"Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл-2022" үндэсний чуулганыг зургадугаар сарын 28-30-нд Орхон аймагт зохион байгууллаа. Чуулганы дараагийн үйл ажиллагаа Булган аймгийн Хялганат тосгонд уулын энгэр, усны дэргэд, модны захад, хүүхдийн зусланд үргэлжилсэн юм. Төсөлд Хялганат тосгоны ерөнхий боловсролын сургууль нутаг орны онцлог байгалийн сайхнаа түшиглэн эко зуслан, сургалтын төв байгуулжээ. Тус зуслангийн анхны амрагч нь чуулганы төлөөлөгч аймаг, аймгаас ирсэн 30 сургуулийн хүүхдүүд байлаа.
Эко зуслангийн талаар тус тосгоны захирагч А.Сод-Эрдэнэ “Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилт, Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийг орон нутагт хэрэгжүүлэгч Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ-ын зөвлөмж, зөвлөгөөний дагуу эко зуслангаа байгуулж, өнөөдөр ажлын минь үр дүн гарч ашиглалтад оруулсандаа баяртай байна. Зусланг байгуулахад маш их хөрөнгө оруулалт шат дараатай хийсэн. Швейцарын хөгжлийн агентлагт төсөл бичиж анхны эх үүсвэрээ олсон. Дахин дэд төсөл бичиж, нийт 30 орчим сая төгрөгийн санхүүжилт авсан. Үүндээ урамшаад Булган аймгийн ЗДТГ-т хүсэлт гаргаж, 20 сая төгрөгийн дэмжлэг авсан. Мөн Хялганат тосгоны ард иргэд, аж ахуйн нэгжүүд барилгын материалаас авхуулаад сэтгэлээсээ тусалсан. Эко зуслан эрэгтэй, эмэгтэй тусдаа зургаан амралтын байртай. Нэг ээлждээ 48 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Сурагчдын зуны амралтаараа экологийн боловсрол олгохоос гадна, монгол ахуйн хичээл орно, гадаад хэлний вакум сургалтад хамруулна. Сурагчдыг хэт их хичээлээр шахахгүй, сүү, цагаан идээ боловсруулахыг харуулж, ахуй соёлоо уламжлуулахад анхаарна. Хүүхдүүд хөдөлмөр хийх биш, үзэж, харж, танилцана. Цаашдаа Булган аймгийн нутаг дэвсгэрийн зүүн хойд бүсийн сумдын хүүхдүүд амрах боломж бүрдүүлнэ” хэмээх мэдээлэл өгсөн юм.