Нийслэлийн 37, 50 дугаар сургуульд сурагчдыг шүдний үзлэгт тогтмол хамруулах төсөл хэрэгжүүлж байна. Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй эл төслийн гол зорилго нь амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх тогтолцоог нэвтрүүлэх, цаашлаад хүн амын шүдний өвчлөлийг бууруулах аж. Төсөл хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээрх сургуулиудын сурагчдыг амны хөндийн үзлэгт хамруулахад 95 орчим хувь нь шүд цоорох өвчтэй байжээ. Японд хүүхдүүдийг амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд фторт уусмалаар ам зайлах туршлагыг бага сургуулиудад нэвтрүүлсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл, өвчилсний дараа эмчлэх бус, түүнээс урьдчилан сэргийлэх нь чухал гэж үздэг байна. Уг туршлагыг ирэх хичээлийн жилээс дээрх хоёр сургуульд нэвтрүүлэхээр төсөл хэрэгжүүлэгчид бэлтгэж буй гэнэ.