Өнгөрсөн долдугаар сараас хойш орсон хэд хэдэн удаагийн борооноор Улаанбаатар хот үерт автаж, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, гэр хороолол, орон сууцын хотхонууд бохироор угаагдсан. Гэр хороолол дахь хэдэн мянган нүхэн жорлон, угаадасны нүх, гудамж, талбайд ил задгай орхисон хог хаягдал, нус, цэр, шүлс гээд хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд халтай бүхэн үерийн устай нийлэн урсаж, хотын төвөөр нэг тархсан юм. Үүнээс улбаатайгаар хүн амын дунд олон төрлийн халдвар тархах эрсдэлтэйг ЭМЯ, ХӨСҮТ, нийслэлийн Эрүүл мэндийн газраас тухайн үед сэрэмжлүүлж, олон нийтэд мэдээлэл түгээж байв.
Мөн эрүүл ахуйн эмч, мэргэжилтнүүд “Намар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө, хөл хөдөлгөөн багатай үед нийслэлийн хэмжээнд олон удаагийн давтамжтай цэвэрлэгээ, ариутгал зайлшгүй хийх шаардлагатай” хэмээн анхааруулж, зөвлөсөн. Гэвч энэ ажлыг хариуцсан байгууллагууд ариутгал, халдваргүйжүүлэлтээ ор нэрийн төдий хийсээр өнөөдрийг хүрлээ. Үр дүнд нь иргэд эрүүл мэндээрээ хохирч, эрсдэл үүрч байна.
Голын хамгаалалтын далан сэтэрснээс, уруйн үер бууснаас их хэмжээний усанд автсан хэд хэдэн байршил буй ч хотын хаа сайгүй нүхэн жорлонгийн ялгадастай шингэн тархсан. Гэтэл нийслэлийн Хот тохижилтын газрынхан их хэмжээний үерт автсан байршлууддаа л анхаарч, тэндээ “эргэлдсээр”. Тухайлбал, энэ сарын эхээр уруйн үер буусан, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Бага Дарь-Эх орчимд цэвэрлэгээ, ариутгалын ажлыг хэд хэдэн удаа хийж, нийт 61 мянган ам метр газрыг халдваргүйжүүлснээ тус байгууллагаас тайлагнав. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 17 хүртэл ариутгалыг үе шаттай хийсэн гэж мэдээллээ. Гэтэл үүний цаана хүн ихээр төвлөрдөг зах, худалдааны төв, нийтийн эзэмшлийн гудамж, талбай гээд ариутгал, халдваргүйжүүлэлт зайлшгүй хийх ёстой өчнөөн газар орхигдоод байна.
Улаанбаатарчуудыг сандаргаж, гамшигт хэр зэрэг бэлэн байгааг нь шалгасан саяхны борооноор ташраараа усанд автсан “Алтай”, “Тэлмүүн” хотхон орчимд гэхэд ариутгал, халдваргүйжүүлэлт ер хийгээгүйг оршин суугчид нь хэллээ. Сэлбэ голын дагуу үерийн хамгаалалтын далан болгож тавьсан шуудайтай шороо, хайргануудаа ч одоо хүртэл аваагүй гэнэ. “Нүхэн жорлонгийн ялгадастай ус энэ шороонд ч шингэсэн байж таарна” хэмээн хотхоны иргэд сэжиглэж, болгоомжилж буй ч явган хүний зам хаан босгосон өнөөх “хиймэл” далан дээгүүр туучихаас аргагүйд хүрч байгаа аж. Нээрэн л үерийн усанд хуримтлагдсан тэр их нян, бактери дамжин өнгөрсөн, хүрсэн болгондоо халдахаас яах билээ. Гэтэл үүнд өртсөн шороон байгууламжийг өдий болтол байрнаас нь хөдөлгөөгүй, цэвэрлээгүй буй нь ариутгах, халдваргүйжүүлэх ажил хариуцсан хүмүүс үүргээ хэр зэрэг гүйцэтгэдгийг харуулж байна.
Энэ зуны үерээс хойш холбогдох байгууллагынхан нийслэлийн хэд хэдэн байршилд ус болон хөрсний бохирдлын судалгаа, шинжилгээ хийсэн. ЦУОШГ-ын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийнхон БОАЖ-ын сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн 41 цэгээс усны дээж авч шинжлээд Сэлбэ, Улиастай, Дунд голыг V зэргийн бохирдолтой гэж дүгнэсэн юм. Нийт дээжийн 22.2 хувьд нь гэдэсний бүлгийн, 16.6 хувьд нь халуунд тэсвэртэй савханцар, 38.8 хувьд нь E.coli илэрсэн гэж судлаачид мэдээлж байв. Мөн уг шинжилгээний хариунд үндэслэн нийслэлийн ЗДТГ, Туул голын сав газрын захиргаа зэрэг зохих шатны байгууллагуудад халдварын эрсдэл, бохирдлыг бууруулах чиглэлээр яаралтай арга хэмжээ авах дүгнэлт, зөвлөмж хүргүүлснээ ч онцолсон.
