ХХААХҮЯ-ны зарим ажилтны хариуцлагагүй байдал, хүнд суртлаас шалтгаалж мах экспортлохдоо олон сая төгрөгийн алдагдал хүлээсэн хэмээн зарим иргэн өчигдөр мэдээллээ. Тодруулбал, иргэн Б.Энхцэцэг “Аж ахуйн нэгжүүдийн яг ижил нөхцөлд бэлтгэсэн махыг ялгаварлан квот олгосны улмаас 15 чингэлэг бүтээгдэхүүн экспортолж чадалгүй гурван жил хүлээсэн. Ингэснээр 50 хувь нь чанарын шаардлага хангахгүй болж, багаар бодоход 200 сая төгрөгийн хохирол амслаа. ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан хохирлыг барагдуулна гэсэн ч өдий болтол хариу өгөлгүй байсаар одоо хариуцах эзэнгүй болсон” гэсэн юм. Түүнчлэн салбарын шинэ сайд нь тэднийг хүлээн авч уулзан, махных нь хадгалалтын горим алдагдаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаж байвал урд хөрш рүү нийлүүлэхийг зөвшөөрсөн ч мөн л үр дүнд хүрээгүй бөгөөд асуудлаа шийдвэрлүүлэхийг хүсэж буйгаа илэрхийллээ.