УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгор боловсруулсан Үндэсний Их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэж, ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн “даян аварга” гэсний дараа “даян аварга цолтой бөх ес даван түрүүлбэл дархан аварга” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийн “Улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхийн” гэснийг “Бөхийн цолны” гэж өөрчлөх саналуудыг олонх дэмжсэн.
Хуулийн төслүүдэд
- аймгийн баяр наадмын тэгш ойд 256 бөх барилдах,
- улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулах,
- аймгийн баяр наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авах,
- хариуцлагын механизмыг Улсын баяр наадамтай адилтган авч үзэх,
- Үндэсний их баяр наадмын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль хоорондын зөрчлийг арилгах, хуулийг нэг мөр хэрэглэх эрх зүйн орчныг бий болгох зэрэг зохицуулалтуудыг тусгаж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулжээ.
"Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-нд бүх нийтээр амарна гэж заажээ. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.6-д наадмын бүх нийтийн амралтын өдрийг 11, 12, 13, 14, 15-н гэж тэмдэглэсэн. Тиймээс долдугаар сарын 10-ны өдрийг орхигдуулсан нь зөрчил үүсгэж байгаа учраас зөрчлийг арилгах шаардлагатай гэдгийг хууль санаачлагчид онцолж байна.