Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус VII их хурал өнгөрсөн долоо хоногт болж, үзэл баримтлал, нэр, мөрийн хөтөлбөр, логогоо хүртэл өөрчилснөөр ХҮН хэмээх товчилсон бус, оноосон нэртэй, баруун төвийн нам боллоо. Одоо тэдний эл шийдвэрийг Дээд шүүх хэрхэн хүлээж авах, бүртгэх, эсэх нь сонирхол татаж байна. Өнгөц өөрчлөлт биш, үзэл баримтлалаасаа авхуулаад үндсээрээ хувирчихлаа шүү дээ, тэд. Тиймээс ч Дээд шүүх нэмэлт, өөрчлөлт төдийхнөөр бүртгэх үү, эсвэл бүр шинэ нам мэт хүлээн авч, улс төрийн намын жагсаалтын төгсгөлд аваачих уу гэх мэтээр сонирхол татах зүйл бишгүй.
Гэвч өдгөө Дээд шүүхэд бүртгэлтэй 35 намын 19 дүгээрт буй, УИХ-д суудалтай, нийслэл, аймаг, дүүрэг гээд орон нутгийн ИТХ-д цөөнгүй төлөөлөлтэй, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, нэр дэвшигч нь чамгүй дэмжлэг хүлээсэн, зүүн төвийн эл нам үзэл баримтлалаа эрс өөрчилсөн нь олон нийтийн анхаарлыг тэгтлээ татсангүй.
Тодорхой хүрээнд, тухайлбал, нийгмийн сүлжээнд, тэр дундаа твиттерт хэдэн хүн хэлэлцэж, “шүүхээс” хэтэрсэнгүй. Уг нь улс төрийн намын хувьд гишүүд, дэмжигчдийнх нь эвлэлдэн нэгдэх үндсэн шалтгаан, мөн чанар, уураг тархи нь үзэл баримтлал байдаг. Үүнд тулгуурлан тус нам мөрийн хөтөлбөр, эрх барьсан тохиолдолд баримтлах хөгжлийн бодлогоо боловсруулдаг. Нэгэнт намыг үзэл баримтлал талаас нь хардаггүй, харьцуулдаггүй манай сонгогчдын хувьд нэр нь “өөрчлөгдөөгүй” ХҮН, дарга нь УИХ-ын гишүүн Т.Доржханд байгаа нь л төөрч, будилахгүй үлдэхэд хангалттай биз.
Үнэндээ зөвхөн ХҮН намын үзэл баримтлалын өөрчлөлтийг тоож, анзаарахгүй байгаа хэрэг биш. Эрх баригч МАН ч өнгөрсөн арванхоёрдугаар сард их хурлаа хийж, Л.Оюун-Эрдэнийг даргаараа “жинхэлж”, дүрэмдээ тодорхой өөрчлөлт оруулахдаа “социал демократ үзэл баримтлал бүхий улс төрийн байгууллага” хэмээн тодотгосон. Өмнө нь тэд өөрсдийгөө “нийгмийн ардчилсан үзэл баримтлалтай” хэмээн онцолдог байлаа. Улмаар залуучуудын байгууллага нь хүртэл Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо хэмээх нэрээ өөрчилж, Социал демократ залуучуудын холбоо болгоод буй. Үүнийг тогтож анзаарсан нь хэд бол.
Угтаа улс төрийн нам гэдэг нь үзэл санаа нэгтэй хүмүүсийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн институц гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэгвэл зүүн төвийн буюу социал демократ үзэл санааг тойрч нэгдэж, ХҮН-ыг байгуулсан хүмүүс гэнэт эрс өөрчлөгдөж, баруун төвийн үзэл баримтлалыг сонгосон нь нэг талаас итгэл үл төрүүлнэ. Энэ тухайд улс төр судлаач Д.Бумдарь “Улс төрийн шинжлэх ухааны үүднээс харвал байж боломгүй эргэлт хийлээ. ХҮН намынхны хэлж, өөрсдийгөө зөвтгөж байгаагаас нь харвал улс төрийн маркетинг хийж, зах зээлээ хайн, эрэлхийлсэн алхам боллоо. Маркетинг бол бараа, бүтээгдэхүүнийг хэрхэн эрэлтэд нийцүүлж олноор нь зарах, борлуулах вэ гэсэн л үйл ажиллагаа шүү дээ. Улс төрийн маркетинг хамгийн их ашиглагддаг талбар бол сонгуулийн кампанит ажил байдаг. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч, мөрийн хөтөлбөрөө хэрхэн “худалдах” вэ гэсэн өрсөлдөөн энэ үеэр өрнөдөг. Гэтэл одоо улс төрийн намыг бүтнээр нь “зарж” буй нь байж болшгүй зүйл. Намууд улс төрийн маркетингийг ашиглаж болох ч цэвэр, шударга, зарчмын дагуу ажиллах ёстой. Үүнийг хэр хангаж байна вэ. Баруун төвийн үзэл баримтлалыг “худалдан авах” зах зээл, сонгогч байна гэж харж үзэл баримтлалаа өөрчлөн, шилжүүлж буй нь ХҮН намыг картелын буюу бизнесийн шинж чанартай хүчин болгож байна. Өндөр боловсролтой, сэхээтэн, хариуцлагатай албан тушаал хашиж байсан олон хүнийг эгнээндээ нэгтгэсэн энэ намынхан өөрсдийнхөө очих, эзлэх ёстой орон зайг нэлээд сайн тооцоолсон байх. Тэгээд ч Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар нэр дэвшигч нь өндөр санал авсан нь МАН-ыг дэмжихгүй, тэр хэмжээний сонгогч, орон зай байна гэж харахад хүргэсэн болов уу. Өөрөөр хэлбэл, тэд үзэл баримтлалаа эрс өөрчилсөн нь 100 хувь тооцоололд үндэслэсэн шилжилт” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Мэдээж тэдний эрэлхийлж, эзлэхийг зорьж буй орон зай бий юү гэвэл бий. Тухайлбал, ХҮН намын дарга Т.