Эрүүл мэндийг дэмжих сан (ЭМДС)-г 2006 онд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр байгуулсан. Өөрөөр хэлбэл, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох, энэ чиглэлийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалтын ажил зохион байгуулах зорилгоор үүсгэсэн байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд сангийн мөнгийг эрх мэдэлтнүүд зориулалтын бусаар зарцуулж, шамшигдуулсаар ирсэн байж болзошгүй талаарх зарим мэдээллийг “Өнөөдөр” сонин өнгөрсөн тавдугаар сарын 30-ны дугаартаа ил болгосон билээ. Тодруулбал, “Эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгийг тусгай мэргэжлийн төвүүдээр дамжуулан“ угаадаг” байж болзошгүй” нийтлэлдээ бид Үндэсний аудитын газраас сангийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд удаа дараа аудит хийсэн шалгалтын зарим ноцтой зөрчлийг түүвэрлэн олон нийтэд хүргэсэн юм. Харин үүнээс хойш буюу долоо хоногийн дараа Засгийн газраас “Шилэн” ажиллагааны хүрээнд ЭМДС-гийн мэдээллийг олон нийтэд ил болгосон. Гэвч нээлттэй болгосон мэдээлэлд санг байгуулсан цагаас хойших хоёр жилийнх нь зарцуулалтын дүн байхгүй. Мөн санхүүжилт авсан бүх төслийг “үйл ажиллагааны хэрэгжилт хангалттай” хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ АУДИТЫН ДҮГНЭЛТЭЭС “АЛД ДЭЛЭМ” ЗӨРЖ БАЙНА
ЭМДС-гийн хөрөнгөөр 2008 оноос хойш хэрэгжүүлсэн 1286 төсөл, арга хэмжээний 98.51 хувийг нь хангалттай үр дүн гаргасан гэж дүгнэжээ. Тэгвэл үлдсэн 1.49 хувийг нь буюу 18 төслийг 2023 онд шалгаруулсан, “хэрэгжиж эхлэх шатандаа” гэж тодотгосон байна. Ямар үндэслэл, шалгуураар 1268 төслийг 100 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн нь тодорхойгүй.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийн зарцуулалтын мэдээлэл, төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэл, тайлан, үр дүн зэргийг 2023 оны зургадугаар сарын 1 гэхэд shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулах албан даалгаврыг Ерөнхий сайд холбогдох албаныханд өгсөн юм. Үүний дагуу ЦХХХ-ны сайд Н.Учрал “ЭМДС-гийн зарцуулалтын мэдээллүүд хараахан бүрдээгүй, холбогдох баримт бичгүүд нь дутуу” гэсээр хамгийн сүүлд шилэн дансанд байршуулсан. Ерөнхий сайдынхаа албан даалгаврыг хугацаанд нь биелүүлэх гэж яарснаас болсон уу, ямартай ч сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслүүдийг 100 хувийн гүйцэтгэлтэй, хэрэгжилт нь хангалттай гэж үзсэн нь аудитын удаа дараагийн шалгалтын дүгнэлтээс “алд дэлэм” зөрж буйг дахин онцлох нь зүйтэй болов уу.
34.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОЖЭЭ
2008-2023 онд ЭМДС-гаас 771 байгууллагад 34.4 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгосныг shilen.gov.mn-д мэдээлжээ. Үүнээс 2013-2014, 2017-2018 онд хамгийн олон төсөлд их хэмжээний хөрөнгө хуваарилсан байх юм. Тэгвэл хамгийн ойрын жишээ дурдахад, 2022 онд сангийн хөрөнгөөр 72 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн бөгөөд мөн л бүгдийнх нь “үйл ажиллагааны хэрэгжилт хангалттай”. Энэхүү тайлан, мэдээллийг дээрх цахим хуудсанд байршуулахдаа Засгийн газрын 37 дугаар тогтоолд тусгасны дагуу “Тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланд аудит хийж, дүгнэлт гаргана” гэснийг огт үндэслээгүй, яаран “шивсэн” байх магадлалтайг дараах баримтуудаар тодруулъя.
