УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа. Ингэснээр Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт хүчингүй болж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй хэдэн ч сайд ажиллаж болох нөхцөл бүрдүүлэв.
Уг төслийг Н.Энхболд нарын 62 гишүүн мөн өдөр өргөн барьж, хоёр шатны хэлэлцүүлэг өрнүүлэн, хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувийн саналаар баталсан юм. Ингэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлгийн үеэр хэдхэн гишүүн үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар нэгдсэн хуралдаанд нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-гоос доошгүй нь оролцсон бол Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэх боломжтой. Хуулийн эл шаардлагыг хангаж буйг УИХ-ын дарга онцолж байлаа.