Түүнчлэн Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрынхан Туул голын дагуух дөрвөн байршилд хөрсний эрүүл ахуйн шинжилгээ хийгээд муу дүн тавьсан байдаг. Шинжилгээ авсан бүх цэгт агааргүйтэн нян (перфрингенс титр), гэдэсний бүлгийн савханцар их хэмжээгээр илэрснийг экологичид дурдаад, тухайн бүсэд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг дор бүрнээ ариутгал хийхийг, иргэдийг халдварын эрсдэлээс сэргийлэхийг анхааруулсан юм. Харамсалтай нь, эдгээр судалгаа, шинжилгээний мөрөөр чухам юу хийж, ямар үр дүн гаргасан нь тодорхойгүй үлдэв. “Бохирдлын хэмжээг чинь тогтоогоод өглөө. Өөрсдөө л учраа олоорой” гээд орхисон юм даг уу даа.
Нийслэлчүүд сүүлийн үед “Улаанбаатарт өмхий үнэр нэвт шингэчихэж”, “Цэвэрлэх байгууламжийнх шиг таагүй үнэр өглөө, оройд үнэртэж байна” гэж ярих болсон нь хэтрүүлэг, хий хоосон яриа биш. Угаас Улаанбаатарт үерээс үүдэлтэй бохирдлын ул мөр хаа сайгүй үлдчихээд байна. Бороо орж, газар дэвтсэн, эсвэл салхитай үед таагүй үнэр энд тэндээс ханхийх болсон нь үүний илрэл юм. Хөрсөнд нэвчсэн бохирдол тийм ч амар арилдаггүйг мэргэжлийн хүмүүс хэлж буй. Монголын халдваргүйтгэл, ахуйн шавж, мэрэгчтэй тэмцэх холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, эрүүл ахуйн тэргүүлэх зэргийн эмч А.Баасанжав “Газрын хөрсний өнгөн хэсгийн 8-12 см-ийн гүнд нүдэнд үл үзэгдэх вирус, бактери, нян байдаг. Тэдгээр нь өвөл хөлдөж, зун гэссэнээр гэдэсний халдварт өвчин, сүрьеэгийн савханцар, хоолны хордлого үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс нийтийн эзэмшлийн зам, талбай, гуу жалга, хүүхдийн тоглоомын талбайг тогтмол ариутгаж, халдваргүйжүүлэх шаардлагатай.
Үерийн дараа энэ бохирдол эрс ихэсдэг. Иймд цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийх хэрэгтэй” хэмээн онцолсон байна билээ. Эндээс хөрсний бохирдол гэдэг өнгөн хэсгийн тоос, шороогоор хэмжигдэхээргүй зүйл гэдгийг ойлгож болохоор байна. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол, үр дүнтэй хийх нь хэчнээн чухал болохыг дурджээ. Гэтэл нийслэлийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүс “Сүүлийн 30-40 жилд тохиогоогүй томоохон хэмжээний үер буулаа”, “1966 оны үеийнх шиг их ус орж ирлээ” хэмээн сүржигнэсэн шигээ үерийн дараах хор уршгийг арилгах, нөхөн сэргээх арга хэмжээ авсангүй. Үерээс хойш өчнөөн олон хоног өнгөрөхөд дорвитой ажил хийгээгүй атлаа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа юу юугүй эхлэх дөхсөн, хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн энэ үед тусгай зориулалтын мананцар үүсгэгч ашиглан төвийн зургаан дүүрэгт урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийнэ ч гэж байх шиг.
Иргэд ч эрүүл ахуй, хүрээлэн буй орчны бохирдлын талаар мэдлэг, мэдээлэл дулимаг нь энэ өдрүүдэд илүү тод харагдах боллоо. Борооны дараа ариутгал, халдваргүйжүүлэлт бүрэн гүйцэд хийгээгүй байхад л гудамж, талбайд жимс, хүнсний ногоо хээвнэг худалдаж зогсох хүн энд тэндгүй. Түүгээр үйлчлүүлдэг хүн ч тасрахгүй юм. “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоо жимс, жимсгэнэ худалддаг нэгэн бүсгүй “Газар дээр тавиад зарж байгаа биш, яав л гэж. Байгаль өөрийгөө цэвэрлэчихдэг юм. Ингэж зараад удаж байна” хэмээн хээвнэг ярив. Уг нь ийм их хэмжээний зай талбайг хамарсан, удаа дараагийн үерийн дараа цэвэрлэгээ, ариутгалын ажлыг өргөн хүрээнд, нэг бус удаа зохион байгуулах ёстой юм. Гудамжинд хүнсний бүтээгдэхүүн ил задгай худалдаалах байтугай амны хаалтгүй удаан зорчихгүй байхыг эмч, мэргэжилтнүүд анхааруулж буй. ДЭМБ-аас нийслэлчүүдийг, ялангуяа гэр хорооллынхныг ундны усаа хүртэл сайтар ариутгаж, буцалгаж хэрэглэхийг зөвлөж байгаа. Гэтэл улаанбаатарчууд дэргэдээ буй эрсдэлийг үл хайхран “нүцгэн” туучсаар. Эл асуудлыг хариуцсан албаны хүмүүс ч иргэдийн мэдлэг, мэдээлэлгүй байдлыг далимдуулан үүрэгт ажлаа умартсаар. Орчны бохирдлоос үүдэлтэй өвчлөл сүүлийн жилүүдэд эрс ихсэж байгааг ХӨСҮТ-ийн эмч нар анхааруулсан. Энэ зуны борооноос үүдэлтэй бохирдол хүн амын дундах халдварын тархалтыг хэр зэрэг “өрдөх”-ийг төсөөлшгүй.
Бэлтгэсэн: Н.Мишээл