Нийгэмд баялаг бүтээж, улс орны эдийн засгийн ачаанаас үүрэлцэж яваа жижиг дунд бизнес эрхлэгчдэд ХААН Банк санхүүжилт олгохоос гадна санхүүгийн бус үйлчилгээ, менежментийн зөвлөх үйлчилгээ, сургалт, тэр ч байтугай хамтын оффис хүртэл санал болгодог. Энэ чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар ХААН Банкны Жижиг дунд бизнесийн банк хариуцсан дэд захирал Ж.Товуудоржтой ярилцлаа.
-Улсын хэмжээнд 70 гаруй мянган ЖДБ эрхлэгч байдаг төдийгүй эдгээр аж ахуйн нэгж Монгол Улсын ажиллах хүчний 60 орчим хувь буюу 800 мянган хүнийг ажлын байраар хангадаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр улс орны эдийн засгийг бүрдүүлэгч хөдөлгөгч хүч гэгддэг ЖДБ-ийн салбарыг тэргүүлэгч банкны хувьд хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?
- ХААН Банк Монгол Улсын бүх сум орон нутагт салбар нэгжтэй, аж ахуйн нэгжийн 50-иас дээш, нийт өрхийн 70 хувьд хүрч ажилладаг тэргүүлэгч банк санхүүгийн байгууллага болохын хувьд жижиг дунд бизнесийг бодлогоор дэмжиж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх ёстой гэж үздэг. Бид ХААН бизнес үйлчилгээгээр дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд байгаа үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид, ЖДБ эрхлэгч нарт банк санхүүгийн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгон ажиллаж байна. Зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй бизнесийн цар хүрээгээ тэлж, амжилттай удирдан явуулахад нь туслахаар менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
ЖДБГ-ын зээлийн багц жилээс жилд нэмэгдэж, ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд зээлдэгчийн тоо 20 хувиар, зээлийн багц 72%-иар өссөнөөр ЖДҮ-ийн зах зээлд эзлэх хувь 48.3%-д хүрсэн байна. Энэхүү хурдацтай хөгжиж буй бизнесийг удирдах, хянах, нөгөө талаас ЖДБ эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, сэтгэлд нь хүрсэн үйлчилгээ санал болгохоор Жижиг дунд бизнесийн банк гэж тусдаа чиг үүрэг бүхий газар нэгж ажиллаж байна. Бидний эцсийн зорилго ХААН бизнес үйлчилгээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд маань Монгол Улсыг үйлдвэрлэгч орон болгон экспортыг хөгжүүлэх, ДНБ-ийг өсгөж, ажлын байрыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилготой юм.
-Монгол Улсын эдийн засагт нөлөө бүхий МАА, ХАА, газар тариалангийн салбарыг экосистемийнх нь хэмжээнд бүрэн том зургаар харж, системтэйгээр дэмжих нь мэдээж чухал. Энэ чиглэлд танай банк нэлээд идэвхтэй ажилладаг шүү дээ?
-Ноолуурын салбарыг цогцоор нь дэмжих зорилгоор Тогтвортой ноос ноолуурын нийлүүлэлтийг дэмжих ногоон зээлийг бид 2022 онд Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ)-д бүртгэлтэй хоршоодод барьцаа хөрөнгө шаардалгүйгээр олгосон. Тус зээлийн бүтээгдэхүүн 3000 гаруй малчин өрхөд хүрснээс гадна тэдгээр малчдын бэлтгэсэн ноолуур дэлхийн топ брэндүүд LV, Burberry-гийн түүхий эд материал болж эцсийн бүтээгдэхүүн болж чадаж байгаад бахархалтай байна. Монголд анх удаа малчин өрхөөс дэлхийн топ брэндүүдийн эцсийн бүтээгдэхүүн болох үйл явцад дэмжлэг үзүүлж, энэ ажлыг ТННЭ-тэй хамтран зохион байгуулж чадсандаа бид баяртай байна. Тус хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн чанар хэвийн байгаа нь уг бүтээгдэхүүний загвар зөв гарсныг илэрхийлж байгаа хэрэг болов уу. Булган аймгийн Сэлэнгэ суманд махны өртгийн сүлжээний төсөл, Төв аймгийн Аргалант болон Баяндэлгэр сумдад АПУ-тай хамтарсан сүүний фермийн төслүүд мөн амжилттай хэрэгжиж байгааг онцолмоор байна.
