Японы зүүн болон баруун бүс нутгийг энэ улирлын хамгийн хүйтэн агаарын урсгал дайрч, цасан бүрхүүл хурдацтай нэмэгдэж байна. Агаарын температур сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд хүрч, тээврийн хөдөлгөөн саатаж, ус дамжуулах хоолой хөлдөх эрсдэлтэйг цаг уурчид анхааруулжээ. Энэ долоо хоногийн цаг агаарыг сүүлийн 10 жилд байгаагүй хүйтэнд тооцож буй аж. Иргэдэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Нийгата мужид цасны зузаан 90, Хокурику, Тохокуд 80, Канто-Кошин, Токай, Кансай, Чугокуд 70 см хүрсэн гэнэ. Цас их орж байгаагийн улмаас иргэний агаарын 397 нислэгийг цуцалж, хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо.
Тэрчлэн БНАСАУ-д огцом хүйтэрч, нэн ядуу гэгддэг хойд бүс нутгуудад агаарын температур -30 градус хүртэл буурав. Ихэнх хэсэг нь цахилгаангүй тус бүс нутгийн оршин суугчдад аюултай аюултай нөхцөл байдал үүсжээ. Иргэд нь мод түлээ, шатамхай материалаар байшингаа халаадаг учраас агаарын чанар эрс муудсан байна.
Хүйтэн агаарын урсгал Солонгосын хойг төдийгүй Хятадын хойд мужуудад ч нөлөөлж, агаарын температур огцом буурлаа. Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд агаарын температур 19 градус хүртэл буурчээ. Ташрамд дурдахад, дэлхийн дулаарлын үеийн температурын хэт их хэлбэлзэл улам нэмэгдэнэ гэдгийг эрдэмтэд онцолж байна. Афганистанд хэт хүйтний улмаас 124 хүн амьсгал хураасан тухай “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид ВВС-д мэдээлжээ. Тус улсад 70 мянга орчим мал үхсэн гэнэ. Афганистаны хүмүүнлэгийн байгууллагуудад эмэгтэйчүүдийг ТББ-д ажиллахыг талибууд хориглосон сүүлийн хэдэн долоо хоногт тус улсын иргэдэд туслах бараг боломжгүй болжээ. Афганистаны Засгийн газрын албаны хүмүүс BBC-д мэдээлснээр тус улсын зарим бүс нутаг цас орсны улмаас гадаад ертөнцтэй харилцаа бүрэн тасарсан байгаа гэнэ.