Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Цахим гарын үсгийн болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүдээс гаргасан санал болон хуралдаан даргалагчаас төслийн зарим зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг баримтлан төсөлд тусгажээ. Тухайлбал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгэх, санал хураалт явуулахад биометрик мэдээллийг ашиглах, хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулахаар заасан байна. Жишээ нь, хувь хүний нууцыг задруулахдаа харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулдаг байх санал оруулжээ. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт тавих гишүүн гараагүй бөгөөд байнгын хороодын хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй томьёоллуудаар санал хураалт явуулан, хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар боллоо.
Бэлтгэсэн У.Наран