Монголын уламжлалт анагаах ухаанд хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг хий, шар, бадганы аль нь давамгайлж байгаагаас нь хамааруулан авч үздэг.
Хийн төрөлх өвөрмөц чанартай хүн: Жижгэвтэр, туранхайдуу биетэй, бөгтөр нуруутай, хөхөвтөр зүс царайтай, хөрзгөр, ширүүвтэр арьстай. Зан чанарын хувьд аймхай, дуулах, инээх, наадах, ноцолдох, мөрийцөх, маргалдах дуртай. Нойр багатай, үесүүд нь дуугарах хандлагатай.
Тохирох явдал мөр: Ажил болон гэр орондоо аль болох тайван, дулаан, чимээгүй орчин нөхцлийг бүрдүүлбэл тохиромжтой. Өөрийн сэтгэлд нийцтэй хүмүүстэй хамт байж, сэтгэл санаагаа хямраахгүй, санаа зовохгүй, түгшихгүй, сэтгэл санаагаа тайван амгалан байлгах нь чухал.
Ажил, амралтын дэглэмээ зохицуулж, биеийн болон оюуны ачаалал хэт ачааллаас зайлсхийнэ. Хангалттай сайн унтаж амарч байх нь зохистой.