Доржханд “Өмнө нь манай нам зүүн төвийн социал демократ үзэл санаатай байсан. Харин одоо баруун төвийн, эдийн засаг, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалтай боллоо. Бид үзэл баримтлалаа өөрчлөх талаар олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Намын хурал, Төлөөлөх зөвлөлийн хурлаараа ярилцсан. ХҮН намд маш олон залуу гишүүн бий. Тэднээс ирж байгаа шаардлага маш бодитой буй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс данхайсан төртэй болчихлоо гэдгийг хэлж буй. Нийгмийн халамж, тэр дундаа төрөл бүрийн төсөл, хөтөлбөр дагасан төсвийн үргүй зардлыг ихээр бий болгож, эдийн засгаа хумьж байна. Мөнгө тараадаг халамжийн улс болчихлоо. Энэ байдлыг өөрчлөхийг залуус хүсэж байна. Цаашлаад ардчиллын үнэт зүйл, зарчим ч хумигдаж буй. Сүүлийн хоёр удаагийн сонгууль дараалан зүүний үзэл баримтлалтай нам ялалт байгуулснаас төр томорч, авлигадаа идэгдэн, хулгай, халамж л ярьдаг боллоо. Гэтэл нөгөө талд нь хатуу итгэл үнэмшилтэй, баруун төвийн үзэл баримтлалтай нам байна уу гэвэл алга” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Үнэхээр ч баруун төвийн үзэл баримтлалтай нам оршин тогтнох орон зай байгааг үгүйсгэх аргагүй. Үзэл баримтлалын хувьд баруун төвийн нам гэвэл Бүгд найрамдах намыг нэрлэж болно. Гэвч үүнийг “Буян”-гийн Жагаагийн нам” гэж мэдэхээс бус, баримталдаг үзэл нь юу болохыг мэдэх хүн тун цөөн. Намууд нь ч үүнийгээ ярьдаггүй, ойлгуулдаггүй. Мөн өдгөө Дээд шүүхэд бүртгүүлэх гээд хүлээж буй Иргэний оролцооны нэгдэл намын үзэл баримтлал нь баруун төвийнх. Тус намыг үүсгэн байгуулсан Ц.Оюунгэрэл “Монголын улс төрд баруун төвийн үзэл баримтлал үгүйлэгдэж байна” хэмээн шинэ намаа анх танилцуулсан. Гэхдээ л энэ намыг баруун төвийн гэхээс илүүтэй Ц.Оюунгэрэлийн, комедиан Идэрээгийн ээж байгуулсан гэдгээр нь таних хүн олон байж магадгүй.
Тэгээд ч сүүлийн хоёр ч сонгууль дараалан парламентад үнэмлэхүй олонхыг бүрдүүлж, засгийн эрхийг дангаар барьж буй МАН-тай ижил зүүн төвийн, социал демократ үзэл баримтлалтай байхаас зайлсхийх нь тэдний хувьд ийм алхам хийх бодитой шалтгаан. Өөрөөр хэлбэл, Монголын улс төрийн нөлөө бүхий хүчин болох том амбицтай, түүнд хүрэх замаа ч сүүлийн жилүүдэд амжилттай засаж, АН-ыг ардаа орхих том бодол тээж яваа тэдний хувьд өнөөгийн эрх баригчдын өөдөөс, өрсөлдөгчийн хувиар харж зогсохоос өөр яах билээ. Хамгийн гол нь сөрөг хүчингүй, АН-ынхан “амьд”, эсэх нь ч эргэлзээтэй болчихсон энэ цаг үе, орон зай Хөдөлмөрийн үндэсний намынхныг ХҮН болгох эрс шулуун алхам хийхэд хүргэв бололтой. Гэхдээ АН-ыг үзэл баримтлалын хувьд баруун төвийнх гэж судлаачид хэлдэггүй. Тиймээс ч эрх барьж байхдаа халамжийн бодлого хэрэгжүүлэхэд нь АН-ыг МАН-аас ялгарах зүйлгүй боллоо, үзэл баримтлалын хувьд ижил гэх мэтээр шүүмжилж байв.
Түүнчлэн тогтолцооны өөрчлөлт хийх санаачилгыг ХҮН намынхан энэ өдрүүдэд идэвхтэй өрнүүлж буй. УИХ-ын гишүүдийн тоог нэмж, парламентыг хоёр танхимтай болгон, сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг тэд шаардаж байна. ХҮН намынхны эл шаардлага биеллээ олж, дараагийн сонгуулийг холимог хувилбараар явууллаа гэхэд тэд чамлахааргүй суудал авах магадлалтай. Учир нь УИХ-ын 2020 оны сонгуулиар тус нам бүх тойрогт нэр дэвшүүлээгүй ч өрсөлдсөн хүмүүс нь чамгүй дэмжлэг хүлээсэн юм. Тэд үүнийг ч тооцсон биз.