-Танай банкнаас 3-4 жилийн өмнөөс ЖДБ-ийг өртгийн сүлжээгээр дэмжин ажиллах болсон. Өртгийн сүлжээ гэж яг юуг хэлээд байна вэ. Энгийн ойлгомжтойгоор хэлж өгөхгүй юү?
-ХААН Банк өртгийн сүлжээг дэмжих зээлийн бүтээгдэхүүнийг 2018 онд анх зах зээлд нэвтрүүлсэн. Уг бүтээгдэхүүний зорилго нь бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг цогцоор нь дэмжихэд чиглэсэн. Өөрөөр хэлбэл, бид салбар болгон дээр анализ хийж, оролцогч талуудыг нь тодорхойлоод кластерийн зарчмаар хөгжүүлэхээр зорьж байгаа юм. Оролцогч тал болгоны хэрэгцээ шаардлагад тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх замаар сектороор нь хөгжүүлж байж бид эдийн засгийг дан ганц уул уурхайгаас хамааралтай бус, солонгоруулж чадна. Цаашдаа Монгол Улсыг авч явах гол ялгарал нь мал аж ахуй, хөдөө аж ахуй хэвээр байх тул бодлогоо энэ чиглэл рүү хандуулахаар судалгаа шинжилгээнүүдийг бид хийсэн. Ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн сектор бол кластерийн зарчмаар явах ёстой. Үүн дээр маш сайн менежмент хэрэгтэй. Малчид дангаараа менежментээ хийж чадахгүй. Нөгөө талаасаа бүтээгдэхүүнийг найдвартай худалдан авах үйлдвэрлэгч, мөн тасралтгүй дэмжих банк санхүүгийн систем байх ёстой. Энэ бүхнийг цогцоор нь хөгжүүлэхийг өртгийн сүлжээ гэж нэрлээд байгаа юм.
Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулж тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн Нутгийн брэндийг дэмжих зээл, Өртгийн сүлжээний зээл, Экспортыг дэмжих зээл зэрэг төрөлжсөн зээлийг олгохоос гадна санхүүгийн бус үйлчилгээ үзүүлэх зорилгоор менежменийн зөвлөх үйлчилгээ, төрөл бүрийн сургалтууд зохион байгуулдаг. Мөн Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдынхаа шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх, бизнесийн үйл ажиллагааг нь чадваржуулах, цар хүрээг нь өргөжүүлэх, хөгжлийн шинэ шатанд гарах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байна.
ХААН Банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ сүүлийн 15 жилийн хугацаанд харилцагчдаа чадавхжуулах, бизнесээ илүү амжилттай удирдахад нь дэмжлэг болоход ихээхэн анхаарч, шат дараатай ажлуудыг хийж хэрэгжүүлсээр ирсэн. ЖДБ-ийг дэмжих төвөөрөө дамжуулан төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, 100 удаагийн сургалтаар нийт 2,500 гаруй бизнес эрхлэгчийг мэргэжлийн түвшний сургалт болон зөвлөх үйлчилгээгээр чадавхжуулаад байна. Мөн ЖДБ-ийн зээл дээр ажиллаж буй харилцааны менежерүүдээ цаашид мэргэжлийн зөвлөх ур чадвартай болгон хөгжүүлж, харилцагчидтайгаа хамтдаа хөгжих бодлого барьж ажиллаж байна.
-Монголд ЖДҮ эрхлэхэд санхүүжилтийн орчин хангалттай бус байна гэдэг. Тухайлбал, бизнес эрхлэгчид санхүүжилтийн үндсэн нөхцөлүүд болох хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, шимтгэл, хураамж өндөр байгаа зэрэг нь бизнес эрхлэхэд муугаар нөлөөлж байна гэж үздэг. Энэ тал дээр танайх хэр уян хатан бодлого барьдаг вэ?
- Бизнесийн зээлийн хувьд сүүлийн үеийн чиг хандлага, шийдлүүдийн нэг нь ногоон эдийн засаг, ногоон үзэл санаанд суурилсан зээл юм. Байгаль орчинд ээлтэй бизнесийг санхүүжүүлэн, иргэдийн ногоон хэрэглээг дэмжих зорилгоор төр засгийн болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран бид “ногоон” төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт, нүүрсхүчлийн хийн ялгарлыг /СО2/ бууруулах чиглэлээр харилцагч нарт техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ногоон бизнесийг дэмжин ажиллаж байна. Бизнесийн ногоон зээлийн нөхцөлүүд нь ердийн арилжааны зээлийн нөхцөлөөс илүү хөнгөлөлттэй байдаг. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хэмнэлтийг 20-иос дээш хувиар бий болгох замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгод хувь нэмрээ оруулж буй бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн шинэ төслийг дэмжиж хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна.
