Энэ намраас эхлэн хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжихаар бэлтгэл ажлуудыг зохион байгуулж буй талаар ХХААХҮЯ-аас мэдээллээ. Тодруулбал, бэлтгэл ажлын хүрээнд 13 аймгийн 120 гаруй тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгч болон мэргэшсэн брокерууд, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдлагууд зэрэг арилжаанд оролцогч талуудтай уулзалт зохион байгуулсан аж. Мөн өнгөрсөн бямба гаригт Хөдөө аж ахуйн биржээс Дорнод аймгийн тариалан эрхлэгчидтэй уулзаж, биржээр улаанбуудайг хэрхэн арилжих, үүний давуу болон сул тал, үр өгөөжийн талаар нэгдсэн мэдээлэл өгч, харилцан санал солилцсон гэнэ. Уулзалтад оролцсон тариаланчид биржээр улаанбуудай арилжих ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд зөвхөн дотоодод гэлтгүй экспортын чиглэлд хамтран ажиллах нь илүү үр дүнтэй болохыг онцолжээ.