Иргэдийн ундны ус чанарын шаардлага хангахгүй байна. Тухайлбал, өдгөө манай улсын нийт хүн амын ердөө 30 хувь нь л аюулгүй, цэвэр ус ундандаа хэрэглэдэг гэнэ. Харин бусад хэсэг нь баталгаагүй ундны ус уудаг. Уг нь усны эх үүсвэрт шинжилгээ хийхэд стандартын шаардлага хангадаг аж. Харин эцсийн хэрэглэгчдэд очсон усыг шалгахад нян, бактери, зарим төрлийн эрдэс хүлцэх хэмжээнээс хэтэрсэн байдаг гэнэ. Ялангуяа ундны усанд агуулагдах аммони, нитрит, нитратын дундаж агууламж жил бүр ихсэж буй юм. Гэтэл нитрат нь хэвийн хэмжээнээс хэтэрвэл хүний биед эсийн өөрчлөлт, хорт хавдар үүсгэдэг, нитрит нь үр хөврөлд сөрөг нөлөөтэй. Мөн аммони нь нитрит, нитраттай нэгдэхээрээ шүд өвчлүүлэх, уушги гэмтээх сөрөг үр дагавартайг мэргэжилтнүүд онцоллоо. Тиймээс ундны усны чанарыг сайжруулахын тулд эх үүсвэрийнх нь эрүүл ахуйн хамгаалах бүсийн хяналтыг чангатгах, дамжуулах шугам сүлжээг сайжруулах, шинэчлэх, цаашлаад ус, хөрс бохирдуулагч нүхэн жорлонгоосоо татгалзах шаардлага үүссэнийг ЭМЯ, БХБЯ, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл зэрэг байгууллагынхан тодотгов.
Бэлтгэсэн: М.Оч