“Ан агнуур сонирхогчдын групп” бүлгэм дэх “Зэрлэг гахайн мах, элэг авна” гэсэн зарын доор нэгэн залуу “Ууланд зөндөө “хэвтэж” байна гэсэн. Өвчинд нэрвэгдээд, сүрэг сүргээрээ үхэж буй бололтой” хэмээн сэтгэгдэл үлдээжээ. Бас нэг нь гахайны сэг зэмийн зураг нийтлээд, “Ингээд л үхэж байна даа. Минжийн хангайд” гэж гайхуулж буй аятай бичжээ. Нэгэнт ийм өвчин гарч, олон тооны гахай үхсэн бол эд эрхтнийг нь хүнс болон эмчилгээний зориулалтаар хэрэглэхээс татгалзах нь зүйтэй гэж сэрэмжлүүлэх хүн байхад “Хаана, аль аймагт вэ” гэж сураглах, “Мах авна шүү” хэмээн утасны дугаараа дайх иргэн түүнээс олон харагдав. Зэрлэг гахай мялзан тусаж, үй олноороо үрэгдэж буй тухай мэдээлэл сүүлийн үед цахим сүлжээнд энэ мэтээр түгэх боллоо. Эл амьтны гол тархац нутаг бүхий аймаг, сумын иргэд ч ижил зүйл ярьж буй. Ялангуяа Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгийн газар нутгийг дамнан оршдог Хан Хэнтийн нуруунд өвчний голомт буй, тэнд олон тооны зэрлэг гахай үхсэн гэж иргэд мэдээлэв. Үүнийг тодруулахаар албаныхантай холбогдлоо.
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрынхнаас тодруулахад “Энэ талаар ямар нэг мэдээлэл ирээгүй” гэсэн бол Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад “Өнгөрсөн аравдугаар сард хэдэн гахай үхсэн. Гэхдээ яг мялзангаас болсон уу гэдэг нь тодорхойгүй. Хүмүүсийн ярьж байгаа шиг хүнд нөхцөл үүсээгүй” хэмээсэн юм. Харин Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны жижүүр ондоо мэдээлэл өглөө. Тэрбээр “Хэнтийн нуруунд гахай мялзантсан юм билээ. Тухайн хамгаалалтын захиргааг хариуцдаг Б.Хашмаргад дарга бидэнд ийм мэдээлэл өгсөн. Манай газар Хэнтийн нуруутай хил залгаа учраас халдвар тархах вий гэж болгоомжлох үүднээс сэрэмжлүүлэг, зар мэдээ түгээсэн” гэж ярив. Тус газрын албан ёсны сайтад “Хэнтий, Сэлэнгэ аймагт олон тооны зэрлэг гахай үхсэн тохиолдол бүртгэгдсэн нь мялзантай холбоотой байж болзошгүй. Иймд иргэд болгоомжтой байж, сэжигтэй тохиолдол илэрвэл яаралтай мэдэгдэхийг хүсье” гэсэн мэдээллийг өнгөрсөн оны сүүлчээр нийтэлжээ.
