ХХААХҮЯ-ны төлөөлөл Монгол Улсыг БНХАУ-аас хавсран хамаарч буй Израил Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ирит Бен АббаВитле, худалдааны атташе Йоав Хайми, тус орны өргөмжит консул Д.Наран нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд хүнсний аюулгүй байдал, хангамжийн хүрээнд дараах чиглэлээр хамтын ажиллагаагаа сэргээхээр тохиролцжээ. Үүнд дээрх салбарын мэргэжилтэй боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх ажлын хүрээнд энэ жил Израилын Засгийн газрын тэтгэлгээр урт хугацааны сургалтын хөтөлбөрт мэргэжилтэн хамруулах, тус орны Олон улсын хамтын ажиллагааны МАШАВ байгууллагатай хамтран зохион байгуулдаг, богино хэмжээний сургалтад салбарын төлөөллийг оролцуулах, 2023 оноос экспертүүдийг нь ирүүлэн туршлага солилцохоор болсон байна. Мөн тулгамдаж буй асуудлаар хамтран судалгаа шинжилгээ хийж, хэмнэлттэй, үр бүтээмж өндөр ажиллах боломжийн талаар шийдэл олоход Монголын газар тариаланч, малчин, фермерүүдтэй ажиллахаар тусгажээ.
Эрс тэс уур амьсгал, цөлөрхөг, хагас цөлөрхөг газар нутагтай гэдгээрээ хоёр улс ижил төстэй сорилтуудтай тулгардаг. Ялангуяа цаг уурын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын эсрэг агро ойн зурвас байгуулах, жимс, жимсгэнийн мод тарих, газар тариалангийн талбайн дундуур ойн зурвас бий болгох, бэлчээрийн доройтлоос сэргийлэх, сэргээх чиглэлээр Израилаас туршлага судлах, инновац, техник технологид тулгуурлан хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах нь. Бас тус орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын инновацын төв, аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээллийг Монголын талд хүлээлгэн өгч, ирэх аравдугаар сард Израилд болох “Агритек” олон улсын үзэсгэлэнд манайхаас ажлын хэсэг гарган оролцох боломжтойг онцолжээ. Израил нь хөдөө аж ахуйн экосистемийг цөлөрхөг, үржил шим муутай газарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд амжилттай бий болгосон арвин туршлагатай аж.
Бэлтгэсэн: Б.Сонор