Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Зэвсэгт хүчин манлайлан оролцож буйг Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Тухайлбал, Батлан хамгаалах яам, харьяа байгууллагын алба хаагчид болон Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн тэрбум мод тарихад хувь нэмрээ оруулж буй. Мөн Зэвсэгт хүчний ТХЦК болон 345 бригад, 084, 150 дугаар ангиудын удирдлага, бие бүрэлдэхүүн Төв аймгийн Аргалант сумын нутагт засмал зам дагуу 2000 мод тарих ажлыг эхлүүлжээ. ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал мод тарих ажлыг нээж “Мод тарина гэдэг хүн байгаль хоёрын хоорондын зохицолд тун эерэг нөлөөтэй ажил. Байгаль эхээс шимтэй бүхнийг авдаг шигээ буцаагаад өгдөг байх хэрэгтэй. Нэг тэрбум мод тарих ажилд идэвхийлэн оролцох нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, та бидний үүрэг юм. Зүгээр л тариад орхих биш усалгаа, арчилгаанд анхаарах нь хамгийн чухал” гэдгийг онцолсон гэнэ. Тарьсан модоо арчилж, тордох, эзэнтэй болгох чиглэлд тус сумын ЗДТГ-аас анхаарч ажиллах аж.