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр тушаалаар сангийн хөрөнгөөс Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд 54.3 сая төгрөгийг төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл дээрх санхүүжилтийг тодорхойгүй шалтгааны улмаас АШУҮИС-д шилжүүлснийг Үндэсний аудитын газрын шалгалтаар тогтоосон. Мөн дээрх тушаалаар “Ай-Ёо” брэндэд 278.8, АШУҮИС-ийн Анагаах ухааны хүрээлэнд 28.3, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 17.9 сая төгрөг тус тус олгосон байв. Эдгээрийн зарцуулалт нь ч мөн тодорхойгүй. Ялангуяа эрүүл мэндийн чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэггүй буюу гэр ахуйн цахилгаан бараа худалддаг “Ай-Ёо” брэндэд санхүүжилт олгосон нь сангийн дүрэм, журамд нийцэхгүй байгааг бид өмнөх нийтлэлдээ ч дурдсан билээ. Түүнчлэн “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-д HOPE, “Хавдаргүй монгол эмэгтэй” нэртэй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд нь дэмжих сангаас нийт 90 орчим сая төгрөгийн санхүүжилт олгосон ч хэрэгжүүлсэн гэх нотлох баримт нь хангалтгүй байсан юм. Эдгээр нь сангийн 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийн наад захын л зөрчил.
НЭГ ЖИЛД 72 ТӨСӨЛ “АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭВ”
Өнгөрсөн онд сангийн хөрөнгөөс санхүүжүүлсэн анхаарал татахуйц зарим төслийг онцолъё. “Энэрэлт амгалан холбоо” НҮТББ-ын хэрэгжүүлсэн “Айл өрхийн хуванцар савны хэрэглээнд үнэлгээ хийх”, “Хүнсний бус зориулалттай хуванцар савны эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйл”-ийг дурдаж болно. Гэр хорооллын хэчнээн айл өрхийг хамруулж, судалгаа авсан, гаргасан дүгнэлт нь хаана байна вэ. Мөн “Цагаан тун эрдэнэ” ХХК-ийн “Эмийн үлдэгдэлтэй мах ба хүний эрүүл мэнд” төслийн үр дүнг жишээ нь хэзээ, хаана мэдээлж, хэрэгжүүлсэн бэ. Мөн Арьсны өвчин судлалын үндэсний төвийн “Харшил төрүүлэгч ургамлын агаар дахь тоосжилтын хуанлийг өдөр тутмын цаг уурын мэдээнд оруулж, харшлаас сэргийлье” төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэжээ. Тэгвэл одоо болтол цаг агаарын мэдээнд харшлаас сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллүүдийг оруулсан билүү. Түүнчлэн “Даяарчлал цахим эмч” ТББ-ынхан өнгөрсөн онд “Цахим эмч” нэртэй эрүүл мэндийн боловсрол олгох контент бэлтгэн, нийтэд түгээнэ хэмээж, сангаас хоёр ч удаа санхүүжилт авсан байх юм. Тэрчлэн пиар, маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Энх-Арслан” ХХК тус онд мөн л 100 гаруй сая төгрөгөөр хоёр ч төслөө дэмжүүлжээ. Эрүүл мэндийн сайдаар ажилласан хэд хэдэн хүний хэвлэл, пиар багийг ахлан ажилласан тус компанийнхан гэхэд сангаас жилд хоёронтоо, ийм хэмжээний санхүүжилт авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж хардахаар байна. Энэ мэтчилэн 2022 онд гэхэд л сангаас 72 төсөлд хөрөнгө оруулж, бүгдийг нь амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Лав олны нүднээ ил харагдаж, эрүүл мэндийн боловсролд нь хувь нэмэр оруулсан гэхээр төсөл алга. Харин ч олонх нь ЭМЯ-ны харьяанд үйл ажиллагаа явуулдаг төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүд, харьяа сургууль, хамаарал бүхий компаниудаар нь сангийн хөрөнгийг дамжуулан зарцуулж ирсэн нь тодорхой харагдана.