-Хэрэглээний зээл болон бизнесийн зээлийн олголтын тухайд банкнаас олгож буй давуу талуудын талаар хэлэхгүй юү?
-2021 оны 12-р сараас бид цалингийн зээлийг бүрэн цахим болгож нэвтрүүлсэн. Тооцоолол, шийдвэр гаргалт хүний оролцоогүй болсон. Монголбанкны Зээлийн мэдээллийн сан төрийн үйлчилгээний ДАН системээс харилцагчийн зөвшөөрлийн үндсэн дээр мэдээллүүдийг татан авч, зээл олголтын шийдвэр гаргадаг болсон гэсэн үг. Харилцагчаас ямар нэгэн нэмэлт материал шаардахгүйгээр зайнаас хүсэлтийг нь шийдвэрлэж буйгаараа давуу талтай юм. Мөн хадгаламж барьцаалсан зээл, хэрэглээний лизингийг бүрэн цахим болгож нэвтрүүлээд байна. Цаашлаад бид 2022 ондоо багтаад тэтгэврийн зээл болон малчны зээлийг, 2023 онд бизнесийн зээлүүд, орон сууцны зээлийг цахимжуулах зорилт тавин ажиллаж байна.
-Харилцагчдын хэрэгцээ шаардлага, техник технологи эрчимтэй хөгжиж буй энэ үед энэ хурдтай хөл нийлүүлэхэд амаргүй болсон. ЖДБ-дэд зориулсан ямар бүтээгдэхүүн түлхүү гаргаж байна вэ?
-Манай банкны хувьд харилцагчид хүргэх цахим бүтээгдэхүүн, үйлчилгээг өргөжүүлэх, сайжруулах гол зорилгын дор 2021 онд бизнес болон технологийн 140 гаруй төсөл, хөтөлбөрийг нэвтрүүлэн ажилласан. Зээлийн болон бусад хүсэлтийг харилцагчаас онлайнаар хүлээн авах шинэ боломжуудыг нээх, үйл ажиллагааны автоматжуулалт хийх, бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн болон зохицуулагч байгууллагатай хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. ХААН Банкны хувьд иргэдийн зах зээлд цахимжилтыг амжилттай нэвтрүүлсэн. ЖДБ эрхлэгчдэд зориулсан банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зайнаас үзүүлэх ажлыг ойрын ирээдүйд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. ЖДБ-үүдэд зайнаас банкны үйлчилгээ үзүүлснээр харилцагчийн үнэт цагийг хэмнэх, банкны салбар дээрх ачаалал буурч ажиллагсад илүү бүтээмжтэй ажиллах нөхцөл бүрдэнэ. Үүн дээр байгууллагын төлбөр тооцоог тодорхой түвшинд цахимжуулах, ЖДБ-ийн зээлийн хэсгийг цахимжуулах ажлууд бий. Ер нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд цахимжих суурь нь хэдийнэ бий болчихсон байна. Олон улсын чиг хандлага, Ковидын дараах нөхцөл байдлыг харвал харилцагч нар руугаа чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, түүнд зориулсан чадавхтай боловсон хүчнийг бэлтгэх хэрэгцээ их байна. Мөн харилцагчаа илүү сегментчилэх, түүн рүү чиглэсэн зөв бодлого явуулах хэрэгцээ шаардлага байгаа нь харагдаж байна.
-Ковид ЖДБ эрхлэгчдэд маш хүнд тусаж, ихээхэн нөлөө үзүүлсэн шүү дээ. Энэ цаг үед банкны зүгээс харилцагчдаа хэрхэн дэмжиж ажилласан бэ?
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Ажлын байрыг дэмжих зээл, Ноос, ноолуур, арьс шир бэлтгэлийн зээл, Хаврын тариалалтын зээл, Малчдыг дэмжих зээл, Махны нөөц бүрдүүлэлтийн зээл, Монголбанкны Репо санхүүжилтийн зээлүүдийг бид бүх салбар нэгжээрээ дамжуулан олгосон. Шинээр 24,000 харилцагчид 1,3 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 4000 гаруй харилцагчийн зээлийг дахин санхүүжүүлсэн.
“Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүрээнд 834.2 тэрбум төгрөгийн зээлийг 10,500 харилцагчид олгож, 35,031 ажлын байрыг хадгалсан байна. Мөн “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл”-ийн хүрээнд нийт 278 тэрбум төгрөгийг 12,000 харилцагчид олгожээ. Цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг идэвхжүүлэх зорилготой хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа, ажлын байрыг дэмжихэд Засгийн газраас хүүгийн дэмжлэг үзүүлэх, Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах, зээл эрсдэх тохиолдолд батлан даалтын эх үүсвэрийг Монголбанк, Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж шийдвэрлэхээр тусгасан. Эдийн засаг хүндэрсэн үед харилцагчийнхаа төлбөрийн чадвар нөхцөлийг нь харгалзан ЖДБ эрхлэгч харилцагчдын нийт 495 тэрбум төгрөгийн зээлийн багцад гэрээний өөрчлөлт оруулсан байна.
-Зээл хөөцөлдөж байгаа хүмүүс, ялангуяа бизнесийн зээл авах гэж буй хүмүүс банк хэзээ хариу өгөхийг хүлээдэг. Зээлийн процессийг хурдавчлах, эсвэл харилцагчид мэдээлэл шуурхай өгөх боломж бий юү?
-ХААН Банк ЖДБ эрхлэгч харилцагчдынхаа бизнесийг дэмжих, шаардлагатай санхүүжилтийг нь хурдан шуурхай шийдвэрлэх зорилгоор зээл олгохдоо дараах дотоод үйл ажиллагааны сайжруулалт болон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
Бид зээлийн судалгааны арга аргачлалдаа өөрчлөлт оруулж иргэдийн жижиг дунд бизнесийн зээлийн судалгаанд жишиг үзүүлэлт /benchmark/ ашиглан судлах аргачлалыг нэвтрүүлээд байна. Ингэснээр зээлдэгчийн бизнесийн загвар, онцлог зэргээс хамааран мэдээлэлд нь үндэслэн харьцуулах, жиших, орлуулах замаар зээлийн судалгааг 2-3 минутад буюу маш богино хугацаанд хийж харилцагчийн зээлжих боломжийг тооцоолох боломжтой болсон гэсэн үг юм. Мөн харилцагчийг чирэгдүүлж дахин дахин ирүүлэхгүйн тулд харилцагчаас шаардлагатай гол мэдээллийг авах стандартыг тогтоон хэрэгжүүлж байна.
Харилцагчид маань мэдээлэл авахад илүү хялбар шуурхай болгох, харилцагчийг чирэгдэлгүй байлгах, сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгахтай холбоотойгоор бид зээлийн үйл ажиллагааны шат дарааллыг ил тод байлгахаар зээлийн судалгаа хэзээ эхэлж, хэзээ дуусах хугацаа болон аль үе шатанд явж байгааг мэдээлэх үйлчилгээний стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Зээлийн хүсэлтээ өгсөн харилцагч хүсэлт нь ямар шатандаа, хаана явж байгааг мэдэх боломж бүрдэнэ гэсэн үг. Харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг мэдэрч, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах, бүтээгдэхүүн үйлчилгээндээ инновац нэвтрүүлж, оновчтой сувгаар хүргэх улмаар харилцагчид зайнаас бизнесийн зээлийн хүсэлт гарган зээлээ судлуулах боломжийг бий болгохыг бид бас зорьж байна.
Мөн бид банк, харилцагч хоёрын санхүүгийн дундын цахим сувагтай болох ажлыг эхлүүлсэн. Ингэснээр харилцагч санхүүгээ хялбараар бүртгэх, хянах, заавал банканд ирэхгүйгээр цахим сувгаар дамжуулан зээл судлахад шаардлагатай мэдээллээ дамжуулах боломжтой болох зэрэг олон давуу талууд бий болно гэж харж байна. Гэхдээ жижиг дунд бизнес эрхлэгчдийг 100 хувь цахим болгоно гэсэн үг биш. Бичил бизнес эрхлэгчдээ бол бенчмаркаар шийдчихдэг, боломжит хэсгээ онлайнаар шуурхай шийддэг ийм л түвшин рүү очих гээд байгаа хэрэг. Томоохон харилцагчдын хувьд мэдээж төлбөр тооцоо нь ойлгомжтой, татварын болон аудитлагдсан тайлантай цахимжсан байдаг. Бидний ирэх жилүүдийн гол зорилго нэгдүгээрт, жижиг дунд бизнесийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг илүү цахимжуулъя, илүү шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлье, хоёрдугаарт илүү дунд хугацаандаа зөвлөх үйлчилгээ үзүүлэхүйц банк болъё гэж зорьж байна.