Нийслэлд авто зам засварлах ажил үргэлжилж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 3, 4 дүгээр хороо буюу Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэнэ. Тус замыг өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ны 23:00 цагаас 29-ний 06:00 цаг хүртэл зорчих хэсгийг нь түр хааж, асфальт бетон хучилт хийх юм.
Мөн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо буюу Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэнэ. Уг авто замыг маргааш буюу долоодугаар сарын 28-ны 23:00 цагаас 30-ны 06:00 цаг хүртэл хааж, хучилт хийхээс гадна суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлахаар болжээ.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн KFC-ийн уулзвараас Дүнжингаравын гудамж буюу Богдхан уулын арын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэнэ. Долоодугаар сарын 28-ны 00:00 цагаас наймдугаар сарын 15-ны 06:00 цаг хүртэл тус авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.