Монголын мэргэжлийн анчдын нэгдсэн холбооны тэргүүн Д.Гэрэлээс энэ талаар асуухад дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. “Энэ мэдээлэл баттай. Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт зэрлэг гахай тодорхойгүй шалтгаанаар үхсэн тухай мэдээ, сураг хэдэнтээ дуулаад бид холбооны гишүүн Л.Давааг өнгөрсөн оны сүүлчээр тийшээ томилсон. Ингэхэд зургаан гахай ил харагдах шарх, сорви, шинж тэмдэггүйгээр үхсэн байсан. Тэр даруйд МХЕГ-ын Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Д.Батжаргалд нөхцөл байдлыг утсаар мэдээлсний дагуу тус аймгийн Мал эмнэлгийн газраас томилсон ажлын хэсгийнхэн Хэрлэнгийн эхэд очсон юм. Гэвч хэргийн учрыг тайлж, шинжилгээний сорьц авч чадалгүй буцсан. Машин техникийнх нь туулах чадвар муу учраас зорьсон газартаа хүрч чадаагүй. Өнөөх үхсэн гахайнуудыг ууланд байсан самарчид хэдийн “бужигнуулчихсан” байсан. Анчид авлачихаад орхиод явсан гэж эндүүрсэн байх. Үүний дараа манай байгууллага дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хяналтын баг томилж, Мөнгөнморьтод 14 хоног ажиллуулсан. Залуус Хэрлэнгийн цээж, Элүүрийн эх, Эмт, Бахууч, Нарстын зоо, Баянгол, Шороотын ам гэсэн чиглэлээр 100 гаруй км зам туулж, хяналт шалгалт хийхдээ 40 гаруй гахай үхсэнийг тогтоосон байдаг. Ингээд тэдгээрээс авсан сорьцоо тус сумын мал эмнэлгээр дамжуулж, аймгийн холбогдох албаныханд хүргүүлсэн. Гэвч тэр шинжилгээний хариу өнөөдрийг хүртэл гараагүй. Хариугаа нэхэж, албан бичиг хүртэл илгээлээ. 2018 онд Африкийн мялзан Монголд бүртгэгдэж, олон тооны гахай үхсэн. Мөнгөнморьтод үрэгдсэн гахайнуудын үхлийн шалтгаан ийм байж болзошгүй. Эсвэл цусан халдвар зэрэг өөр өвчин байхыг үгүйсгэхгүй” хэмээсэн юм. Мөн үүнийг гэрчлэх зураг, дүрс бичлэгийг үзүүллээ.
Амьтны эрх хамгаалах байгууллагад ажилладаг нэгэн судлаач ч үүнийг батлав. Тэрбээр “Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд л орон нутгийн иргэд гахай тодорхойгүй шалтгаанаар үхэж байгааг бидэнд мэдээлж, олон нийтийн сүлжээнд энэ тухайгаа бичиж, зураг, дүрс бичлэг хүртэл оруулсан. Халдварт өвчин яалт ч үгүй гарсан” гэв.
Зэрлэг гахайн гол тархац нутаг болох Хэнтий, Сэлэнгэ, Төв аймгийн БОАЖГ-ынхнаас энэхүү мэдээллийг лавшруулахад хоёр нь “Албан ёсны мэдээлэл ирээгүй” гэж үгүйсгэлээ. Харин Төв аймгийн БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчил “Албан бус эх сурвалжуудаас ийм мэдээлэл олон удаа ирсэн. Баттай мэдээлэл алга. Ямартай ч аймгийн Мал эмнэлгийн газарт энэ асуудлаар хандаж, “Газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцъя” гэдэг яриа хэлэлцээ хийгээд байна” гэлээ.
Энэ бүхнээс үзэхэд зэрлэг гахай үй олноор үхсэн гэдэг мэдээлэл эргэлзээгүй үнэн ч хорогдлын шалтгаан нь тодорхойгүй байгаа аж. Иргэд, мэргэжлийн судлаачид үүнийг баталж, асуудал болгон ил гаргахыг эрмэлзэж буй боловч албаныхан эсрэгээрээ нууж байна. Төв аймгийн Мөнгөнморьтод 50 орчим тооны гахай үхсэн байтал мэргэжлийн байгууллагынхан энэ талаар ганц үг ганхийлгүй өдий хүрчээ. “Шинжилгээний хариу гарч байж л тодорхой болно” гэж гүрийсээр өвлийг баржээ. Байгаль орчны асуудал эрхэлсэн төв байгууллагынхан “Амьтдын мөрийг хараад, таньж сурцгаая” хэмээн олон нийтийн сүлжээнд уриалга дэвшүүлэн, ан амьтдын зураг бүхий элдэв мэдээлэл түгээх зуурт зэрлэг гахайн сүрэг аюулд нэрвэгдээд дуусах нь.