Австралийн Засгийн газар болон ДЭМБ-аас манай улсад вирусийн геномын дараалал тодорхойлох, өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг өчигдөр хүлээлгэн өглөө. Тус тоног төхөөрөмж нь коронавирусийн шинэ хэлбэрүүдийг илрүүлж, тодорхойлоход чухал ач холбогдолтой аж. Ингэснээр манай улс вирусийн мутацад орсон хувилбаруудыг илрүүлэхдээ гадаадын орнууд руу сорьц илгээж, цаг алдах шаардлагагүй болж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлов. Тэрбээр “Манай улсад 2020 оны нэгдүгээр сард коронавирус илрүүлэх PCR шинжилгээг анх ХӨСҮТ-д хийж эхэлсэн. Түүнээс хойш улсын хэмжээний томоохон эмнэлгүүд, мөн бүх аймгийн Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн зарим лабораторид ч уг шинжилгээг хийдэг болж өргөжөөд байна. Тэгвэл өдгөө Австралийн Засгийн газар, ДЭМБ-ын дэмжлэгээр вирусийн бүрэн геномын дараалал тогтоох NGS технологийг нутагшууллаа. Энэ нь халдварт болон халдварт бус өвчний шинжилгээ, оношилгоог улам сайжруулахад онцгой ач холбогдолтой” гэсэн юм. Уг тоног төхөөрөмжийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ХӨСҮТ-д суурилуулж, туршилт, судалгааг нь эхлүүлжээ. Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-ийнхөн NGS технологийг бүрэн нутагшуулсан учир хандивлагч талууд тоног төхөөрөмжийг манай улсад ийнхүү хүлээлгэн өгч буй аж.
Бэлтгэсэн М.Оч