УИХ өнгөрсөн баасан гарагт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлав. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ хөтөлбөрт 11 зорилго дэвшүүллээ. Ингэснээр намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх манлайлал, ил тод байдлыг сайжруулна. Олон нийтийн итгэлийг хүлээсэн, авлигаас ангид, ёс зүйт нийтийн албыг бэхжүүлэх зорилгыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ” хэмээн онцолсон юм.
Өмнөх хөтөлбөрийг 2016 онд баталсан бөгөөд 75 хувьтай хэрэгжүүлсэн гэж дүгнэжээ. Улс төрийн орчинд авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайлал, ил тод байдлыг төгөлдөршүүлэх ажлын хэрэгжилт сайнгүй байсан тул сая баталсан хөтөлбөрт тусгайлан тусгасан байна. Ингэхдээ сонгуулийн болон сонгуулийн бус үеийн санал худалдаж авах бүх хэлбэрийг хориглох эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нам болон бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг олон нийтээр хэлэлцүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх харьяаллыг тодорхой болгохоор заажээ. Тус хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд дээрх зорилтод хүрснээр сонгуулийн зардлыг бууруулан, ижил, тэгш өрсөлдөх боломж бүрдэнэ гэж үзэж буй аж. Мөн төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэн ил тод, үр ашигтай, хариуцлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлэх зорилтуудыг хөтөлбөрт нарийвчлан оруулсан байна.
Бэлтгэсэн: Б.Уран