлүүлж, 21.00 цаг хүртэл үргэлжилсэн. Улмаар дээрх санал хураалтыг явуулах гэтэл гишүүдийн ирц хүрээгүй юм. Тухайн үед танхимд гишүүн С.Одонтуяа, Д.Тогтохсүрэн, Х.Ганхуяг, Д.Цогтбаатар, Н.Энхболд, Б.Пүрэвдорж, Б.Бейсен, Г.Ганболд, Ш.Адьшаа, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, П.Анужин нар л үлдэж, сайд Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, Х.Булгантуяа, С.Чинзориг нар тэдний асуултад хариулж байлаа. Үндсэн хууль, УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар парламентаар хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн тоо хамгийн багадаа 39 байх ёстой. Харамсалтай нь, ирц туйлын хангалтгүй байсан тул төсвийн төслийг “унагахаас” болгоомжилж санал хураалтыг дараагийн өдрийн хуралдаан руу шилжүүлсэн хэрэг. Энэ өдөр Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ.