Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ тойрогтоо ажиллаж буй. Тэрбээр энэ үеэр Чингис хотын томоохон бүтээн байгуулалтын талаар өөрийн цахим хуудсандаа дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,
“Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, УИХ-ын гишүүн, Ц.Идэрбаттай хамт төв цэнгэлдэх хүрээлэнгийн шинэчлэлийн ажилтай танилцлаа.
Хан Хэнтий аймгийн 100 жилийн ойг угтсан томоохон ажлуудын нэг бол орон нутгийн төсвөөр Хэрлэн сумын төв цэнгэлдэх хүрээлэнг сэргээн шинэчлэх тохижилт, их засварын ажил юм. Ажлын гүйцэтгэгчээр
“Хангай илч дулаан” ХХК шалгарсан бөгөөд цэнгэлдэх хүрээлэнгийн саравчны металл каркасын ажил, хана суудлын газар шороо, суурын ажил дуусаад байна. Өнөөдрийн байдлаар талбайд 30 гаруй хүн ажиллаж байна. Тэд хана битүүлэх, суудлын дам нурууны хэв хашмал угсрах, гадна цахилгааны ажил, гүйлтийн талбайн газар шорооны тэгшилгээний ажил хийж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 4 талд 600 шахам авто машины зогсоол, Сурын талбай, Шагайн асар, саравчны суурь, явган хүний зам, ариун цэврийн байгууламжийн хийгдэж байна.
Цэнгэлдэх хүрээлэнг дөрвөн улирлын үйл ажиллагаатай болгохоор зорьсон бөгөөд тохижилт, их засварын хүрээнд стадионы дээврийг бүрэн шинэчилж 14 блок бүхий салангид сүүдрэвч шинээр хийж, төв индэр болон ариун цэврийн байгууламжтай байхаар төлөвлөжээ.
Мөн 5337 м2 поликарбонат дээвэр, налуу хийцлэлтэй металлаар хийгдэх юм. Барилга угсралт, засварын ажил чамгүй урагштай, үргэлжилж байгааг мэдээлээд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өөрөө өдөр бүр очиж ажлын явцыг шалгаж, харилцан мэдээлэл солилцож ажиллаж буйгаа хэллээ” гэв.