Есдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдах “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Тус чуулгын өмнө Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү-тэй уулзлаа.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү “Энэ жил Монгол Улсад хоёр удаа айлчилсан бөгөөд өнгөрсөн хугацаанд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарал хандууллаа. Тодруулбал, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төсөл юм. Хэдийгээр тулгамдсан асуудлууд удаа дараа гарч байсан хэдий ч Улсын Их Хурлын даргын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж дууссаныг дуулгахад таатай байна. Өнөөдөр Улсын Их Хурлын даргатай уулзах завшаан тохиож буйтай холбогдуулан уг төслийн тайланг гардуулахад туйлын баяртай байна. Бидний цаашдын хамтын ажиллагааг бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Улсын Их Хурлын даргын дэмжлэг чухал” гэдгээ илэрхийлжээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улс, БНСУ-ын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын зүгээс хоёр улсын парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч, анхаарч ирсэнд талархал илэрхийлье” гэв. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессын шинэчлэлийн талаар танилцуулж, санал солилцлоо.
Талууд хоёр улс харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн тулд хамтын ажиллагааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгдэв. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцов. Дараа нь хатагтай Ким Ён Жү Улсын Их Хурлын дарга, гишүүдэд БНСУ-ын Үндэсний Ассамблейн танхимыг танилцууллаа.