ЭМДС-г өнгөрсөн хугацаанд архи, согтууруулах ундааны онцгой албан татварын нэг, эмийн импортын болон НӨАТ-ын хоёр, тамхины онцгой албан татварын мөн хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр улсын төсвөөс санхүүжүүлж ирсэн. Үүнээс гадна зарим хандив, тусламжийн хөрөнгийг санд нэмээд, жилд дунджаар 3-5 тэрбум төгрөг төвлөрүүлдэг байж. Сангийн төсвийн дийлэнх хувийг хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчин, эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлийн төслүүдэд зарцуулж ирсэн хэмээн албаныхан хэлж буй. Гэвч сангийн хөрөнгийг эрх мэдэлтнүүд зориулалтын бусаар зарцуулж ирснийг Үндэсний аудитын газрынхан хэдийн тогтоосон байдаг.
АВТОМАТ БҮРТГЭЛ
Эрүүл мэндийн даатгалын сан нь иргэдийг өвчилснийх нь дараа эмчилгээ, үйлчилгээ авахад нь санхүүжилт олгодог. Тэгвэл ЭМДС нь иргэдийг өвчлөхөөс нь урьдчилан сэргийлж, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зориулалттай. Гэвч өнгөрсөн хугацаанд буюу 2008 оноос хойш сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн, иргэд, олон нийтийн эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэх төслүүдийнх нь үр дүн одоо ч харагдахгүй байгааг эдүгээ эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоо гэрчилж байх шиг. Түүгээр ч зогсохгүй төслүүдийнх нь тайлан, гүйцэтгэл, үр дүн, зарцуулалтууд нь одоо ч олон нийтэд нээлттэй биш. Нээлттэй болгосон төслийн жагсаалтууд нь нэр төдий. Сангийн хөрөнгийн үр ашгийг шууд хүртэх эрхтэй иргэд дээрх төсөл, хөтөлбөрүүдийн талаар ямар ч мэдээлэлгүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 15 жилд сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төслүүдийг иргэдэд “мэдэгдэхгүйгээр”, тодруулбал, эздэд хүртээлгүйгээр хэрэгжүүлсэн болж таарах нь.
Засгийн газрын 37 дугаар тогтоолд сангийн хөрөнгийн тайлан, ил тод байдлыг хангах, хяналт тавих эрх бүхий байгууллага нь ЭМЯ, албан тушаалтан нь Эрүүл мэндийн сайд, түүний томилсон эрх бүхий хүн байна гэж заасан. Гэвч хяналт тавих төв байгууллагынх нь удирдах албаныхан өөрсдөө сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж ирсэн, Төрийн сангийн гүйлгээ хаагдахтай зэрэгцэн их хэмжээний мөнгийг холбогдох гэрээ, сонгон шалгаруулалтгүйгээр харьяа эрүүл мэндийн байгууллагууд руугаа шилжүүлдэг байсныг аудитын байгууллагынхан удаа дараагийн шалгалтаараа илрүүлсэн байдаг. Ийм байтал shilen.gov.mn-д нийтэлсэн 1200 гаруй төсөл, арга хэмжээг бүгдийг нь автоматаар “хэрэгжилт нь хангалттай” хэмээн дүгнэснийг юу гэж ойлгох вэ. Сангийн хөрөнгийг өнгөрсөн хугацаанд хууль бусаар завшсан, зориулалтын бусаар зарцуулсан, шамшигдуулсан хүмүүст ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн үгүү.
Б.ТУЯА: Иргэдтэй уулзаж, төслийн үр дүнг асуух зохицуулалт байхгүй
ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-ЭМДС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслүүдийн талаарх мэдээллийг нээлттэй болгосон. Гэсэн ч санхүүжилт, үйл явц, үр дүнг олон нийтэд мэдээлэхгүй байгаа. Эдгээрийг цаашид хэрхэн “шилэн” болгох вэ?
-Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг улирал бүрийн эхний 20 хоногийн дотор буюу жилд дөрвөн удаа зарлах зохицуулалттай. Төслийн зарыг ЭМЯ-ны вэб сайтын ЭМДС цэсэд байршуулан, нийтэд мэдээлж байгаа.
-2022 онд ЭМДС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн, “үйл ажиллагааны хэрэгжилт хангалттай” гэж үнэлэгдсэн төслүүдийн үр дүнг нь хэрхэн тооцсон бэ?
-Бид санамсаргүйгээр явцын хяналт тавьдаг. Мөн санхүүгийн болон гүйцэтгэлийн тайлангаар нь үр дүнг тооцдог.
