Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сард 30 төрлийн халдварт өвчнөөр 307 757 хүн өвчилснийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 184 513-аар буурсан үзүүлэлт аж. Коронавирусийн халдварын тархалт 2022 онд харьцангуй хумигдсан нь үүнд нөлөөлсөн байна. Халдварт өвчнүүдийн улмаас энэ онд 203 хүн нас баржээ. Тухайлбал, “Ковид-19”-өөр 139, сүрьеэгээр 55, төрөлхийн тэмбүүгээр тав, нярайн бактерит үжил, суулгалт халдвар, вируст гепатитаар тус бүр нэг хүн эндсэн аж. Мөн өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын улмаас нэг хүн нас баржээ. Ингэснээр уг өвчний улмаас нас барсан хүний тоо 51-т хүрэв. Харин уг өвчний шинэ тохиолдол өнгөрсөн сард нэмэгдээгүй, нийт тохиолдол 341 хэвээр байна. Энэ он гарснаас хойш 14 хүн уг өвчнөөр оношлогдоод буй юм. Дээрх тоог өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёроор цөөн аж.
Манай улсад энэ оны эхний 10 сард 289 289 хүн “Ковид-19”-өөр өвчилжээ. Үүнээс гадна амьсгалын замын бусад халдварт өвчний 4241 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2082 тохиолдлоор өсжээ. Мөн бэлгийн замын халдварт өвчний 8875 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс 1433-аар нэмэгдсэн дүн гэнэ. 10 000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Дундговь аймаг, Улаанбаатар хотод улсын дунджаас өндөр байна. Ташрамд дурдахад, манай улсад коронавирусийн омикрон хэлбэрийн шинэ хувилбарууд өргөн хүрээнд тархах эрсдэлтэй тул иргэд халдвар хамгааллын дэглэм баримтлах, ялангуяа амны хаалт зүүх шаардлагатайг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.
Бэлтгэсэн М.Оч