-Сангийн гол үйл ажиллагаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэх ёстой. Тухайн төсөл, хөтөлбөр үнэхээр эздэдээ хүрсэн, эсэхийг иргэдээс тодруулж, шалгадаггүй гэж ойлголоо.
-Иргэдтэй уулзаж, төслийн үр дүнг асуух зохицуулалт байхгүй. Энэ сан нь иргэдэд мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулах арга хэмжээг санхүүжүүлдэг. Зарим төслийн үр дүн иргэдэд шууд хүрч байгаа. Түүнчлэн олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааны үр дүнг тухайн үед тооцоход төвөгтэй. Үр дүнг нь холбогдох шалгуур үзүүлэлтүүдээр, дүрэм, журмынхаа дагуу тооцдог ч иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилсэн, эсэхийг үнэлэх боломжгүй. Ер нь иргэдэд зориулсан мэдээ мэдээллийг тогтмол хүргэж байж тодорхой хугацааны дараа үр дүн гардаг.
-“Энэрэлт амгалан холбоо” НҮТББ-ын хэрэгжүүлсэн “Хүнсний бус зориулалттай хуванцар савны эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйл” төслийн үр дүнг хэрхэн үнэлсэн бэ. Одоо болтол иргэд хуванцар савнаас татгалзаж чадаагүй. Тэгэхээр энэ төслийг 100 хувь хэрэгжүүлсэн гэж үзэх үү?
-Төсөл хэрэгжүүлж эхлэхэд зорилтот нутаг дэвсгэрийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай уулзаж, зорилго, үргэлжлэх хугацаа, хүрэх үр дүнг танилцуулсан. Ингэх явцдаа зорилтот бүлгийн иргэдээс хуванцар савны зохистой хэрэглээ, хор уршгийн талаар асуулга авч, дүн шинжилгээ хийн, сургалт болон сурталчилгааны материалын агуулгыг бэлтгэсэн юм. Асуулга, судалгаанд нийт 400 өрх хамрагдсан. Тэдний 80 хувь нь мэдлэг, мэдээлэл хангалтгүй, зориулалтын бус, зохисгүй хэрэглээтэй гэж үнэлэгдсэн. Ингээд 400 өрхийн дунд “Эрүүл гэр бүл” нэртэй олон нийтийн сүлжээ үүсгэн, төслийн хүрээнд бэлтгэсэн зурагт хуудас, видео контентыг хүргэсэн.
-“Цагаан тун эрдэнэ” ХХК-ийн хэрэгжүүлсэн “Эмийн үлдэгдэлтэй мах ба хүний эрүүл мэнд” төсөл сонирхол татлаа. Үр дүнг нь тодруулахгүй юу?
-Төслийн хүрээнд зохион байгуулсан танхимын болон явуулын сургалтад нийт 100 орчим малчин хамрагдсан. Тэд тарилга, туулга зэрэг эмийн бүтээгдэхүүнийг зүй зохистой хэрэглэх талаар төдийлөн мэддэггүй байв. Төслийн үр дүнд эмийн үлдэгдэлтэй махны талаар илүү сайн мэдээлэлтэй болсноор бие даан, дур мэдэн малын өвчнийг оношлох, эмчилгээ, тарилга хийхээ бууруулж, мэргэжлийн байгууллага, малын эмчид хандахыг чухалчилдаг болсон.
-Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хэрэгжүүлсэн “Харшил төрүүлэгч ургамлын агаар дахь тоосжилтын хуанлийг, өдөр тутмын цаг уурын мэдээнд оруулж харшлаас сэргийлье” төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэжээ. Гэтэл одоогоор цаг агаарын мэдээнд харшлаас сэргийлэх мэдээллүүд ороогүй л байна.
-Төслийн үр дүнд агаарын тоосжилтын хуанлитай болсон. Агаарын ургамлын тоосжилтын судалгааг цаг уурын үзэгдэл, ургамлын цэцэглэлтийн хугацаа, эмнэлэгт үзүүлэгчийн тоо, давтамж зэрэгтэй холбон судалсан юм. Эдгээр ажлын үр дүнд харшлаас сэргийлэх зөвлөмж боловсруулсан. Харшил төрүүлэгч ургамлын агаар дахь тоосжилтын хуанлий гэнэ оноос цаг агаарын мэдээнд оруулах бэлтгэлийг хангаж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.